2016/03/31

Ц.Элбэгдорж: Би Монголын нийгэм урагшилна гэдэгт итгэдэг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр болсон Монголын эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн хуралдааны нээлт дээр үг хэллээ.

Хэрэв том төслүүдээ хөдөлгөөд явуулсан бол улс орны төсөв ийм алдагдалтай гарахгүй байсан

Тэрээр хэлсэн үгэндээ "Жил бүхэн бид эдийн засгийн чуулгандаа цугларч тулгамдаж байгаа асуудлынхаа талаар ярилцдаг. Төр, засагтаа хандаж шүүмжлэлтэй үгүүдээ хэлдэг. Шаардлага тавьдаг. Монголчууд Ерөнхийлөгчөө хараад нүүрэн дээр нь шүүмжилж чаддаг. Ямар нэг айх, бэргэх зүйлгүйгээр санал бодлоо илэрхийлж чаддаг. Энэ бол Монголын давуу тал гэж би боддог. Ингэж байж бид хамтаараа явах чиг хандлагаа тодорхойлно. Энэ жилийн чуулганд нэг тодорхой онцлог бий. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн үе эхэлж байгаатай энэ жилийн чуулган давхцаж байгаа юм.

Одоо яг 90 хоногийн дараа УИХ-ын сонгуулийн дүн гарч байх юм. Ерөөсөө 90 хоног л үлдсэн байна. 90 хоногийн дараа Монгол Улсын улс төр, эдийн засгийн бодлого, нийгмийн амьдралын бодлогыг тодорхойлоход нөлөөтэй оролцох ямар хүмүүс, ямар хүчнийг  Монголын ард түмэн сонгосноо харж байх ийм үед болж байгаагаараа энэ чуулган онцлогтой.

Тийм учраас  энэ чуулган дээр яригдаж, хэлэгдэж байгаа үг бол улстөрчдийн, ирэх 4 жилд Монголын бодлогыг тодорхойлох гэж байгаа тэр хүмүүсийн чихэнд очиж, анхааралд орох ёстой гэж бодож байна.

Байдал өнөөдөр ямар байна вэ?

Улс орны эдийн засгийн байдал, ард иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн байдал ямар байна вэ?

Хамгийн энгийн хариултаар хүнд байна л гэж хариулж байгаа. Нэгдүгээрт, өнөөдөр иргэдийн амьдрал, ихэнх хүмүүсийн амьдрал хүнд байна. Та бүхэн харж байгаа байх. Хоногийн өл залгуулахын тулд, эм тарианыхаа мөнгийг залгуулахын тулд ахмадууд маань тэтгэврийн дэвтрээ барьцаалж хэдэн төгрөг зээлж байна. Хүүхэд нь өвдсөн эх халамжийн дэвтрээ барьцаалж мөнгө зээлээд явж байгаа. Төрсний гэрчилгээг нь тавиад мөнгө зээлж байна. Иргэдийн амьдралыг харж байхад байдал сайн байна гэж хэлэх ямар ч аргагүй байна.

Хэрэв бид нар том төслүүдээ цаг хугацаанд нь хөдөлгөөд, эргэлтэд оруулж чадсан бол иргэдийн амьдрал ингэтлээ дордохгүй байсан гэж бодож байна. Би энэ тухай 4-5 жилийн өмнө хэлж л байсан. Бид энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Энэ төслүүдээ хурдан эргэлтэд оруулах хэрэгтэй.

Улс төр хийдэг нь улс төрөө хийгээд, эдийн засаг хөгжүүлдэг нь эдийн засгаа хөгжүүлээд, бизнес хийдэг нь бизнесээ хий гэдгийг сануулж байсан. Хэрэв бид том төслүүдээ хөдөлгөөд цааш нь явуулсан бол улс орны төсөв жил бүр ийм алдагдалтай гарахгүй байсан. Та бүхэн мэдэж байгаа. Бид нар ийм мөнгө зарцуулна гэж ханаж, танасаар байгаад төсөвлөдөг. Гэтэл жил бүр, жилийн эцэс рүү нэг их наяд төгрөгийн алдагдалтай гарч байгаа. Тэгээд түүнийгээ төсвийн тодотгол гэдэг нэрээр хасч танаж хаадаг.

Нөгөө л бизнес рүү орох зээл, нөгөө л ард иргэдэд очих мөнгөнөөсөө л хасдаг. Өөр юунаас хасах вэ дээ. Энэ том төслүүд хөдлөөгүйгээс болоод асар олон мянган ажилчид, монголчууд өнөөдөр ажлын байраа алдаж байгаа шүү дээ. Орлогоо алдсан. Хэрэв хөдөлсөн бол олон мянган хүн ажилтай байх байсан. Орлоготой байх байсан. Ингэтлээ ч бас халамжийн дэвтрээ барьцаанд тавьж, мөнгө зээлэх гэж энд тэндхийн ломбардын үүд сахихгүй байсан даа л гэж би бодож байгаа. Үүнийг л би Монгол Улсад учирч байгаа хохирол гэж хэлээд байгаа юм. Үүнийг л би Монголын ард түмэнд, монгол хүнд ирж байгаа хүнд цохилт гэж хэлээд байгаа юм.

Түүхий эдийн үнэ өндөр байсан жилүүдийг ашиглаад орлого олж чадсан бол аж ахуйн нэгжүүд ингэж хүндрэхгүй байсан

Хоёрт, аж ахуйн нэгжүүдийн байдал бас тийм сайн биш байна. Өнөөдөр та бүхэн асуугаарай. Зүгээр л бизнес эрхэлж байгаа эхний хүний амнаас "Мөнгө алга" гэсэн үг гарч байгаа. Яг орлоготой аж ахуйн нэгжийн тоо гэрлийн хурдаар унаж байгаа. Одоо бүр 0 дээрээ очиж зогсож байгаа. Надад гайгүй бизнес хийдэг залуу хэлж байсан. "Одоо үнэхээр нэрээ бодоод энд тэндээс мөнгө зээлж хэдэн ажилчныхаа цалинг тавьж байна. Юун нэмж шинэ хөрөнгө оруулалт хийх. Юун нэмж бизнесээ тэлэх. Энэ тухай ярих боломж алга. Зүгээр нэрээ бодоод энэ хэдэн ажилчнаа халчихгүй, цалинг нь зээлээр тавиад явж байна" гэж байсан.

Хэрэв бид түүхий эдийн үнэ өндөр байсан тэр жилүүдийг ашиглаад экспортоо хийгээд, тэндээсээ орлого олж чадсан бол аж ахуйн нэгжүүд ингэж хүндрэхгүй байсан. Хэрэв бид түүхий эдийн үнэ, Монголд байгаа баялгийн үнэ өндөр байхад дэд бүтцээ байгуулаад, бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээж чадсан бол дахин дахин улирлын эргэлтээр ирдэг юм шиг ирдэг, ойр ойрхон болсон хямралд ингэж өртөхгүй байсан. Энэ байдлыг бид харах ёстой.

Монгол бол олдож байгаа боломжийг алдах эрхтэй, тийм тансаглалтай орон биш

Монгол бол олдож байгаа боломжийг алдах эрхтэй, тийм тансаглалтай орон биш. Монголын байршил хэцүү. Бидний сонгож авсан зам хэцүү. Бид хүний явдаг, бизнесийн хөгждөг жамаар л явж байгаа л даа. Хүний амьдардаг жамыг л сонгосон юм, уг нь. Хэцүү замыг сонгосон.

Монголд боломж олон олдоод байдаггүй юм. Монголчууд энгийн үгээр боломжийг "Аманд орсон шар тос" гэж нэрлэдэг. Та бүхний аав ээж ярьдаг л байсан байх. "Аманд орсон шар тосыг миний хүү, миний охин хэлээрээ битгий түлхээрэй" гэж. Үнэхээр өнгөрсөн жилүүдэд олдсон ганц боломж байсан. Түүхий эд, Монголоос гардаг байсан баялгийн үнэ, тэр "Аманд орсон шар тос"-ыг бид ашиглаж чадаагүй. Залгиж чадаагүй. Шороотой хутгасан. Шороотой хутгачихаад одоо тэр шороон дээр нь бүжиглэх хэрэггүй. Зарим этгээдүүд одоо энэ дээр улс төр хийх гэж бүжиглэж байгаа. Тэр ард түмний хувьцааг үхүүлснийхээ төлөө, тэр ард түмэнд ирэх байсан орлогыг алга болгосныхоо төлөө одоо үүн дээр бүжиг хийж наадах хэрэггүй.

Хэрэв бид нар, Монголын сонгогчид, залуу үе үүнд автах юм бол дахиад алдаагаа давтах болно. Дахиад ирж магадгүй цөөхөн боломжоо ийм байдлаар алдах болно гэдгийг л хэлье.

Эдийн засаг маш бодитой, хохирол нь мөнгөөр хэмжигддэг

Үнэхээр улстөрчид хариуцлагагүй байгаа. УИХ-ын нэг гишүүн мэдэгдэл хийж байсныг санаж байна. "Би том төсөл зогсоосноороо бахархдаг" гэж. Эм, тарианы мөнгөгүй болоод явж байгаа иргэд, сонгогчдоо тэр УИХ-ын гишүүн бодоогүй л юм байх даа. Иргэд, сонгогчид маань эм, тарианы мөнгөгүй болно. Аягүй бол эмийн санд ирээд "Тэтгэврийн дэвтрээ өгье. Надад миний эмийг өгөөч" гэж өвгөчүүд гуйна. Хүүхэд нь өвдсөн эмэгтэй ирээд халамжийн дэвтэр, төрсний гэрчилгээг нь бариад "Хүүхдийн минь тариаг өгөөч. Илүүчлээч" гэж гуйна. Ингэтлээ мөнгөгүй болчих юм биш биз дээ гэж бодоогүй л байх даа.

Эдийн засаг маш бодитой. Мөнгөөр хэмжигддэг. Улс төр гэдэг бол мэдэгдлээр, дүр эсгэсэн хандлагуудаар халхавчлагдаад явж болно л доо. Эдийн засгийг тийм хандлагаар халхавчлах ямар ч боломжгүй. Тийм учраас эдийн засаг бодитой. Яагаад гэвэл хохирол нь мөнгөөр хэмжигддэг. Мөнгөөр гардаг. Тэр гарч байгаа хохирлыг бодитойгоор төлдөг. Тэр нь аюултай.

Өнөөдөр энд хүндрэл, шийдлийн тухай ярьж байна. Би боддог. Энэ хүндрэлээс яаж гарах вэ? Хүндрэлд яаж орсон байна, тэр байдлаараа л бид гарна. Хүндрэлийн шалтгааныг олох ёстой. Монголчууд хэлэлцэх ёстой. Зөвхөн  шалтгааныг олох биш, бид арга замаа олох ёстой. Зөвхөн арга замаа олох биш, түүнийг ажил хэрэг болгох ёстой. Бидэнд сургамж болгох ёстой. Дахиж бид нар ингэж алдмааргүй байгаа юм.

Биднийг хүнд зам тосч байгаа, эндээс гарах ид шид байхгүй

Би хувьдаа хүндрэлээс удаан хугацаанд, зовлонтой замаар гарна л гэж бодож байгаа. Биднийг зовлонтой зам тосч байгаа. Аж ахуйн нэгж ч адилхан, эдийн засаг ч адилхан, жирийн иргэдийн амьдрал ч адилхан. Хүнд зам тосч байгаа. Эндээс гарах ид шидийн зам байхгүй. Хэрвээ дахиад ид шидийн үгэнд хууртах юм бол, ид шидийн замд хууртах юм бол, тийм амлалтад хууртах юм бол дахиад бүр том зовлонд унана. Дахиад эндээс гарах цаг хугацаа уртасна. Тэр ид шид амлаж байгаа хүмүүсийн үгэнд хууртах юм бол цаг хугацаа уртасна. Хүмүүсийн амьдралыг ийм байдалд оруулахад хүргэсэн гол хүчин зүйл болсон тэр хүмүүсийн үгэнд хууртах юм бол Эдийн засгийн чуулган дээрээ дахиад хэдэн жил энэ тухай ярих л хэрэгтэй болно. Тэгэхээр хүндрэлийн шалтгааныг зөв олж харах хэрэгтэй.  

Монголд мэдээлэл дээр ямар нэгэн хориг байхгүй. Мэдээллийг авч, түүнийг боловсруулж чадаж байгаа хүн түүнийг мэдлэг болгож чаддаг. Тийм учраас манай ард иргэд хэрсүү болж байгаа гэж би харж байгаа. Сонгогчид хэрсүү болж байгаа гэж би харж байгаа. Үүнд хууртахгүй гэж харж байгаа.

Энэ байдал руу орсон шалтгаан ойлгомжтой. Энгийн үгээр хэлье. Нэгдүгээрт, ерөөсөө монголчуудын тамын тогооны үлгэр. Нэгийнхээ амжилтад алга ташдаг байдал алга болчихоод байна. Спортод медаль авсан хүнд алга ташдаг мөртлөө гаднын Хөрөнгийн бирж дээр хүний итгэл хүлээж мөнгө босгож байгаа тэр аж ахуйн нэгжид, тэр итгэлийг авч байгаа бизнесмэнд бид алга таших ёстой. Хүнээс мөнгө зээлнэ гэдэг хамгийн том итгэл. Хүн чамд мөнгөө өгч байгаа бол тэр хамгийн том итгэл. Тэр тусмаа гаднын зах зээлээс, тэр тусмаа Монголыг янз бүрээр харж байгаа, хэлэгдэж байгаа тэр зах зээлээс хямд үнэтэй мөнгө босгоод оруулж ирж чадаж байгаа бол, бизнесээ өргөжүүлж чадаж байгаа бол энэ бол итгэл.

Бизнесийг хулгайн аргаар хийх гэсэн хүмүүс улс төрийг тийм л аргаар хийх гэж оролддог юм байна

Улс төрд оросон хүн бүхэн муу биш байх. Гэхдээ заримдаа харж байхад бизнест хүний итгэлийг алдсан улсууд улс төр рүү зүтгэх юм. Бизнест хүний итгэлийг алдаад, өөрийгөө хүндэлдэг ямар ч хөрөнгө оруулагч өөрт нь итгэхгүй болоод, бүх итгэгчдээ алдсан хүн улс төр рүү зүтгэж байгаа юм. Улс төрд тэгж орсон хүн эргээд олны итгэлийг хүлээж, олны итгэлийг дааж явна гэж байдаагүйг бид нар харж байгаа. Бизнесийг хулгайн аргаар хийх гэсэн хүмүүс улс төрийг тийм л аргаар хийх гэж оролддог юм байна.

Нэг дэх шалтгаан бол тэр тамын тогооны үлгэр. Миний санал гүйцэлдэхгүй бол, чи надад татвар төлөхгүй бол, би эндээс орлого олохгүй бол чиний бизнес явахгүй. Та нарын ажил явахгүй. Ийм л тамын тогооны үлгэр дотор л бид нар явж байна шүү дээ. Үүнд бид эргэлзэж, автаж явмааргүй байна. Би өчигдөр бодсон. Монголчуудын тамын тогооны үлгэрийг болдогсон бол ломбардад тавих юмсан гэж бодсон. Болж өгвөл зээлийн барьцаанд аваг л дээ. Тэтгэврийн дэвтрийн оронд монголчууд бие биеэ хорлодог тэр хорслыг аваачиж тавья л даа. Авах газар байна уу.

Яг үнэндээ ингэж ард түмний амьдрал доройтсон. Ийм байдалд оруулсан улсууд нь зүгээр л уснаас хуурай гарах гэж янз бүрийн арга саам зохиож байгаа.

Монголын улс төрд хариуцлагын тогтолцоо бүрдээгүй байна

Хүндрэлд орсон хоёр дахь гол шалтгаан бол Монголын улс төрд хариуцлагын тогтолцоо бүрдээгүй байна. Хариуцлагын тогтолцоо бүрдэлгүй даан ч их удлаа. Би үнэхээр нэг юманд маш их гайхдаг. Хариуцлагын тухай хууль батлах, намыг хариуцлагатай болгох, төрийн албыг хариуцлагатай болгох хууль батлахад Монгол Улс нэг ч ам.доллар гаднаас зээлэх хэрэггүй. Ямар ч мөнгө зарахгүйгээр өөрсдийнхөө байгаа байдлыг сайжруулаад цаашаа явах боломжтой, монгол хүний хийх боломжтой ажил энэ л байна шүү дээ. Хариуцлагын тухай хууль хийх гэж мөнгө зээлэх ямар ч шаардлага байхгүй. Болохгүй байгаа юмаа хуульдаа тусгаад, болохгүй үйлдэл гаргаж байгаа улстайгаа яаж хариуцлага тооцох вэ гэдгээ л оруулж өгөх ёстой шүү дээ. Монголын улс төр хариуцлагатай болохгүй бол, сонгосон, томилсон хүмүүстэйгээ хариуцлага тооцож чадахгүй бол бид энэ байдлаас гарахгүй.

Монгол мөрөөдөл гэдэг ч утгагүй болно. Хэрэв төр нь хариуцлагагүй болох юм бол ардчилсан энэ тэр гэдэг нэр ч утгагүй болно. Үүнийг л шаардаж байгаа. Энэ зөвхөн Элбэгдоржийн хэлдэг үг биш. Та нарын хамгийн гол буруу бол та нар үүнийг шаардахгүй байна. Ард иргэд шаардахгүй байна. Бүтээлч хүмүүс нь шаардахгүй байна. Зүгээр л цаг өнгөрөөгөөд л явж байна.

Улс төрд хэцүү ажил хийх гэж ордог гэж би үргэлж хэлдэг шүү дээ. Хэцүү шийдлийн өмнө зарим улстөрчдийг, янз бүрийн нэрээр өөрсдийгөө нэрлэдэг хүмүүсийг харахаар бүр ёстой адгийн амьтан болж байгаа юм. Энэ л хэцүү шийдэл байхгүй юу. Үүнийг аваад гардаг удирдагч, үүнийг авч гарахын төлөө явдаг хүмүүс, үүнийг шаарддаг ард иргэд хэрэгтэй байгаа юм.

Монголд эдийн засгийн хүндрэл нь улс төрөөс л болж байгаа

Би олон хүнтэй санал нэгдэж байгаа. Монголын зовлон гаднаас биш байна. Монголын зовлон дотроосоо байна. Эдийн засгийн хүндрэл бол Монголд эдийн засгаас ч болоод байгаа юм байхгүй. Монголд эдийн засгийн хүндрэл нь улс төрөөс л болж байгаа.

Эдийн засгийн чуулган гэдэг бол явж явж эдийн засгийн асуудал биш, улс төрийн асуудлыг түлхүү ярих болж байгаа юм. Сая миний ярьж байгааг та нар ярихгүй л байгаа юм. Бас л тойроод л байгаа юм. Үүнийг ярихгүй, үүнийг шаардахгүй бол Монголд хариуцлагатай төр тогтохгүй. Монголд хариуцлагатай тогтолцоо бий болохгүй. Үүнийг ярьдаг, шаарддаг, олонхи нь үүний төлөө явдаг байж л энэ байдал эргэж ирнэ. Ийм хоёр гол шалтгаан байна л гэж би бодож байна.

Улстөрчийн өгөх хамгйин гол шалгалт бол хариуцлагын асуудал байгаа юм

Би яриагаа сонгууль болох гэж байна. Сонгуулийн дүн гарахад 90 хоног үлдэж байна гэж эхэлсэн. Тэгэхээр дахиад 2 зүйлийг эрх баригчдаас шаардах ёстой. УИХ-д одоо маш богино хугацаа байна. УИХ өнөөдөр 3 дахь өдрөө хуралдаж чадахгүй талцаад, хэрэлдээд сууж байна. УИХ дээр цацраг идэвхт бодис тойрсон конвенциудыг нэг нь ярина гээд, нөгөө нь ярихгүй гээд сууж байна. Ийм зүйлд монголчууд болгоомжтой хандах ёстой. Би энэ хүмүүст өөрсдөд нь "Болгоомжтой ханд" гэж хэлж байсан. Харин үүнийхээ оронд Хариуцлагын тухай хуулийг л хурдан ярь. Төрийн албаны хуулийг хурдан яриач. Үүнийг эндээс шаардаасай. Цаг маш бага үлдсэн. Хариуцлагын тухай хуулиар Ерөнхийлөгчөөсөө эхлээд ИТХ-ын төлөөлөгчид хүртэл хариуцлага тооцъё гэж байгаа. Ерөнхий сайдаасаа эхлээд төрийн томилогдсон албан тушаалтанд хүртэл хариуцлага тооцъё гэж байгаа. Тэр дотор улс төрийн, ёс зүйн, эрүүгийн хариуцлага, эргүүлээд татдаг хариуцлагыг оруулъя гэж байгаа.

Улстөрчийн өгөх хамгйин гол шалгалт бол хариуцлагын асуудал байгаа юм. Улс төрийн албан тушаал дээр сууж байгаа хүн авлигын эсрэг, муу засаглалын эсрэг тэмцдэг, хариуцлагын төлөө явдаг л байх юм бол чи шалгалтаа өгч байна. Шалгалтаа давж байна гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг ярьж чаддаггүй, үүн дээр хоёр нүүр гаргадаг байх юм бол чи шалгалтандаа унаж байгаа юм. Ийм учраас шалгалтандаа унасан хүүхэд шиг гарах ёстой. Энэ бол улстөрчийг шалгадаг зүйл гэж би хардаг.

Төрийн албаны хууль байна. Сонгууль болохоос өмнө, дахиад сонгуулийн дүнгийн дараа төрийн албыг самармааргүй байна.  Төрийн албыг хариуцлагатай болгомоор байна. Төрийн албаар дамжуулж эдийн засгийг алдагийг болимоор байна. Төрийн албаар дамжуулж улстөрчид төрийн албаа бусниулдагийг болимоор байна. Үүнийг зогсоох хуулийн төсөл барьсан. Үүнийг л хэлэлц л дээ.

Хүнийг цаасан дээр бичээд, асуудлын шийдэл олоод ирэхээр олон хүн шүүмжилж чаддаг. Шүүмжлэхийг хүүхэд ч хийнэ. Муу хэлэхийг хүүхэд ч хийнэ. Та нар ч өнөөдөр хийж байгаа. Яг цаасан дээр гарчихсан юм бариад, орж ирээд, шийдвэр болгож чадаж байна уу? Би бол цаасан дээр хууль болгож бичээд, төсөл болгож өргөн барьчихаад байж байна. Тэгээд үүнийхээ тухай би ярьж байна. Намайг зарим нь ярьдаг юм. "Аа, Элбэгдорж худлаа ярьдаг юм" гэдэг. Би үнэнийг хэлдэг. Хэлсэн юмаа бүтээхийн төлөө явдаг. Хэрвээ би худлаа ярьдаг байсан бол хүмүүс "Аа, энэ Элбэгдорж үнэн ярьдаг" гэх нь.

Бид хуулийг завшуулдаггүй, хүнийг хэлмэгдүүлдэггүй хууль хяналтын тогтолцоотой болох ёстой

Энэ байдлыг бид нар ярилцаад, шахаж явуулах ёстой л гэж бодож байгаа. Бид хуулийг завшуулдаггүй, гэхдээ хүнийг хэлмэгдүүлдэггүй хууль хяналтын тогтолцоотой болох ёстой. Энэ чиглэл рүү маш том алхам хийж байгаа. Би өнөө өглөө сониноос харлаа. "Малчин хүн шүүх дээр очоод том аж ахуйн нэгжийг яллаа. Манай шүүх тийм болж байна" гээд хүн ярилцлага өгсөн байна. Бид тэр тал руу явж байгаа. Социализмын үед Эрүүгийн хууль гэж огт өөр утгатай байсан. Тэр хуулийг бүрэн өөрчлөхийг бид эрмэлзсэн. Зөрчлийн хууль гэж гарсан. Одоо тэр хуулиудаа яаж хэрэгжүүлэх вэ гэдэг хуулиа батлах ёстой. Яагаад гэвэл 9 дүгээр сарын 1-нээс шинэ хуулиуд хэрэгжих гэж байгаа. Сонгууль болно. 10 дугаар сарын 1 хүргэж байж УИХ нээгдэнэ шүү дээ. Энэ хуулийг хэлэлцэж чадахгүй.

Үнэхээр хүний эрхийн зөрчилгүй, хуулийн зөрчилгүй амьдаръя гэж байгаа бол энэ хуулийг хамгийн түрүүнд барьж авч хэлэлцэх ёстой. Эрүүгийн, зөрчлийн, иргэний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Хэрхэн ардчилсан, хүний эрхийг хүндэтгэдэг, нээлттэй, хууль завшуулдаггүй, хуулийн өмнө бүгд ижил байдаг тийм тогтолцоог бий болгох вэ гэсэн амин сүнс нь болсон хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэхгүй сууж л байна. Түүнийг барьж авч хэлэлцэх ёстой. Бид дахиад тамын тогооны үлгэр рүү унана шүү.

Дахиад нэг хэсэг хүн гарч ирээд "Энэ буруу хууль батлагдчихаж. Энэ нь ийм, тэр нь тийм" гээд дахиад ухарч алхана шүү. Тийм учраас энэ зүйлүүдийг ярих ёстой. Үүнийг ярихгүйгээр энэ УИХ завсарлах эрхгүй л гэж бодож байгаа.

Хоёрт, дахиад сонгуультай холбож хэлэхэд манай ажил хэрэгч хүмүүс, сонгогчид сонгуульд орж байгаа намуудаас маш тодорхой асуулт асуух хэрэгтэй.

Дэлхийгээр нэг сонгуулийн кампани болж байгааг би харж л байна. "Би сонгогдсоныхоо маргааш ийм зарлиг дээр гарын үсэг зурна. Манай нам парламентад олонхи болох юм бол эхний өдөр энэ хуулийг авч хэлэлцэнэ. Эхний сард энэ энэ хуулийг батална" гэж амлалт өгч байна шүү дээ. Та нар тэгж асууж байна уу. Яг эхний сард ямар хууль батлах юм. Яг үнэндээ сонгуулийн дараа эхний 100 хоногт л тухайн парламентын олонхи амласнаа хийж чаддаг. Хийхгүй бол аль аль талдаа мартагнаад л орхидог. Дэлхий дээр сонгууль явуулдаг, ардчилсан, нээлттэй гэж байгаа орнууд, ард иргэд бас хаширсан байна. Яг эхний 3 сард чи яг юу хийх юм бэ? Эхний сард ямар хууль батлах юм.

Үнэхээр намууд улс төрд нээлттэй болж чадах уу. Хариуцлага хүлээж чадах уу? Данс нь шилэн болж чадах уу? Хууль зөрчих юм бол намуудыг татан буулгадаг хуультай болж чадах уу?

Энэ асуултыг асуух ёстой. Та гишүүн болох юм бол таныг эргүүлэн татах тухай ярьж байна. Тэр хуулийг та батлах уу? Эхний сардаа батлах уу ? Гишүүн болоод дахиад нэр дэвшээд, дахиад гишүүнийхээ бүрэн эрхийг халхлаад , дахиад хууль бус хулгайгаа үргэлжлүүлээд явж байгаа хүнтэй хариуцлага тооцох хуулийг батлах уу? Аль эсвэл "газар дээрээ баригдвал" гэдэг хуулиа мөрдөж явах гэж байгаа юм уу? Хуулийн байгууллага мөрдөөд, шалгаад, энэ хүнтэй хариуцлага тооцмоор байна, асуух юм байна гээд оруулаад ирэхээр шууд өгөөд явуулдаг хуулиа батлах уу? Хэрвээ хуулийн байгууллага чамтай тийм асуудал ярих юм бол чи шууд өөрөө өргөдлөө өгөөд гарч чадах уу? Бүрэн эрхээсээ татгалзаж чадах уу? 

Үүнийг сонгогч асуух ёстой шүү дээ. Энэ байхгүй учраас Монголын улс төр муухай болоод байгаа юм. Энэ байхгүй учраас улс төр нь эдийн засгаа муухай болгоод байгаа юм.

Нэг албан тушаал авах гээд марзан жүжигтэй эвлэрч сууж байгаа ийм байдлыг би үнэхээр тэвчиж чаддаггүй

Засгийн газраа та нар байгууллаа. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажил албан тушаалыг давхар хашихгүй байж болох уу? Явж явж буулт хийгээд тал талаас нь Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайд, Гадаад хэргийн сайд нь УИХ-ын гишүүн байж болно. Бусад нь байж болохгүй гэж би хуулийн төсөл өргөн барьсан л даа. Үүнийг УИХ баталж өгөөгүй.

Яг түүгээр хязгаарлаад бусдыг нь "давхар дээл" өмсүүлэхгүй байж чадах уу, танай нам? Тэр хуулийг одоо баталж чадах уу? Засгийн газар байгуулахдаа энэ зарчмыг барьж чадах уу? Ингэхгүй болохоор Монголын төрд хариуцлага ирж чадахгүй байна. Ингэхгүй болохоор албан тушаалтнууд тэр албаараа дамжуулаад УИХ, олон түмний  төлөөллийг атгаж суугаад байна. Хариуцлага тооцож чадахгүй байна. Дээрээсээ толгой нь өтсөн учраас Монголын нийгэм бүхэлдээ хүнд байдалд орчихоод байна. Энэ асуултыг би асуух ёстой л гэж бодож байна. Тэр Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүнээ томилдог эрхтэй болгож чадах уу?

Үнэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол ганцхан энэ асуудлыг, ганцхан энэ харилцааны тухай л ярья гэж би хэлээд байгаа шүү дээ. УИХ-ын гишүүн өнөөдөр татвар нэмэх тухай, аль эсвэл Засгийн газрын оруулж ирсэн төсвийг нэмэгдүүлэх тухай санал гаргахгүй байдаг тэр хуулийг та нар батал. Тэгэх ёстой. Аж ахуйн нэгж, бизнес хийж байгаа хүмүүс дээр ирдэг дарамтыг нэмэхийн төлөө гишүүд санаачлаад гүйдгийг болиулах хэрэгтэй. Зөвхөн Засгийн газар тийм санал оруулж ирдэг байх ёстой. Тийм иргэншсэн, зөв тогтолцоо руу та нар явах ёстой.

Татварын хууль гээд орж байгаа, үнэхээр авах юм алга. Дарамт ихтэй байна. Монгол нэг шатлалтай татвар руу орвол болох юм биш үү. Засагт, эрх баригчидтай хариуцлага тооцдог асуудлыг бид олон улсын стандартын дагуу хиймээр байна. Миний бодлоор Монгол Улсын рейтинг унасан бол Засгийн газартай, түүнийг хариуцаж байгаа Сангийн сайдтай шууд хариуцлага тооцох хэрэгтэй.

Монгол Улсад авлигын индекс өссөн л бол тэр Хууль зүйн сайдтай шууд хариуцлага тооцох хэрэгтэй. Дахиад тэр рейтинг унаж байгаа бол Засгийн газрыг зайлуулах хэрэгтэй. Ерөнхий сайдыг огцруулах хэрэгтэй. Яг үүнийг хуульчлах хэрэгтэй. Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрт оруулах ёстой. Монголын Улсын өрсөлдөх чадвар ухарсан л бол түүнийг хариуцаад ажиллаж байгаа Засгийн газрын гишүүнтэй хариуцлага тооцох л ёстой. Тэртэй тэргүй дэлхий үнэлдэг хөндлөнгийн үнэлгээгээр гараад ирдэг үнэлгээ байна. Тэр үнэлгээн дээр муу авсан бол хариуцлага тооцдог байх ёстой.

Түүнээс биш нэг УИХ-ын гишүүн барьж гүйгээд төрийн төлөө "Энэ маань сайд болсонгүй" гэж хоорондоо уйлалдаад суудаг ийм марзан жүжиг бол Монголын улс төрийг аврахгүй шүү дээ. Хулгайгаас зугтах гэж байгаа улсууд. Нэг албан тушаал авах гээд ийм марзан жүжигтэй эвлэрч сууж байгаа ийм байдлыг би үнэхээр тэвчиж чаддаггүй. Би үүнийг 1990 онд ярьдаг байсан, одоо ярьж байгаа. Ийм шударга бус хариуцлагагүй юмыг халах гэж, 1989 оны 11 дүгээр сард хариуцлага гэдэг юмыг хэлж олон нийтийн цуглаан дээр орж л байсан. Одоо би түүнийгээ яриад л зогсож байна.

Тэгэхээр олонхи болоод эхнийхээ чуулганаар та нар юу хийх юм бэ? Түүнийгээ мөрийн хөтөлбөртөө тусгах хэрэгтэй. Одоо ард түмэн ийм тодорхой юм шаардах хэрэгтэй. Би нэг юманд санаа зовоод байгаа. Манай сонгууль хуучнаараа болж байна. Аль 10,20 жилийн өмнө бид үзээд өнгөрүүлсэн тэр л байдалтай явж байна . Нэг л бие биеэ муулсан улс. Одоо үүнийг больё.

Монголын улс төр хоёр юманд алддаг

Ерөөсөө Монголын улс төр хоёр юманд алддаг. Улс төрөөс мөнгө хийж болно гэж улс төрд орсон улсууд алддаг. Цаана нь улс төрөөс мөнгө авч болно гэж бодож суугаа иргэд сонгогчид алддаг. Энэ хүлээлт яг л байгаад байх шиг харагдаад байна. Яг л хуучраараа яваад байна. Юу өөрчлөгдөх гээд байгаа юм бэ?

Өнөө өглөө бороо орлоо гэж байна. Сайн цаг ирж байж магадгүй. Сайн цагийн дохио байж магадгүй. Энэ бороо эргээд цас болж магадгүй. Хүйтэрч магадгүй л байх. Тэгэхээр бид өмнө нь тулалдах хэрэгггүй. Гэхдээ л шинэ үе, шинэ цагийн дохио  байж магадгүй. Зун эрт ирэхийн дохио байж магадгүй.

Монголын эдийн засаг мөнгөөр дутаж байна

Эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа олон асуудлууд бий. Би эндээс ганцхан асуудлыг онцлоё гэж бодсон юм. Би өмнө нь олон ярьсан учраас одоо дахиж яримааргүй байна. Би мөнгөний асуудлыг онцолмоор байна. Яг үнэндээ Монголын эдийн засаг, Монголын аж ахуйн нэгж, ард иргэдийн гар дээр мөнгө байна уу? Ард иргэд, аж ахуйн нэгж, Монголын эдийн засаг мөнгөөр дутаж байна. Үнэхээр мөнгө гэдэг юм бол Монголын эдийн засагт хэрэгтэй байна.

Санхүүгийн зах зээлээ чөлөөлөхгүйгээр, санхүүгийн зөв зах зээлийг хийхгүйгээр, үүнийг бий болгохгүйгээр Монголын төр, засаг анхаарахгүйгээр энэ байдал өөрчлөгдөхгүй. Нэг жаахан мөнгө оруулж ирдэг, түүн дээрээ бүгд зодолддог. Тэгээд улс төрд байгаа, янз бүрийн юмыг зогсоож байгаа улсууд чавчаа хийх гэж оролддог. Ингээд л тэр мөнгө аманд ч үгүй хамарт үгүй. Монголчууд тэгж ярьдаг шүү дээ. Ийм л болоод байна.

Хөрөнгийн зах зээлээ хурдан ажилд оруул гэж гурван жил энэ тухай ярьсан. Өнөөдөр хөдөлж амжилтад хүрч байгаа юм алга. Монголд байгаа аж ахуйн нэгжүүд ажиллаж, амжилттай байгаа аж ахуйн нэгжүүд хувьцаа гарга л даа. Ард иргэддээ худалдаач дээ. Захирал, гэр бүлийн өмч шиг л яваад байна шүү дээ. Боль л доо. Тийм учраас чамайг шүүмжлээд байгаа юм. Чи 10,20 мянган хүнд 50 мянган хүнд хувьцаагаа өг. 50 мянган хүнтэй нийлээд тэр баялгаа бүтээ л дээ. Тэр хүмүүсээс орж ирсэн мөнгөөрөө эргүүлээд бизнесээ өргөтгө. Энэ боломжийг Монголын зах зээл дээрээс, Монголын ард түмэнтэй хамтраад хий л дээ. Тэгэх юм бол баялаг олных болно.

Энэ рүү чиглэсэн хууль, энэ рүү чиглэсэн хөрөнгийн зах зээлийг чөлөөлөх хууль дээр оръё. Тэгэх юм бол Монголын нийгэм тогтвортой болно. Монголын улс төр эдийн засагтаа, бизнесдээ нээлттэй улс болно. Тэгэхгүй бол болохгүй. Хоёр хуваагдаад, тэгээд түүн дээр нь хоёр хүн бүжиг эргэсэн, ийм байдалтай явна. Тэр бизнесийн даатгалыг бий болгох ёстой. Бизнесийн даатгал хамгийн чухал асуудал. Бизнес моргейжийг бий болгох хэрэгтэй. Ерөөсөө л Монголын зах зээл дээр санхүүгийн либеральчилал явуулах хэрэгтэй. Монголын зах зээлд мөнгө орж ирэх, мөнгөтэй байдаг тэр нөхцөлийг үзүүлсэн сайн, аятайхан нөхцөлүүдийг бий болгох хэрэгтэй. Ингэж чадах юм бол явна.

Өнөөдөр хар л даа. Та бүхэн мөнгөгүйгээс болоод манай тариаланчид хэвлэлийн бага хурал хийгээд сууж байна. Засгийн газар нь гаргаж өгөх мөнгөгүй сууж байна шүү дээ. Нөгөө том төслүүдээ хөдөлгөж чадаагүй. Нэг ажил яваагүй учраас нэг талдаа мөнгөөр дутаж байгаа. Өнөөдөр хүүхэд нь өвдсөн эхчүүд, аавууд хүүхдээ тэврээд эмнэлэгүүдэд багтахаа байлаа шүү дээ. Юун ор олдох, зүгээр зогсох шал олдохгүй байна гэж байна. Хүний хүүхэд өвдөхөд бүх зүйл утгаа алддаг. Та нар мэдэх байх. Өвчтэй хүүхдийнхээ төлөө хамаг анхаарлаа тавих хэрэгтэй болдог. Хүүхдийн эмнэлэг барих өчнөөн мөнгийг тэр том төслүүдийг унагаж зогсоосон шүү дээ. Өнөөдөр явах байсан ажлыг зогсоосон шүү дээ. Монголчуудын аманд орсон шар тосыг шороотой хутгаж байж зогсоосон. Хамгийн гол нь улс төржих яах вэ. Улстөржиж болно.

Асуудал үлдчихээд байгаа. Тийм байгаа биз дээ. Би хэллээ. Эдийн засгаас үүсэж байгаа асуудал чинь бодитой. Түүнийг бодитой мөнгөөр л төлдөг. Түүнийг бодитой мөнгөөр л эргүүлж босгодог. Түүгээрээ л их зовлонтой байдаг. Дахиж битгий хуурт, дахиж ид шидэд битгий хуурт. Тэтгэврийн өвгөчүүд тэтгэврийн дэвтрээ бариад явж байгаа тэр байдлыг харах хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд цалин тавих мөнгөгүй болчихсон байгааг харах хэрэгтэй.

Би Ерөнхий сайдад хэлдэг. Ажлаа хийсэн түмэн аж ахуйн нэгж байдаг. Засгийн газар өртэй гээд явж байдаг. Тэд нарт эхлээд өрөө дарах хэрэгтэй. Тэд мөнгөө аваад ажиллаад эхлэх юм бол цаашаа олон мянган хүн ажилтай болно. Энэ ажлууд явахгүй байна. Та нар муу юм хийсэн хүнтэй хариуцлага тооцох ажлыг хийж болно. Хуулиа ч бид гаргах хэрэгтэй. Ерөөсөө ажил хийгээгүй хүнтэй ямар хариуцлага тооцох юм бэ? Юм бүтээгээгүй хүмүүстэй ямар хариуцлага тооцох юм. Түүнийг хорлон зогсоосон ар талын хүнтэй ямар хариуцлага тооцох юм.

Би Монголын нийгэм урагшилна гэдэгт итгэдэг

Үүнийг хуулиндаа оруулж өгч, энэ тухайгаа асуудаг болж байж, ийм юмыг дэмжихгүй, ийм юманд тархиа угаалгахгүй байж л Монголын нийгэм урагшилна. Би урагшилна гэдэгт итгэдэг. Яагаад гэхээр нээлттэй нийгэм. Бид байгаа юмаа харж чаддаг. Энэ чиглэлд бид явах ёстой.

Хүүхэд уйлж төрдөг шиг бид энэ байдлаас зовж байж гарах байх. Байгаа байдлыг би хэллээ. Бид нар гоёчлоод байх шаардлагагүй. Гэхдээ бас өөдрөг юм бий. Сая Японоос ирсэн Нобелийн шагналт хүн хэлсэн байна. "Танай орон чинь хүн ам нь залуу юм байна. Тогтолцоо нээлттэй юм байна. Японы эдийн засгийн хэмжээнд танай эдийн засаг хүрэхийн тулд арав дахин өсөх боломж байгаа юм байна. Манайд хэчнээн шавхаад цаашаа явах хэцүү байна л даа. Та нарт бол хийх ажил зөндөө байна. Хүндрэл шийдэх асуудал зөндөө байгаа юм байна. Монгол урагшлах юм байна. Монгол хөгжих юм байна. Та нар чадна аа" гэж гаднын хүн хэлсэн байна. Энэ бол зүгээр энгийн нэг сайн мэдээ.

2014,2015 онд шинээр үүссэн бизнесүүдийн 90 хувь нь уул уурхайн бус салбарт үүссэн байгаа юм. Энэ муу мэдээ биш. Эдийн засгаа уул уурхайн хараат байдлаас холдуулъя гэдэг энэ чиглэл рүү явж байгаа. Гэхдээ бид уул уурхайгаа хөгжүүлж байж гарна шүү. Бид бусад бизнесээ ч дэмжиж байж гарна. Түүнээс биш энд өнөөдөр уул уурхай огт хэрэггүй гэж байгаа юм биш. Үүнээс бид хариуцлагатай болж байж гарна. Миний дараагаар уул уурхайн хариуцлагын талаар мэргэжилтэн ярих гэж байгаа. Ингэж байж бид энэ байдлаас гарна.

Монголчууд асуудлаа нээлттэй ярьж, яаж шийдэж чаддаг гэдгээ бусдад харуулах ёстой

Монголчууд асуудлаа нээлттэй ярьж, яаж шийдэж чаддаг гэдгээ бусдад харуулах ёстой. Бид энэ талаараа үлгэр жишээ байж чадах байх гэж бодож байна. Бүгдээрээ ярилцъя. Энэ чуулганд гадаадад сурч  ажиллаж байгаа олон залуучууд хүрч ирээд санал бодлоо хуваалцаад явж байна. Энэ бас Монголын баялаг шүү дээ. Хүрч ирээд асуудлыг ярьж байна. Дэлхий дээр ийм байна гээд ярьж байна.

Яг үнэндээ та бүхэн орчин тойрноо харж л байгаа байх. Эдийн засагт, энэ зах зээлд, эдийн засгийн ил тод байдалд ид шид гарч ирэхгүйгээр харагдаж байна. Манай хоёр хөршийн эдийн засаг яг байх ёстой газраа байгаа. "Биднийх 7 хувь, 6 хувь дээр байна. Олон жил ийм байна" л гэж ярьж байна. Олон жил ингэж явах нь ээ. Тэр 11-12 хувийн өсөлт дахиад 10 жил, 20 жил дотор эргэж ирнэ гэж би ерөөсөө итгэхгүй байна. Магадгүй тэр 5,6 хувь дээрээ л явах байх. Өнгөрсөн 10 жилд алдсан, таван жилд алдсан, хоёр жилийн өмнө алдсан боломж бол үнэхээр том боломж. Үнэхээр том боломжийг бид алдсан.

Урд хөршийн нэг удирдагч "Дэлхий сүүлийн 10-20 жилд манай орноос их баяжлаа. Бидэнд юмаа зарж баяжлаа. Гэтэл бидэнтэй хамгийн урт хилтэй монголчууд л үүнийг ашиглаж чадсангүй" гэж байсан. Одоо яах вэ, хүнээр амаа асуулгаж байна. Бид өөрсдөө зүтгэх л хэрэгтэй байна. Дэлхий нийт, бусад зах зээлүүдийг харахад ч тийм айхтар өндөр өсөлт, өндөр тэсрэлт харагдахгүй байна. Яг үнэндээ улс төрийн тогтолцоо, хуучин явж ирсэн тогтолцоо бүгд эргээд сэгсрэлтэд орж байна. Дэлхийн дэг журам бол шал өөр болох гэж байна.

Монгол бол гаднаас асар их хамааралтай улс

Монгол бол гаднаас асар их хамааралтай улс шүү. Манай хүмүүс нэг юмыг ерөөсөө ойлгохгүй юм. Өөрсдөө гадаадад хийсэн машин уначихаад, гадаад хийсэн гар утас барьчихаад, гадаадад хийсэн брэнд зүүчихээд гадаад хамаагүй гээд байх юм. Чи өөрөө ямар машинтай яваа юм бэ? Чи хаанахын утас бариад яваад байгаа юм бэ? Монголын амьдрал гаднаас хамаарч байгаа. Гэтэл тэр гадаад орчин чинь тийм мундаг байна гэж байх уу? Гадаад орчин биднийг хүлээгээд зогсож байдаг орчин биш. Дахиад яг бидэнтэй адилхан тулгамдсан асуудлаа нээлтэй яриад явж байгаа. Дахиад бидэнтэй өрсөлдөнө.

Тэр Япон "Монголчууд эдийн засгаа арав дахин хөгжүүлээд биднийг гүйцээд ир" гээд зогсож байх уу? Цааш нь яаж эдийн засгаа нээх вэ? Боломжоо ашиглах уу? Яаж урагшлах вэ? гээд өөр юм яриад, тэр өсөлтөө хангах тухай яриад л явна. Бид энэ өрсөлдөөн дунд л явна. Бид энэ зовлон дундуур явна. Тэгэхдээ бид үнэн замаар явж байгаа гэж бодож байна.

Амжилт хүсье, их баярлалаа.




Эх сурвалж: http://president.mn

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment