2016/03/17

Сонгуулийн дараа?

Зургадугаар сарын 29-нд УИХ-ын сонгууль болно. Улс төрийн намууд сонгуулиас өөрийг, шоудахаас бусдыг нь бодохоо байжээ. Намуудын "амтат" амлалт, сэрчихгүй л бол сайхан "зүүд"-нүүд үргэлжилж байна. Сонгууль болтол биднийг шилний цаанаас чихэр долоолгож, чихэн дээр цэцэг зөндөө ч тарих биз.  Энэ бүгдийн дараа харин эдийн засаг яах вэ гэдэгт Ардчилсан нам ч, Ардын нам ч санаа зовниж байгаа юм алга. Сонгуульд ялж байвал эдийн засаг яах нь тэдэнд хамаагүй бололтой.

Сонгууль хэмээн том бооцоот тоглоом дууссаны дараа амьдрал дуусчихгүй.

Долларын ханш 2052 төгрөгтэй тэнцээд удаж байна. Эдийн засагчдын хэвлэлээр илэрхийлж байгаа байр суурь, мэдээллээс харахад энэ жилдээ долларын ханш буурахгүй гэсэн "мессеж" өгч буй.  Энэ нь ч үндэслэлтэй. Дэлхийн эрдэс баялгийн зах зээл дээр үнийн уналт үргэлжилж байгаа болон мөн  Монголын эрдэс баялаг, экспортын хамгийн том зах зээл болох Хятадын эдийн засгийн удаашрал манай улсын эдийн засагт сайнаар нөлөөлөхгүй нь лав. Ямар сайндаа л 2017 он хүртэл эдийн засаг сайнгүй байна гэсэн анхааруулгыг Дэлхийн банк болон манай эдийн засгийн шинжээчид хүртэл сануулах  вэ дээ?

Чухам иймээс л намууд ирээдүй хойчоо бодсон  амлалт өгөхгүй бол сонгуулийн дараа эдийн засаг маань жороо болоод дуусч магадгүй нь байна шүү. 2016 оноос эхлээд бид нийтдээ дөрвөн тэрбум ам.долларын өрөө төлж эхэлнэ. Тодруулбал, 2016 онд Монгол Улсын төр, хувийн хэвшил нийлээд 900 орчим сая, 2017 онд хоёр тэрбум, 2018 онд 1,3 тэрбум гаруй долларыг төлөх ёстой.  Үүнийг 2052 төгрөгтэй тэнцэж байгаа одоогийн долларын ханшаар бодоход л найман их наядыг гадагшаа төлнө гэсэн үг. Энэ бол эдийн засагт асар том дарамт  авчрах болно. Учир нь Монгол Улсын жилийн төсөв гэхэд долоон их наяд. Тиймээс гаднаас мөнгө босгохоос гадна гадаадын хөрөнгө оруулагчдыг татахгүйгээр зээлийн өрөө төлөхөд хэцүү.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч гадаадын хөрөнгө оруулалт бууралттай байна. Монголын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтыг татах бүхий л арга, чаргаа хэрэглэж буй ч хөрөнгө оруулагчид одоог хүртэл хүлээлтийн байдалтай байна. Тэгээд ч ганц Оюутолгой Монголыг хямралаас гаргахгүй гэдгийг "Хөгжил-Ардчилал" чуулганы үеэр эдийн засагчид хэлж байсан.

Хямрал бол зөвхөн Монголын асуудал биш, дэлхийн нийтлэг зовлон болоод байгаа нь үнэн л дээ. Гэхдээ Монголын улстөрчдийн үл ойлголцол, утга учиргүй талцал, "попууд"-ын шантааж эдийн засгийн хямрал дээр тос нэмж буй нь худлаа биш.  Эдийн засаг дахь цусны эргэлт царцаж, аж ахуйн нэгжүүдийн өнөө маргаашаа аргацаасан дүр зураг дээр улстөрчид бодлоготой тоглолт хийхгүй бол сонгуулийн дараа Монголын эдийн засаг хамгийн хүнд хямралтай нүүр тулж магадгүй нь байна шүү.  Хэдийгээр  энэ оны эдийн засгийн өсөлтийг 4 хувьтай гарахаар тооцож төсөвлөсөн ч өнгөрсөн онд гурван хувьтай гарна хэмээн таамаглаж байсан эдийн засгийн өсөлт ердөө 2.3 хувьтай гарсан. Тэгэхээр эдийн засгийн байдал, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ, долларын ханшийн өсөлт зэргээс харахад эдийн засаг дөрвөн хувьтай гарна гэж итгэхэд бас хэцүү. Монголын  хамаг валютын орлогыг хангадаг байсан зэсийн үнэ гэхэд л  өсөх хандлага ажиглагдахгүй байна. Нүүрсний үнэ бол тэртээ тэргүй "хог" болсон.

Статистикийнхан инфляци 1.2 хувьтай гарсан талаар сар болгон бахархалтайгаар мэдээлдэг. Инфляци суларч, сараас сард буурсаар байгаа нь сайн хэрэг ч нөгөө талдаа Монголын эдийн засагт худалдан авалт бараг байхгүй болж буйн илрэл. Улс  нь ч мөнгөгүй, иргэд нь ч мөнгөгүй байгаа нөхцөл цаашлаад эдийн засагт ажиглагдаж буй нэг  аюул нь дефляци нүүрлэх вий гэсэн болгоомжлол.  Орон сууц, машин, бараа бүтээгдэхүүний үнэ унасаар байгаа ч харамсалтай нь худалдан авалт алга. Хямралын аюулт нь эмзэг бүлгийнхэнд халтай, дундаж төвшнийхөнд халтай харин баячуудад хөрөнгө арвижуулах боломж болж өгдөг. Эдийн засгийн онолоор бол инфляциас илүү аюултай нь дифляци. Иймээс л улс төрийн намууд сонгуулиас өөрийг бодохгүйгээр улс төрийн тоглолт хийхээ больё оо л гэсэн үг.

Эцэст нь эртний нэгэн онигоог энд дурдъя. "Хямрал нисэж явна гэнэ ээ. Америк дээгүүр нисэнгээ "Эд овоо хөдөлмөрч юм гээч, босоод ирж байна шүү". Европ дээгүүр нисэнгээ "Ажиллаад байвал эргээд босож магадгүй болчихож". Харин хамгийн сүүлд хямрал Монголын дээгүүр нисч гэнэ. Тэгснээ дуу алдан "Энд би урьд нь ирээгүй юмсан, хэн нь ирээд ингээд сүйтгээд хаячихсан юм болоо гэж..."

Ж.НЯМСҮРЭН

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment