2016/03/16

Дотоод нөөц боломжоо ашиглаж, төсөв хэмнэхийг даалгав

Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 19 дахь удаагийн хуралдаан өчигдөр /2016.03.16/ Төрийн ордонд болж, Ази Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын бэлтгэл ажлын явц, АСЕМ-ын түнш орнуудаас үзүүлэх буцалтгүй тусламж, Дээд түвшний уулзалтын үеэр ажиллах "Хэвлэлийн төв"-ийн төсөв зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Үндэсний зөвлөлийн дарга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд АСЕМ-ын түнш орнуудаас буцалтгүй тусламжаар нийлүүлэх зарим тоног төхөөрөмж, зочид буудлын тавилга хэрэгслийн жагсаалттай танилцлаа. Тавилга хэрэгслийг АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг байрлуулах түнш зочид буудлуудад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх нь зүйтэй гэв.

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг гадаадын 1000 гаруй сэтгүүлч ирж сурвалжлах төлөвтэй байгаа бөгөөд  сэтгүүлчдэд зориулсан "Хэвлэлийн төв"-д шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдийн төсвийг АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанаас танилцуулсан бөгөөд аль болох дотоод нөөц бололцоогоо ашиглан, зардал төсвөө хэмнэхийг Үндэсний зөвлөлөөс үүрэг болгов.

Ирэх 4 дүгээр сарын 21-23-нд Улаанбаатарт болох  Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан бөгөөд уг арга хэмжээнд оролцох дотоодын төлөөлөгчдийн тоог даруй эцэслэхээр боллоо. Мөн Дээд түвшний уулзалтын үеэр болох хүндэтгэлийн хүлээн авалт, бэсрэг наадмын хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа.

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment