2016/03/29

Өр, зээлийн асуудлаар асуулга тавилаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт өр, зээлийн асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт таван зүйл бүхий асуулгыг өчигдөр тавьжээ.

Уг асуулгад "Монгол Улсын өрийн хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлтэй байдалд хүрээд байна. Монгол Улсын нийт гадаад өр 2015 оны жилийн эцсийн байдлаар 21,6 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-д эзлэх гадаад өрийн хэмжээгээр дэлхийд хоёрт жагсах боллоо. Засгийн газрын гадаад, дотоод өрийн хэмжээ хурдацтай нэмэгдэн нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 2011 оныхоос 25 дахин өсөж 932,5 тэрбум төгрөгт хүрээд байна. Иймд Монгол Улсын өрийн өнөөгийн байдал, Засгийн газар, хувийн хэвшлийн сүүлийн дөрвөн жилд авсан гадаад зээл, зээлийн үйлчилгээ, 2016-2018 онд төр, хувийн хэвшлээс төлөгдөх гадаад өрийн хэмжээ, үүнтэй холбогдон эдийн засагт үүсэх эрсдэл, үр дагавар, гарах арга замын талаар тодорхой хариу ирүүлэхийг хүссэн байна. Мөн улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөл бүхий концессын гэрээнүүдийн талаарх мэдээлэл, төсөвт ирэх ачаалал, иргэд, аж ахуйн нэгжийн арилжааны банкуудаас авсан зээлийн мэдээлэл, банкны салбарт үүсээд буй эрсдэл, шийдвэрлэх арга зам, өрийн дарамтад орох болсон шалтгаан, үр дагавар, өрийн хэмжээг бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-д танилцуулахыг шаарджээ.

Г.ДАРЬ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment