2016/03/21

УИХ-ын дарга Завхан аймгийн Улиастай сумын иргэдтэй уулзалт хийв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр /2016.03.21/ Завхан аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулган 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын хороо 131 удаа хуралдав. Бүгд 426 хууль 64 тогтоол баталсан, бие даасан хууль 29, нэмэлт, 355 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. 

Танилцуулгын эхэнд, Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл өгөв. Эрүүгийн хуулийг шинэчлэх шаардлага нь Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар дэлхий нийтийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг нутагшуулах, хорих ял оногдуулах, түүнийг биечлэн эдлүүлэх нь нэмэгдэж, шоронгоос суллагдсан хүмүүс дахин гэмт хэрэг үйлдэх нь ихэсч нийгэмд аюул учруулж байгаа, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууд тохирсон ял оногдуулах боломж бага, гэмт хэргийн ангилал, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хатуу хязгаарын хүрээнд ял оногдуулдаг, нийгмийн харилцаанд гарч байгаа шинэ төрлийн гэмт хэргийг хуульчлах шаардлага тус тус гарсан байна. Мөн Хамтын тэтгэврийн тухай хуулийн талаар танилцуулж, мэдээлэл хийлээ.    

Шинээр батлагдсан хуулиудыг "Төрийн мэдээлэл" эмхэтгэлээс уншиж, танилцах боломжтой. Монгол Улс даяар үнэ төлбөргүй тараагдаж байгаа учраас Та бүхэн Засаг даргын Тамгын газрын иргэний танхим болон номын сангуудаар гар утас, компьютер дээрээ цахим хэлбэрээр үнэ төлбөргүй татаж авч болно гэдгийг Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа үеэр дурдсан. 

Мөн тэрээр эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байсан ба энэ төрлийн бүтээгдэхүүн өндөр байсан үед бид тун хангалуун байсан. Харин сүүлийн гурван жилд зэс, алт, төмрийн хүдэр, нүүрс зэрэг гол нэр төрлийн экспортын түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр огцом унасан. Хэрвээ манай эдийн засаг уул уурхайгаас 90 биш 50 хувь хамааралтай байсан бол түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийн савалгаа манай эдийн засгийн тэн хагаст нөлөөлөх байлаа. Харин 100 хувь хамааралтай байсан учраас эдийн засаг хүндэрсэн. 2011-2012 онуудад эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн. Гэхдээ энэ нь тухайн үеийн Засгийн газрын ач гавьяа байгаагүй, ердөө нэг компани аж ахуйн үйл ажиллагаагаа явуулах гэж ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсний үр дүн байсан юм. Оюу толгойн хөрөнгө оруулалт нь эдийн засаг дахь зохиомол өсөлтийг бий болгон 17 хувьд хүргэсэн. Гадаад үнийн өсөлт, гэнэтийн нэг удаагийн хөрөнгө оруулалтын нөлөөг хараад бид өөрсдийгөө их ажил хийсэн юм шиг буруу ойлголтоор хөөрцөглөж, төсвөө хэтэрхий тэлсэн. Харин уул уурхайн бус хөрөнгө оруулалт харьцангуй тогтвортой байна. Уул уурхай салбар савалгаатай байдгийг, үүнээс их хамааралтай байвал улсын эдийн засгийг хэрхэн хүндэрдэг болохыг бид сургамж болгон мэдэж авлаа. Тиймээс уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйн салбараа эдийн засгийн тулгуур болгон хөгжүүлэх уриалгыг дэвшүүлж байгаа гэлээ. 

Мөн тэрээр төгрөгийн ханшийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, танилцуулсан юм. 2012 онд төгрөгийн ам.доллартай харьцуулсан ханш 1340 байсан бол 2016 оны 03 дугаар сарын байдлаар 1 ам.доллар 2035 төгрөгтэй тэнцэж байна. Энэ өөрчлөлт нь импортын худалдаа эрхэлдэг бизнес болон импортын хэрэглээтэй нэг хэсэг хүмүүст хүндхэн туссан. Харин үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд нөлөө үзүүлээгүй. Импортын хэрэглээ танагдахын зэрэгцээ дотоодын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, энэ хэрээр үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа өргөжиж байна. Олон үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулан, шинэ техник, технологи нэвтрүүлж, олон улсын стандарт хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа дүр зургийг харж болно. Үүн дээр Засгийн газар "Чингис", "Самурай" бондын хөрөнгийн гуравны нэгийг үндэсний үйлдвэрүүдээ дэмжин, жилийн 6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Олон үйлдвэрийн үйл ажиллагаа сэргэж, монголчууд бүтээж, үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд үүний нөгөө талд олон мянган монгол хүн ажлын байртай, орлогтой болж байгаа. Үйлдвэржилтийг дэмжихээр олгосон зээлүүд эргэн төлөгдсөөр байна. Мөн уг бондын хөрөнгөөс дэд бүтэц, эрчим хүчний салбар, автозамын томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн. Замыг улсын төсвөөс барьдаг бөгөөд 1921-2012 онд 91 жилийн хугацаанд 2.964 км зам барьсан бол 2013-2015 онд 2.720 км зам барьсан байна. 2016 онд 1.284.05 км зам барихаар төлөвлөж байгаа бөгөөд "Чингис", "Самурай" бондын хөрөнгийн гуравны нэгийг автозамын бүтээн байгуулалтад зарцуулсан.

Мөн эрчим хүчний бүтээн байгуулалтад бондын хөрөнгийн гуравны нэгийг зарцуулсан юм. Энэ нь монгол хүн бүрт хамааралтай нийгмийн шинжтэй бүтээн байгуулалт учраас төр хийх үүрэгтэй. Өнгөрсөн онд эрчим хүчний салбар анх удаа алдагдалгүй ажилласан юм. Таван толгой, Эгийн голын станц ашиглалтад орсноор эрчим хүчний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах боломж бүрдэх талаар Улсын Их Хурлын дарга танилцуулсан юм. 

Мөн бондын хөрөнгөөс зээл авч, үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний үйлдвэрүүдээ бодлогоор дэмжих үүднээс Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан болохыг иргэдэд танилцууллаа. Бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортолдог үндэсний үйлдвэрт зээлийн хөнгөлөлт үзүүлнэ. Дэвшилтэт, өндөр технологи бүхий экспортод чиглэсэн судалгаа, хөгжлийн зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг тухайн үйлдвэрт буцааж олгоно. Экспортын үйлдвэрлэлийг төрөл бүрийн арга хэрэгсэлээр дэмжинэ. Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой барааны тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглосон. Xүнсний бүтээгдэхүүн, ноос, ноолууран болон оёмол бүтээгдэхүүн зэрэг 370 нэр төрлийн барааны гаалийн албан татварыг 5%-иас 20% хүртэл нэмэгдүүлэх эрхийг Засгийн газарт олгосон. Түүхий болон өртөг бага шингэсэн бүтээгдэхүүнийг гадагш гаргах урсгалыг хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэгчид, иргэдээ дэмжих нөхцөл бүрдэж байна. Мөн валютын ханшийн өөрчлөлт үйлдвэрлэлийг дэмжихэд чухал нөлөөтэй. Валютын ханш өндөр байх хэрээр импортын худалдаа буурч, дотоодын үйлдвэрлэл сэргэдэг. Харин ханш буурах тусам импортын худалдаа нэмэгдэж, үүний нөгөө талд монголын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хумигдаж, монгол ажилчид ажлаасаа халагдах үр дагавартай. 100 хувь дотоодын түүхий эдээр, монгол ажилчдын хөдөлмөрөөр бүтэж байгаа үйлдвэрлэлд шууд нөлөөтэй валютын ханшийн өөрчлөлтөд төр оролцдоггүй. Зах зээлийнхээ жамаар өөрчлөгддөг, харин төр хэзээд үйлдвэрлэгчид, монгол ажилчдынхаа талд байх болно хэмээн Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа үеэр онцоллоо. 

Мөн тэрээр дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзэж, сонирхох дуртайгаа хэлээд "Орон нутгийн томилолтын үеэр Өмнөговь, Говь-Алтай аймагт үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнг сонирхсон. Уул уурхайн үйл ажиллагаа зогссон ч иргэд орлогын өөр эх үүсвэр хайж гар урлал, үйлдвэрлэл эрхэлж байна. Үндэсний үйлдвэрлэгчдийн хөдөлгөөн эхэлсэн, харин төр бодлогоор дэмжиж, иргэд дотоодын бүтээгдэхүүнээ худалдан авах байдлаар дэмжих хэрэгтэй. Тэгвэл 10 жилийн дараа дэвшилттэй байх болно. Удахгүй Япон Улс руу Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн татваргүй орох гэж байна. Нэгэнт өндөр стандарт, шаардлагатай Япон Улсын зах зээлд гаргаж чадвал бусад орнуудад гаргах бололцоотой гэсэн үг" гэлээ. 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга цэргийн албан хаагчдыг Шинэ төмөр зам бүтээн байгуулалтад оролцуулах, цаашид мэргэжилтэй, хариуцлагатай боловсон хүчин бэлтгэх "Монгол цэрэг бүтээн байгуулалт" хөтөлбөрийн талаар завханчуудад дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. 

Монгол Улсын хэмжээнд орон сууцны бүтээн байгуулалт сүүлийн гурван жилд эрчимжсэн. Жилд дунджаар 1.322.000 м2 орон сууц ашиглалтад орж байна. Барилгын материал үйлдвэрлэл сэргэж, барилгын компаниудын орлого нэмэгдэн олон мянган монгол залууст ажлын байр олгон, цалин өгч буй энэхүү бүтээн байгуулалтын үндэс нь бага хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгож эхэлсэнтэй холбоотой болохыг Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа үеэр тайлбарлалаа. "Аймаг бүрт 1000 айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд олон орон сууц ашиглалтад орсон, Завхан аймагт 161 байна. Энэ бол дэд бүтэцтэй шууд холбоотой. Цаашид Завхан аймгийг автозамтай, дэд бүтэцтэй, найдвартай цахилгаан, дулааны эх үүсвэртэй болгохын тулд Засгийн газар зээл авч, хөгжлийг түргэсгэх болно гэдгийг мөн хэлж байсан юм. 

Иргэдийн амьдралд төдийгүй улс орны эдийн засагт олон эерэг нөлөө үзүүлж буй ипотекийн зээлийн хүүг бууруулахаар Улсын Их Хурал, Засгийн газар шийдвэрлэснээр иргэдэд их хэмжээний хөнгөлөлт болж байгаа талаар ярьж, тооцоолол хийж үзүүлсэн юм. Завхан аймгийн Улиастай сумын иргэн н.Гансүх 2015 онд 45 сая төгрөгийн орон сууцыг авахдаа 30 хувийн урьдчилгаа төлж, 31.5 сая төгрөгийг 20 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлжээ. Тэрээр зээлийн эргэн төлөлтдөө сард 263.479 төгрөг төлдөг байна. Харин 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийн дагуу банкинд хандан гэрээгээ шинэчилж, зээлийн хүүгээ 5 хувь болгосон тохиолдолд сарын төлбөрийн хэмжээ 55.000 орчим төгрөгөөр бууран 207.886 төгрөг болно. Ингэснээр үлдсэн 19 жилд зээлийн хүүгийн төлбөрөөс 12.540.000 төгрөгийн хөнгөлөлт эдэлж байгаа юм байна. 

Улс орны эдийн засгийн өнөөгийн боломжоос шалтгаалан 21 аймаг, нийслэл хотын алслагдсан 3 дүүрэг болон Улаанбаатар хотын дахин төлөвлөлтөд хамрагдсан газарт баригдсан орон сууцуудын зээлийн хүүг 5 хувьд бууруулж байгаа бөгөөд 18.000 гаруй зээлдэгч хамрагдаж байгаа юм байна. 

Цаашид Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх нь чухал болохыг Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа үеэр онцолсон юм. Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбарын импорт буурч, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, ноос, ноолуур зэрэг зарим гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа тогтмол өссөн байгаа статистик мэдээлэл танилцууллаа. Мөн ургамал, малын гаралтай бараа, бүтээгдэхүүний экспорт өсч 2015 оны байдлаар 79.9 сая ам.долларт хүрсэн байна. Цаашид экспортын орлогыг нэмэгдүүлэх, ОХУ, БНХАУ, Вьетнам Улс руу махны экспорт хийх бодит боломж нээгдсэн ч малын эрүүл ахуйн асуудлаас болоод ердөө 5 аймагт л Бургастайн боомтоор мах экспортлох эрхтэй болсон. Тиймээс 56 сая малтай Монгол Улсын 200.000 өрх малаа эрүүл байлгах юм бол жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломж байна. Цаашлаад малын гаралтай олон түүхий эдийг биотехнологи, нанотехнологийн түвшинд боловсруулвал шинэ боломж нээгдсэн, энэ төрлийн эхний үйлдвэрлэл Монгол Улсад явагдаж, экспортолж байгаа талаар танилцууллаа. Тогтмол нөхөгддөг, хязгааргүй боломжтой хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэхийн тулд Засгийн газраас эхний ээлжинд "Сайн малчин" хөтөлбөр хэрэгжүүлж байгааг Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа үеэр тайлбарлан, мэдээлэл өглөө. 

Эдийн засгийн чухал тулгуур болгон хөгжүүлэх хөдөө аж ахуйн салбарын үнэт зүйл болсон малчдынхаа нийгмийн асуудалд онцгойлон анхаарч, Улсын Их Хурлаас Ниймгийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг баталсан талаар танилцуулав. Энэ хуулиар малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 1 жилийг 1 жил 2 сараар шимтгэл төлж ажилласан хугацаанд тооцох зохицуулалт хийгдэх юм. Үүний үр дүнд халуунд халж, хүйтэнд хөрч ажиллаж байгаа малчны нийгмийн баталгаа нь сайжирна хэмээн тооцсон талаар танилцуулаад, "Таван толгойд биш таван хошуу малдаа найдаж хөгжье" хэмээн танилцуулгынхаа төгсгөлд уриаллаа. 

Танилцуулгын дараа Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав үг хэлэв. Тэрээр Улсын Их Хурлын даргын орон нутгийн томилолтын үеэр Завхан аймагт ажиллахад нь багийн бүрэлдэхүүнд ажиллаж байна гээд орон нутгийн боловсролын салбарыг чанаржуулах зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгч, үр дүнг танилцууллаа. Мөн Завхан аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээс чадавхжуулах чиглэлд арга хэмжээ авч өгөөч гэсэн хүсэлтийн дагуу Засгийн газар, холбогдох байгууллагуудтай холбогдон төсөл, хөтөлбөрүүдийг судалж байгаагаа хэлсэн юм. Хэдийгээр Завхан аймаг газар нутгийн байршил, дэд бүтцээсээ шалтгаалан хөгжил хоцорсон байгаа ч Улсын Их Хурлын даргын танилцуулгад дурдагдсан хөгжлийн шинэ гарц, эдийн засгийн шинэ боломжийг ашиглах тал дээр завханчууд анхаарал хандуулах нь зүйтэй хэмээн уриаллаа. Улсын Их Хурлын дарга З.Энхболд танилцуулгынхаа дараа иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Улсын Их Хурлын дарга ипотекийн зээл, улсын төсвөөр Завхан аймагт хийгдэж буй бүтээн байгуулалт болон Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодруулсан иргэдийн асуултад хариулт өглөө. Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг иргэдийн сонирхсны дагуу Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр төрийн бодлогод малчдын санал, хүсэлтийг тусгах чиглэлээр Улсын Их Хурлын даргыг дагалдан ажиллаж байгаагаа хэлж байв. Улсын Их Хуралд мал аж ахуйн чиглэлээр Малын эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Бэлчээрийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа бөгөөд эдгээр төслийг батлахаасаа өмнө малчдын дунд өргөн хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулж, санал хүсэлтийг нь тусгах шаардлагатай хэмээн үзэж байгаа гэв.

Мөн тэрээр "энэ оны 02 дугаар сараас хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа. Төрөөс олгох мөнгөө хэзээ авах вэ" гэдэг иргэдийн асуултад хариулт өглөө. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль бол цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэхээс гадна эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн чухал асуудлуудыг зэрэг шийдэж байгаараа чухал ач холбогдолтой. 2016 онд энэ үйлчилгээний төсөв болгон 10 тэрбум төгрөгийг тусгасан нь 2000 гаруй хүүхэд Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах юм. Улиастай хотод бол 100-200 орчим хүүхдэд ногдох төсөв хуваарилагдах ёстой. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх  хүн сургалтад хамрагдсан, Засгийн газраас баталсан стандарыг хангасан байх ёстой. Бүрэн дунд боловсролтой хүн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх боломжтой бөгөөд 1 хүн 5 хүүхэд харна. Төрөөс нэг хүүхдийн хувьсах зардалд 115.000 төгрөгийг баталсан, хэрэв өнөөдөр энэ үйлчилгээг эрхэлж эхлээгүй бол 2017 онд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх бэлтгэлээ хангах хэрэгтэй. Харин үйлчилгээ явуулах эрхээ аваад, үйл ажиллагаа явуулж байгаа бол удахгүй мөнгө олгож эхэлнэ гэлээ.  

Орон нутгийн бүтээн байгуулалтын талаарх асуултуудад Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав хариулт өгч, цаашид энэ чиглэлээр хийх ажлуудын төлөвлөгөө, боломжийн талаар мэдээлэл өгсөн юм. 

Завхан аймгийн иргэдэд Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудыг танилцуулсан энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамьянтив болон албаны бусад хүмүүс байлцав.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment