2016/03/29

Ээлжит бус чуулган хуралдах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 29-нд товолсон. Гэвч гишүүдийн ирц бүрдсэнгүй. МАН-ын гишүүд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг дэмжихгүй гэдгийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн page хуудсаар дамжуулан илэрхийлсэн. Тэгвэл бусад нам, эвслийн гишүүд ямар байр суурьтай байгааг тодрууллаа. 


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Ээлжит бус чуулган гэв гэнэт зарлагдсан. Бүлэг ээлжит бус чуулганы нээлтийн өглөө  цуглаж,  байр сууриа нэгтгэхээр байсан ч  таван гишүүн л ирсэн байна. Бусад нь орон нутаг болон гадаадад томилолтоор ажиллаж байна. Бүлгийн байр сууриа нэгтгэж чадаагүй учраас бидний таван гишүүн хуралдаанд оролцоогүй. Ер нь бол гэнэт цочсон юм шиг УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, дураараа загнадгаа болих хэрэгтэй. Хувь хүнийхээ хувьд ч тэр, МАН-ын бүлгийн таван гишүүн ч ярилцсан, судалж үзэх шаардлагатай гэж үзэж байгаа. Олон Улсын конвенцид нэгдэн орох асуудлыг хурдан хуумгай шийдчихэж болохгүй. Энэ конвенциудад нэгдэн орсноор дараа нь үүсэх эрсдэл, үр дагавар юу байх, ашигтай бол ямар хувилбар  байна гэдгийг нь мэргэжлийн хүрээнд судлах хэрэгтэй. Өгсөн материалуудтай нь товчхон танилцахад  манайх  цөмийн хаягдлыг булшлуулахгүй байхаар нэг талаасаа ойлгогдож байгаа. Гэтэл нөгөө талаасаа манайх өөрсдөө цөмийн бүтээгдэхүүн экспортод гаргах юм бол буцаагаад эх орондоо булшилж болох нөхцөл үүсэхээр ойлгогдож байна. Гэхдээ энэ миний ярьж байгаа  зүйл бол шууд тийм юм байна гэж хэлж байгаа ойлголт биш. Ер нь хувь хүний хувьд ийм болгоомжлол байгаа учраас  ээлжит  бус чуулганд оролцохгүй гэсэн байр суурьтай байгаа.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Гарамгайбаатар:

-Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргыг МАН-ын гишүүн Ж.Энхбаяр  хийж байх үедээ ээлжит бус чуулганаар хэлэлцэх гээд буй энэ конвенциудад нэгдэн орох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх чиглэл засгийн газарт өгсөн байдаг. Уг тогтоолын дагуу Засгийн газраас Олон Улсын конвенцид нэгдэх асуудлыг соёрхон батлуулахаар УИХ-аар оруулж ирчихээд байна. Гэтэл одоо МАН-ынхан чуулгандаа ирэхгүй, ирц бүрдэхгүй байна. Бид үүнийг  хэлэлцээд аливаа түлш болон цацраг идэвхт хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж ирэхийг хориглох тухай хуулийн төслийг давхар батлахаар боллоо. Түүнээс биш конвенцийг  засгийн газраас эргүүлэн татахгүй. Хуулийн төслийг яаралтай дэгээр өргөн барьж, бид эдгээр  конвенциудтай хамт хуулиа батлахаар ярилцсан. Тэгэхээр МАН-ынхан  ээлжит бус чуулганы ирцийг бүрдүүлэхгүй бол Монголд цөмийн хаягдал булшлахыг дэмжиж байна гэж бид ойлгох болно.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Эрх баригчид цөмийн хаягдлыг улсдаа булшлахгүй, тээвэрлэхгүй  байх хардлага сэрдлэгийг арилгах гэж байна хэмээн улайм цайм худлаа мэдээлэл тарааж байна. Ээлжит бус чуулганаар дөрвөн конвенцид нэгдэх асуудал оруулж ирсэн. Үүнээс нэг конвенци нь огт хэлэлцэж болохгүй аюултай асуудал байгаа. Тэр нь "Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай" 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл. Энэ хуулийн  төсөл нь цөмийн хаягдал булшлах эрхзүйн орчинг Монголд шууд бүрдүүлэх гэж байна. Засгийн газраас оруулж ирсэн албан ёсны танилцуулга дээр нь "Энэ хуулийн төсөл батлагдсанаар цацраг идэвхт хаягдлын үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ" гэж заасан байгаа. Дараагийн заалт нь "Байгалд суллах, хадгалах, хил дамжуулах бүхий л харилцааг зохицуулна" гэж заасан байгаа. "Үүссэн цацраг идэвхит хаягдлыг өөрсдөө булшлахаас гадна төсөл хамтарч хэрэгжүүлж байгаа бусад орны  цөмийн хаягдлуудыг Монгол оронд булшилна" гэсэн  зүйл заалтууд орсон байгаа.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Ямар зайлшгүй шалтгааны улмаас ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх болов гэсэн асуудлаар би чуулганы нээлтийн үеэр тодруулга авахаар төлөвлөсөн байсан. Конвециудыг уншихаар хаягдлаа өөрсийнхөө нутаг дэвсгэрт булшлах ёстой гэсэн утга явж байна. Би өөрөө энэ салбарын хүн биш, буруу ярьж байж магадгүй. Гэхдээ яг энэ үзэл санаа Үндсэн хуулинд нийцэж байна уу, булшлуулахгүй байх асуудал дотоодын хууль тогтоомжид тов тодорхой суусан юм уу гэдэг нь бүрхэг байгаа юм. Үнэхээр аюулгүй юм бол өмнө нь яагаад нэгдчихэж болоогүй юм гэх өнцөг ч байгаа. Ер нь гишүүдтэй ярицахад  ээлжит бус чуулганаар хэлэлцэх зайлшгүй асуудал мөн үү гэдэгт бүгд эргэлзэж байна. Монголд өөр өчнөөн тулгамдсан асуудал байна. Өрхүүдийг яаж орлогожуулах уу, тэтгэврийн доод хэмжээг хэрхэн индексжүүлэх үү гэхчлэн.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-УИХ-ын дарга, АН-ы дарга З.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж цөмийн хаягдлын тухай асуудлыг хэлэлцүүлнэ гэжээ. Удахгүй УИХ-ын ээлжит чуулган эхлэх гэж байхад учир зүггүй яарч цөмийн хаягдлын асуудал хэлэлцэх гээд байгаад хамаг асуудал байна гэж үзээд Манай бүлгийн гишүүд энэ чуулганы ирцийг нь бүрдүүлэхгүйн тулд хуралд оролцохгүйгээр шийдсэн. Урьд өмнөх шигээ МАНай бүлгийг хурлын ирц бүрдүүлж өгсөнгүй, улсын хөгжилд саад боллоо гээд л улиг болсон үгээ хэлэх байх.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:

-Миний хувьд энэ асуудлыг нухацтай судалж үзэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа. Судлахгүйгээр шууд ханарч болохгүй.  Би хог хаягдлын тухай хуулийн төсөл өргөн барьчихсан байгаа. Бид нар өнөөг хүртэл цөмийн хог хаягдал байтугай өдөр тутмын хэрэглээнээсээ гарч буй батерейгаа хэрхэн зөв хаяхаа мэдэхгүй явж байна. Одоогоор гэр орноос болон ажлын байрнаас гарч буй аюултай хог хаягдал ямар ч зохицуулалтгүй. Цаашлаад аюултай хог хаягдлыг яаж байршуулах, хэн булшлах зэрэг нь асуудал нь тодорхойгүй, мэргэшлийн лиценз зөвшөөрөлтэй нэг ч компани манайд байхгүй. Энэ бүхэн манай хог хаягдлын асуудал үнэхээр түүхий байна гэдгийг л харуулж байгаа юм. Тийм учраас энгийн хог хаягдалдаа  ядаж менежмент хийж сурчихаад, хог хаягдал гэдгээ сайн ойлгосныхоо хойно дараагийн шатны асуудлаа ярих хэрэгтэй л гэж үзэж байгаа.

Т.ДАВААНЯМ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment