2016/03/22

З.Энхболд Архангай аймгийн бүтээн байгуулалттай танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.23/ Архангай аймагт ажиллаж, тус аймгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцав. Тус аймгийн төв Эрдэнэбулган сумын газар нутгийн хэмжээ 1537.6 га, нийт 20889 хүн амтай, үүнээс эдийн засгийн идэвхтэй хүн 34.1 хувийг эзэлдэг байна. Аймгийн ДНБ 320 тэрбум төгрөг бөгөөд сүүлийн 5 жилийн дундаж өсөлт 33 хувьтай байгаа талаар аймгийн удирдлагууд Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Өнгөрсөн оны байдлаар 485 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэг хүнд ногдох ДНБ 3784 ам.долларт хүрчээ.

Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдлыг давтахгүйн тулд аймгийн дэд төвүүдийг хөгжүүлэн, улсын нийслэлд хэт төвлөрсөн хүн амын нягтралыг бууруулах, аймгийн төвийн зөв төлөвлөлтийн үндэс суурийг тавих болон газар ашиглалтыг сайжруулах нь зүйтэй хэмээн үзжээ. Энэ үндсэн дээр аймгийн төвийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан авто замын сүлжээг зөв зохион байгуулалттай болгон өргөтгөж шинэчлэх, бизнесийн орчин, ажлын байр, газар ашиглалт, газрын үнэлэмж, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын жишгийн дагуу хот төлөвлөлтийг хийж аймгийн төвийг цогцоор хөгжүүлэхээр "Гудамж" төслийг хэрэгжүүлсэн байна. Ингэхдээ Эрдэнэбулган сумын хүн амын тоотой  ойролцоо хүн амтай Финланд Улсын Пиетарсаари, Швед Улсын Христинехам, Канад Улсын Хойд Баттлефорд хотуудын төлөвлөлтийг судалжээ. Хот төлөвлөлтийн хүрээнд 50.000 оршин суугчтай, 30.000 тээврийн хэрэгсэл зорчих төлөвлөлт хийсэн байна. "Гудамж" тѳслийн хүрээнд гол ба туслах зам, уулзвар, гарц, явган зам болон шаардлагатай бүх хэвтээ болон босоо тэмдэг тэмдэглэгээг замын дагуу иж бүрэн хийж гүйцэтгэжээ. Суурин газрын төлөвлөлтийн олон блок нь газар ашиглалт сайжрах, дэд бүтцийн зардлын хэмнэлттэй бөгөөд Эрдэнэбулган сумыг төлөвлөхдөө 45 блок болгосон байна. Одоо аймгийн төвийн хатуу хучилттай 5.2 км автозам, 13.4 км явган хүний зам, гэрлэн дохио, 2,9 км дугуйн зам, 63,903 м2 ногоон байгууламжийг барьж байгуулаад байгаа аж.

Ус зайлуулах ил далд шугам цэвэр болон бохир ус, цахилгаан, холбооны шугам, дулааны сувагчлал зэрэг инженерийн шугам сүлжээг одоогийн болон ирээдүйн төлөвлөлтийн дагуу иж бүрнээр нь хийж гүйцэтгэсэн талаар Улсын Их Хурлын даргад танилцуулав. "Гудамж" төслөөс шинээр тавигдах уулзвар, авто зам дагуу нийт 6.5 га газрыг дуудлага худалдаанд оруулвал анхдагч өртөг нь 56 сая төгрөг бөгөөд албаны хүмүүсийн тооцооллоор урт хугацаанд зах зээлийн өртөг нь 4.2 тэрбум төгрөг гэж үнэлсэн байна. Эрдэнэбулган сумын нийт эдийн засгийн үр өгөөж нь урт хугацаанд 4.5 тэрбум төгрөг байна гэж тооцоолжээ. Үүнээс авто замын хэрэглэгчид жилд 265 сая төгрөг, газар ашиглалт, газрын үнэлэмж дээшилснээр урт хугацаанд 4.2 тэрбум төгрөг бөгөөд аймгийн төвийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан, авто замын сүлжээг зөв зохион байгуулалттай болгож өргөтгөн шинэчлэснээр бизнесийн орчин, ажлын байр нэмэгдэх юм байна. Түүнчлэн газар ашиглалт, газрын үнэлэмж дээшилж, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, олон улсын стандартад нийцсэн зам бий болж иргэд цэвэр, эрүүл, аюулгүй орчинд тав тухтай амьдрах ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн сум болгож хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Тус аймагт 2012-2015 онд нийт 744 орон сууц шинээр ашиглалтад орсон бөгөөд зарим орон сууцны нэгдүгээр давхрыг цэцэрлэгийн зориулалтаар төлөвлөн ашиглалтад оруулсан байна. Энэ нь оршин суугчдын талархлыг хүлээсэн, олон талын ашигтай шийдэл болсон талаар аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат танилцуулав. Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ боловсролын салбарт хамгийн их шинэчлэл, бүтээн байгуулалт хийсэн Засаг дарга болохыг энэ үеэр танилцуулав.

Эрдэнэбулган сумын 6 дугаар цэцэрлэгт Улсын Их Хурлын дарга дагалдан ажиллаж буй төлөөлөгчдийн хамтаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Тус цэцэрлэгийн 6 бүлэгт 182 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа бөгөөд эцэг, эхчүүд шинэ цэцэрлэгт хүүхдээ өгөх сонирхолтой байдаг талаар эрхлэгч Х.Аззаяа танилцуулсан юм. Аймгийн ИТХ-ын дарга энэ үеэр Архангай аймгийн бүх сум цэцэрлэгт хамрагдалтыг 100 хувь болгох зорилт дэвшүүлэн эхний ээлжийн бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа талаар мэдээлж байв.

Мөн гэр хорооллын дунд шинээр байгуулагдсан 11 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус цэцэрлэгт гэр хороололд амьдарч буй өрхүүдийн 120 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Ийнхүү цэцэрлэгүүдийг шинээр байгуулснаар Архангай аймгийн төвийн 2-5 насны хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдсан байна. Энэ нь аймгийн боловсролын чанарын хэтийн төлөвлөгөөний суурь болно хэмээн үзэж буйгаа аймгийн удирдлагууд танилцуулсан. Архангай аймгийн боловсролын асуудалд ихээхэн анхаарал хандуулан, олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд хэтдээ Монгол Улсын оюуны төв болох зорилт тавьсан байна. 

Мөн 2013 онд хоосон талбайд шав тавьж байсан газар өнөөдөр "Шинэ Цэцэрлэг" хороолол байгуулж, 120 айлын орон сууц, 320 хүүхдийн спортын төрөлжсөн сургалттай цогцолбор сургууль, 100 хүүхдийн дотуур байр, усан бассейн, 150 хүүхдийн цэцэрлэгтэй цогцолбор хорооллыг байгуулсантай Улсын Их Хурлын дарга дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар танилцсан юм. Мөн Канад технологиор 44 амины орон сууц барьж байгаа талаар аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат танилцуулсан. Эрдэнэбулган сумын хэмжээнд хог хаягдлын асуудлыг өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүрэн шийджээ. Өмнө нь 56 га газар тархсан хог хаягдал байсныг 5 га талбайд цуглуулж, ялгах, боловсруулах үйл ажиллагаа явагдаж байгаа юм байна. Түүнчлэн шинэ хорооллын орчмын гэр хорооллын айлууд төвлөрсөн дулаан, усан хангамжид холбогдсон. Мөн цэргийн анги, дулааны станц байгуулахаар ажиллаж байгаа. Бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. 

Цаашид аймгийн хэмжээнд ажил эрхлэлтийг дэмжихээр 2016 оныг үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлаад байгаа. Энэ хүрээнд аймгийн нийт сумдын хэмжээнд үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар судалгаа хийсэн бөгөөд энэ судалгаанд тулгуурлан цаашид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг аймгийн ИХТ-ын дарга Ч.Мөнхбат танилцуулж байсан юм. 

Тус аймаг аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх зорилт дэвшүүлж байгаа бөгөөд Өгий нуур, Тэрхийн цагаан нуур, Суварга хайрхан, Хоргын тогоо гэх мэт байгалийн үзэсгэлэнт газрууд жуулчдын анхаарлыг татдагаас гадна хил залгаа оршдог аймгуудийн байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхох гэсэн дотоод, гадаадын аялагч, жуулчдын дамжин өнгөрдөг төвийн бүсийн тулгуур юм. Дотоодын жуулчдын тоо жилдээ 6920 байдаг бол гадаад жуулчдын тоо 9105 байсан бөгөөд аймгийн хэмжээнд 15 жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг байна.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд дугуйн замын бүтээн байгуулалттай танилцсан юм. Аймгийн удирдлагууд иргэддээ эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор дугуй унахыг уриалж, шинэ төлөвлөлтдөө дугуйн замыг төлөвлөсөн байна. Энэ үеэр Улсын Их Хурлын даргыг аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэр аймгийн удирдлагууд дугуй унахыг урьсан юм.

Ийнхүү Улсын Их Хурлын даргыг Архангай аймгийн төвийн бүтээн байгуулалт, шинэ төлөвлөлттэй танилцах үеэр Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Я.Санжмятав болон аймгийн удирдлагууд, албаны бусад хүмүүс дагалдан ажиллав.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment