2016/03/07

УИХ-ын дарга З.Энхболд Дундговь аймгийн иргэдтэй уулзалт хийв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын орон нутгийн томилолт өнөөдөр /2016.03.07/ Дундговь аймагт үргэлжилж байна. Тэрээр Дундговь аймгийн иргэдтэй уулзалт хийж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль, тогтоолуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү Дундговь аймгийн иргэдэд, УИХ-ын даргын энэ удаагийн айлчлалын үеэр ард иргэдийн амьдралд нэн хэрэгтэй, Засгийн газраас хэрэгжүүлж буй олон арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно гэв. Мөн "Өвөлжилт чамгүй хүнд байсан ч гэсэн малчдын бэлтгэл, нөр хөдөлмөрийн үр дүнд нөхцөл байдал сайн байгаа талаар сонссон. УИХ-ын даргын уулзалтын үеэр иргэд та бүхэн тодруулахыг хүссэн зүйлээ чөлөөтэй асуугаарай" хэмээсэн. 

Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны үеэр иргэдэд хууль, тогтоолуудын талаар танилцуулахаар аймгуудад ажилладаг хэмээн Улсын Их Хурлын дарга хэлээд "Монгол Улсын Их Хурал 2015 оны намрын ээлжит чуулган 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын хороо 131 удаа хуралджээ. Энэ хугацаанд нийт 426 хууль, 64 тогтоол баталсан ба үүний 29 нь бие даасан хууль байв. 355 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Манай улс нийт 500 гаруй хуультай бөгөөд эдгээрийн 300 гаруйд нь өөрчлөлт орсон гэхээр анхаарал татаж байж болно. Танилцуулгын үеэр  энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлана. Намрын чуулганы хугацаан мөн 11 олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах тухай хуулийн баталсан" гэв. 

Эдгээрээс хүний эрх, эрх чөлөөг хамаагаалах чиглэлээр батлагдсан хуулиудыг танилцуулж, Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийг дэлгэрэнгүй танилцуулав. Монгол Улс 20 гаруй жилийн өмнө нийгмийн байгууллаа өөрчилсөн. Ямар ч нийгмийн харилцааг зохицуулж байдаг гол хууль бол Эрүүгийн хууль хэмээгээд Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар дэлхий нийтийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг нутагшуулах тэргүүтэй хэд хэдэн чухал шаардлагын үүднээс Эрүүгийн хуулийг баталжээ. 

Мөн Анхны ардчилсан сонгууль болж Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын талаар танилцууллаа. Монгол Улс хүүхэд хамгааллын асуудлаа олон улсын жишигт нийцүүлэх эрх зүйн орчинтой болж, энэ хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бүрдэнэ. Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээ мэргэжлийн болон мэргэшлийн түвшинд хүрч, хүүхэд бүрт хүртээмжтэй хүрэх болж, хүүхдийн эрх зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо бий болж, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэр нийгмийн бүх орчинд хориглогдсон байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгмийн халамжийг баталгаажуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, тэтгэврийн насны иргэдийн нийгмийн  хамгааллын  баталгаа  сайжруулж, орлого нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн Хамтын тэтгэврийн тухай хуулийн талаар танилцуулав. 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын сонгуулийн, НИТХ-ын, Аймаг,  сум,  дүүргийн  ИТХ-ын  сонгуулийн  4  хуулийг нэгтгэсэн Сонгуулийн тухай хууль нь 2  хэсэг, 19 бүлэг, 41 дэд бүлэг, 166 зүйлтэйгээр батлагдсан болохыг Улсын Их Хурлын дарга танилцууллаа. Уг хуулийн 1 дүгээр хэсэгт бүх  шатны  сонгуульд хамааралтай  нийтлэг  хэм  хэмжээний талаар тусгасан бол тусгай  анги болох 2 дугаар хэсэгт Ерөнхийлөгчийн  сонгууль,  УИХ-ын сонгууль,  Орон  нутгийн  Хурлын  сонгууль тус бүрийн тусгайлсан хэм хэмжээг нарийвчлан зохицуулсан байна. Энэ хуулийн хүрээнд өөрчлөгдсөн гол шинэчлэлтүүдийг танилцуулсан юм. Тухайлбал, сонгуулийн санхүүжилтийг бууруулахад чиглэсэн багц өөрчлөлт, хамгийн  бага  мөнгөөр  сонгуульд  нэр  дэвшин  өрсөлдөх боломжтой болсон. Сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх хугацаа, маргааны төрөл, харьяалал,  шийдвэрлэх байгууллагыг тодорхой болгож, шуурхай шийдвэрлэхээр болжээ. Сонгогчид хурууны хээгээ уншуулан цахим үнэмлэхгүйгээр саналаа өгөх боломжтой болсон байна. Мөн төрийн  албан  хаагчид  сонгуульд  нэр  дэвшин  өрсөлдөх боломжийг хөнгөвчилсөн зохилцуулалтуудыг тусгажээ. Түүнчлэн сонгуулийн санал тооллогын дараа хэсгийн хороодын 50 хүртэл хувьд техникийн тооллого хийх боломжтой болсон байна.  Орон нутгийн сонгуулийн насны хязгаар 25 нас, намын жагсаалт гэж байхгүй, олон мандаттай мажоритар  системээр явагдах юм. 

Мөн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох чиглэлээр  батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" болон хүний хөгжил санг олон улсын туршлагад нийцүүлэн хуримтлалын сан болгон өөрчилж уул уурхайн орлогыг зүй зохистой ашиглах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хуримтлалын сан бий болгох харилцааг энэ хуулиар зохицуулсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. 

Монгол Улсын эдийн засгийн зарим асуудлаар танилцуулга хийв. Улс орны эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай байсан. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн уналт нь манай экспортын орлогод сөргөөр нөлөөлсөн бөгөөд Оюу Толгойн уурхайн 2 жилийн хөрөнгө оруулалт нь эдийн засаг дахь "зохиомол" өсөлтийг бий болгосон. Гадаад үнийн өсөлт, гэнэтийн нэг удаагийн хөрөнгө оруулалтыг нөлөөг бид өөрсдийгөө их ажил хийсэн юм шиг буруу ойлголттой болсон байсан. Харин, уул уурхайн бус хөрөнгө оруулалт харьцангуй тогтвортой байсан ба дээрх хүчин зүйлээс болоод манайд орж ирэх ам.долларын урсгал 2013 оноос хойш эрс багассан юм. Ашигт малтмал, газрын тос ихтэй улс орнуудын хувьд ч гэсэн манайхтай адил гадаад валютын орлого нь буурч, мөнгөн тэмдэгтүүдийнх нь ханш огцом унасан жишээ олон байгаа талаар Улсын Их Хурлын дарга танилцуулгадаа дурдаж байв. 

Өмнөх Засгийн газар томоохон төсөл хэрэгжүүлэгч гаднын компаниудаас 600 сая гаруй ам.долларыг хүүтэй зээлж аваад бэлнээр тараасан. Ямар ч бодит үр ашиггүй тараагдсан тэр их хэмжээний өрийг одоо Засгийн газар барагдуулсаар 400 саяыг нь барагдуулаад байгааг танилцуулгадаа онцлоод бондын талаар тайлбар мэдээлэл хийж, 2012 онд олон улсын зах зээл дээр 1.5 тэрбум ам.доллар, 30 тэрбум иений Чингис, Самурай бондын зарцуулалт, үр ашгийн тайланг Дундговь аймгийн иргэдэд танилцуулав. 

Мөн сүүлийн жилүүдэд Засгийн газраас хэрэгжүүлсэн автозам, орон сууцны бүтээн байгуулалтын талаар танилцуулсан юм. 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн 8 хувийн хүүтэй ипотектийн зээлийг олгож эхэлсний үр дүнд өнөөдөр 76000 өрх шинээр орон сууцанд орж, жилд дунджаар 1322000 м2 орон сууц ашиглалтад оржээ. Улаанбаатар хот төдийгүй 21 аймагт орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлснээр олон мянган монгол иргэн ажлын байртай болж, барилгын материалын үйлдвэрлэл хөгжин, үүнийг дагалдан тодорхой чиглэлийн жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж байгаа талаар Улсын Их Хурлын дарга танилцуулгадаа тэмдэглэн хэлж байв. 

Мөн Улаанбаатар хот болон суурин газруудад тулгамдаад буй утааны асуудлыг шийдвэрлэх, ипотекийн зээлд хамрагдах шалгуур болдог тул нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нэмэгдэж, шударга, ил тод болсон, иргэдийн хуримтлалтай болгосон зэрэл олон талын ач холбогдолтой учир бага хүүтэй ипотекийн зээл олголтыг төр засгаас дэмжих нь ихээхэн чухал болохыг тэрээр тэмдэглэн хэлсэн юм. Монгол Улсын инфляцийн түвшин буурсантай уялдуулан орон сууцны ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгон бууруулахаар Засгийн газар шийдвэрлэсэн болохыг иргэдэд танилцуулав.

Түүнчлэн манай улсын эдийн засгийн тулгуур болох мал аж ахуйн салбараа дэмжих үүднээс малчиддаа дэмжлэг үзүүлэн малчны зээлийн хүүг бууруулсан талаар дуулгав. Засгийн газрын 2016 оны 2 сарын 4-ний өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Малчин өрхөд хөрөнгө худалдан авах өрхийн хэрэглээнд зориулан зээлийн хүүг 40 хувиар бууруулжээ. Сарын 2.5 хүүгээс 1.5 хүү хүртэл, жилийн 29.5 хүүг 18 болтол бууруулсан. Ингэснээр нийт 17557 зээлийг cарын 1.5 хувийн хүүтэй болгожээ. Мөн Монгол Улсад мах экспортлох зах зээл байгаа атлаа эрүүл ахуйн шаардлагыг хангаж чадаагүй улмаас мах, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах боломжгүй байгаа талаар онцлон, дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Цаашид малчид Засгийн газраас хэрэгжүүлж буй дунд хугацааны "Сайн малчин" хөтөлбөрийн шалгуурыг хангаснаар Төрийн банкнаас сарын 0.8 хувийн хүүтэйгээр малчны зээл авах боломжтой болсон. Ипотек хүний анхдагч хэрэгцээг хангах ач холбогдолтой, уул уурхайг орлох Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг болох хувиар мал аж ахуйн салбарт дэмжлэг болно хэмээн үзэж ипотекийн зээл, малчны зээлийн хүүг бууруулахад төр засгаас онцгой анхаарч байгаа талаар Улсын Их Хурлын дарга хэлж байв. 

Цаашид байгалийн баялаг, ашигт малтмалд тулгуурласан үйлдвэржилтийг хөгжүүлэхэд анхаарч, ойрын хугацаанд эхний шатны боловсруулалт хийж экспортлох боломж өргөн байгаа талаар илтгэлийнхээ төгсгөлд тэмдэглэн хэлсэн юм. 

УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан хууль, тогтоолын талаар танилцуулга хийсний дараа Мандалговь сумын иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Б.Наранхүү хэлэхдээ, Төсөв хамгийн их нэмэгдсэн аймгийн нэг бол Дундговь аймаг юм. Дундговь аймаг нэг хүнд ноогдох малаараа улсад тэргүүлж байгаа. Улаанбаатараас Дунговь аймаг руу явах засмал замын ажил бүрэн хийгдсэн бөгөөд цаашид дэд бүтцийн ажилд онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна гэлээ. Мөн 2015 онд шинэчлэн батлагдсан Хамтын тэтгэврийн тухай хууль нь гэр бүлийн хамтын амьдрал, өндөр настануудыг дэмжсэн төрийн зөв бодлого болохыг хэлээд Ипотекийн зээлийн хүүг 5 хувь хүртэл бууруулсан нь хөдөө орон нутгийн иргэдийг дэмжсэн чухал бодлого онцлон тэмдэглэв. 

Мандалговь сумын иргэд Сонгуулийн хуулийн тухай,  МХЕГ-ын үйл ажиллагаа, сумын төвийн шинэчлэлд хамрагдсан 100 сумын тухай, уул уурхай болон хөдөө аж ахуйд суурилсан эдийн засгийн хөгжил, хууль бус алт олборлолт, ипотекийн зээлийн тухай болон бусад УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар асуулт асуув.

УИХ-ын дарга З.Энхболд улс төрийн намын тухай асуудлууд бус зөвхөн Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудаар Мандалговь сумын иргэдэд хариулт өглөө. Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджав нар байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment