2016/03/29

Цөмийн хаягдлын талаарх хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.03.29/ Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид өргөн мэдүүлэв. 

Улсын Их Хурлаас 2009 онд Цөмийн энергийн тухай хууль болон "Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого"-ыг тус тус баталсан бөгөөд эдгээр хууль, бодлогын баримт бичигт Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах тухай асуудлыг тусгасан.

Мөн Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад чухал хүчин зүйл болох Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь, түүний дотор агаар мандал, газар, ус, газрын хэвлийг цөмийн зэвсгээс ангид байлгах зорилгоор Улсын Их Хурал 2000 онд Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийг батлан хэрэгжүүлж байна.

Түүнчлэн "Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай" Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаар тогтоолд Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протокол болон Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд тус тус нэгдэн орох талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгасан байна.

Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар дээр дурдсан олон улсын гэрээнд нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцээд холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн бөгөөд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн дэмжиж, зөвшөөрсний дагуу Засгийн газар олон улсын гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ.

Цаашид төрөөс ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх зүйн орчныг боловсронгүй болгох шаардлагатай байгаа тул Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулж байгаагаа Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм. 

Хуулийн төсөл батлагдсанаар ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг бүрмөсөн хориглох эрх зүйн үндэс бүрдэх юм байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment