2016/03/24

Гадаад руу гарсан нөхдийг яах вэ?

Гадаад руу оргон зайлжээ гэсэн мэдээллийг хараад төрийн данснаас тоншсон, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх утга эрхгүй төрдөг болов.

Хамгийн хөгийн нь, төрийн тэргүүн байсан хүнээс эхлээд ийм үйлдлийг хийдэг.  Гүйцэтгэх засаглалыг нь тэргүүлж байсан нэгэн хүн Америкт хаустаа мод услаад зогсч буй зургийг хүртэл УИХ-ын гишүүн Г.Уянга нийтэд хүргэж байлаа. Ихээхэн хэмжээний мөнгө завшсан, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байх явцдаа гадаад руу ор сураггүй оргон зайлсан гэх нөхдийн нэрс Б.Энэбиш,  АМГ-ын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогтоор эхэлж Н.Энхтуяа, Б.Хуяг. Т.Билэгт, Б.Солонго, Т.Анез гэхчлэн үргэлжилж, тэднийг интерполоор эрэн сурвалжилж байсан. Тэднийг хэн байсан, хэний хамсаатан гэдгийг энд хэлэх нь илүүц. 

Хамгийн сүүлд гэхэд л 2013 онд "Сайншанд" аж үйлдвэрийн цогцолбор төслийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Ч.Ганбат, МТЗ" ТӨХК-ийн дэд захирал асан Пүрэвдоржийн Бат-Эрдэнийг интерполоор эрэн сурвалжиж буй. Тэднийг мөн л улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэн, шалгаж байгаа.

Харин тэдний төлөөлөл болсон Ч.Ганбатаас нь эхлээд "Бодит мэдээллийг өгөхөд би 2012 онд АНУ-ын иргэн болчихсон байсан юм" гэж гадаадаас захиа бичин даапаалдаг болжээ.

Энэ талаар өчигдөр Ерөнхийлөгч "Зарлиг дээр гарын үсэг зурдаг хүн нь би. Ганбат АНУ-ын иргэн болно гэдэг бичиг орж ирээгүй. Хуулиараа Монголын иргэн АНУ-ын иргэн давхар байж болдоггүй. Харин АНУ-ын паспортыг ашиглаад Монголыг доромжилж болно, хулгай хийгээд зугтаж болно гэж бодож байгаа бол санасны гарз. Монголын төр араас нь явах л болно" гэдгийг шулуухан хэллээ.

Ч.Ганбатын захиагаар бол тэрээр Монголын хамгийн том төслийн нэгийг удирдаж байхдаа гадаадын иргэн болсон байж таарлаа. Монгол Улсын иргэншлийг хасаагүй болохоор хууль бусаар гадаадын иргэн болсон гэсэн үг. Гэтэл төрийн жинхэнэ албан хаагч " Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албанд анх орохдоо: "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөдөг. Ч.Ганбат жинхэнэ төрийн албан хаагч байгаагүй байж болно. Гэхдээ тэр Монгол Улсын төрийн ажлыг хариуцаж байсан хүн. Дээр нэр дурдсан хүмүүсийн дийлэнх нь түүнээс ялгаагүй өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс.

 Гадаадын иргэн, харьяалалгүй хүн төрийн албанд ажиллахыг хуулиар хориглодог юмсан. Дээр нь Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрдөггүй.

Нөгөөтэйгүүр Харъяатын тухай хуульд Монгол Улсын  харьяатаас гаргахыг татгалзаж болох хэд хэдэн үндэслэл бий.

 1-т. Харьяатаас гарах тухай хүсэлт гаргасан хүн Монгол Улсын өмнө хүлээсэн буюу иргэн, байгууллагын ашиг сонирхолтой холбогдсон эд хөрөнгийн үүргээ биелүүлээгүй;

2-т. Харьяатаас гарах тухай хүсэлт гаргасан хүн гэмт хэрэг үйлдсэний улмаас сэжигтэн, яллагдагчаар татагдсан буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял эдэлж байгаа.

3-т.  харьяатаас гарах нь Монгол Улсын үндэсний болон нийгмийн аюулгүй байдалд хохирол учруулахаар бол гэсэн гурван томоохон үндэслэл бий.

Өөрөөр хэлбэл, дээрх эрэн сурвалжлагдаж буй нөхөд бүгдээрээ гэмт хэрэг үйлдсэний улмаас сэжигтэн, яллагдагчаар татагдсан улс. Тиймээс харъяаллаа солиулах ямар ч боломж байхгүй гэсэн үг.

Гэтэл тэд улсаа хохироосон хэрэгт сэжигтнээр татагдаад ирэхээрээ гараад зугтаадаг жишиг тогтоод удлаа. Хэд хэдэн паспорт ч авчихсан байдаг. Өөрийн нэрнээс гадна өөр гадаад пасторттой байдаг талаар ч чих дэлсэх болсон. Магадгүй түүнийхээ ачаар л хил гаалиар гараад явчихдаг байхыг үгүйсгэхгүй. Учир нь өнөөдрийн Монголын нөхцөлд өөр хүний паспортоор хил давсан тохиолдол, зөрчил цөөнгүй илэрч байдаг нь нууц биш.

Тиймээс л энэ асуудлыг эргэж нэг харах цаг нь болсон аж. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн "АНУ-ын паспортыг ашиглаад Монголыг доромжилж болно, хулгай хийгээд зугтаж болно гэж бодож байгаа бол санасны гарз. Монголын төр араас нь явах л болно" гэдгийг өөр олон олон Ганбатуудад сануулж л, араас явж, гэмт хэрэг хийсэн бол зохих ялыг нь үүрүүлдэг, хийгээгүй бол түүнийг нь цагаатгадаг л байх нь чухал. Жирийн иргэн дуудсан цагт нь очоогүй бол баривчлах үндэс болдог, Ерөнхийлөгч байсан хүн дуудаад байхад нь "нохой хуцсан чинээ" тоодоггүй байж болохгүй. Хууль эрх тэгш л үйлчлэх ёстой. Харин бид энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд тэднийг өмөөрч хоорондоо үзэлцэх нь хамгийн том тэнэглэл. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут цэцэглэдэг нь хорвоогийн жам шүү дээ.

Тиймээс л гадаад руу оргон зайлсан нөхдийг очиж авчирдаг, тэр зардлыг нь төрөөс гаргаад буруутай этгээдээр эргэн төлүүлдэг хууль бидэнд үгүйгээс хэн дуртай нь төрд шургалж хэргээ бүтээж, мөнгөө хүүдийлээд хэнэг ч үгүй гарч яваад байгаа юм биш үү, та минь.

Л.НАРАНТӨГС

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment