2016/03/17

“Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент” сэдэвт олон улсын семинарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент" сэдэвт олон улсын семинарын төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтад Зүүн Тимор Улсын Газрын тосны сайд Алфредо Мануэл да Крюз Валерио Пайрес, Бүгд Найрамдах Киргиз Улсын Геологи, ашигт малтмалын газрын дарга Душенбек Текшербекович Зилалиев, Норвегийн Осло төвийн төслийн захирал Рэкстин Клаис, ахлах зөвлөх Стиинснэс Эйнэр нарын зэрэг хүмүүс оролцов.  

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд ардчилсан, нээлттэй, авлигын индекс нь тасралтгүй буурч байгаа, байгалийн баялаг арвинтай, түүнийгээ зохистой ашиглахыг эрмэлздэг Монгол Улсад байгалийн баялгийг зүй зохистой ашиглах талаар олон улсын семинар зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ. Монгол Улс нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдыг эрх зүйн орчноор хангахын төлөө ажиллаж байгаа, хуулийн засаглалыг бэхжүүлэх чиглэлд анхаардаг орон гэдгийг мөн тэмдэглэж байв.

Уулзалтын үеэр Норвегийн Осло төвийн төслийн захирал Рэкстин Клаис байгалийн баялгийг зохистой ашиглахад авлигаас ангид байх ёстой. Байгалийн баялгийн ашиглалтад төрийн хяналт чухал гэдгийг онцоллоо. Киргизийн Геологи, ашигт малтмалын газрын дарга Душенбек Зилалиев Улаанбаатарт анх удаа ирж сэтгэгдэл өндөр байгаагаа дурдаад олон улсын семинарын үеэр уул уурхайн салбарын хөгжил, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах асуудалд тулгарч буй сорилтуудын талаар илтгэлүүд сонссон нь ач холбогдолтой болсон тухай ярилаа.

Семинарт оролцогчид байнга уулзаж уул уурхайн салбарын зохистой хөгжлийн талаар туршлагаасаа хуваалцаж байхаар тохиролцсоныг тэрээр бас хэллээ.

Дараагийн семинарыг Мьянмарт хийхээр тохиролцжээ.

Энэхүү  "Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент" сэдэвт олон улсын семинарыг  Монгол Улсын Гадаад хэргийн яам, Норвегийн Осло төвтэй хамтран энэ 3 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан байна.

Уг семинарт Монгол Улс, Киргиз, ЗүүнТимор, Норвегийн уул уурхайн салбарын өндөр албаны төлөөлөгчид оролцож, уул уурхайн салбарын хөгжил болон ашигт малтмалын салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрүүдийн талаар санал солилцож туршлага хуваалцжээ.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment