2016/03/24

Баянтүмэн сумын эмнэлэг, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа

Дорнод аймагт албан томилолтоор ажиллаж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн төрсөн сум Дорнод аймгийн Баянтүмэн суманд ажиллаж, эрүүл мэндийн төв, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав.

Аймгийн төвөөс 12 км зайтай Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төв зургаан ортойгоор жилд дунджаар 4500 орчим хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Эмийн болон эмийн бус эмчилгээг хослуулж байгаа нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээгээд байна. Үүнээс гадна өвчний эдгэрэлтэд сайнаар нөлөөлж байна гэдгийг эмнэлэгийн удирдлагууд хэллээ.

Байгуулагдаад 54 жил болж байгаа ч байгуулагдсан цагаасаа эмнэлгийн хуучин байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа хүүхдийн цэцэрлэгийг зориулалтын шинэ байртай болгох асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж тус цэцэрлэгийн эрхлэгч О.Зина Ерөнхий сайдаас хүслээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих боломж байхгүй ч концессын гэрээгээр шинэ цэцэрлэг барих асуудлыг судлан шийдвэрлэнэ гэсэн юм.

Уулзалтын дараа Ерөнхий сайд Баянтүмэн сумын нутаг Баянбулагт хаваржиж буй 4 дүгээр багийн малчин Х.Энхбаатарынд зочиллоо. Малчид 10 хувийн хүүтэй зээл авах боломжтой болсныг хэлээд малаа угаалга вакцинд бүрэн хамруулсан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг, малчин дансаа ашигладаг байхад жилийн 10 хувийн хүүтэй зээлийг Төрийн банкнаас авах боломжтойг ч хэлсэн.

2012 онд аймгийн сайн малчин болсон Х.Энхбаатар малаа 5 төрлөөр үржүүлж, энэ онд 1000 гаруй тоо толгойд хүргэжээ. Өнөөдөр анхны төлөө хүлээн авсан тэднийх энэ хавар 400 гаруй төл хүлээн авах юм байна. Тэрээр Ерөнхий сайдаас малын түүхий эдийн үнийг буулгахгүй, тогтвортой байлгах, зүүн аймгийн малчид малынхаа махыг экспортлох боломжийг бүрдүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРААС ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment