2016/03/14

“Мөнгөтэй хүн л сайд болдог юм байна”

Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшиж байсан Л.Жамбалжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эрүүл мэнд, спортын салбар одоогоор ямар нөхцөл байдалтай байна вэ?

-Эрүүл мэндийн салбар бол хамгийн гол салбар. Монгол Улсын хамгийн үнэт баялаг нь мал, уул уурхай биш шүү дээ. Хүн байхгүй юу. Хүнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалдаг энэ салбарыг эзэнгүй, бодлого боловсруулах толгойгүй байлгана гэдэг бол харамсалтай. Үндсэндээ бүтэн жилийн өмнө эрүүл мэндийн салбарт мэргэжлийн бус хүн томилсноос хойш толгойгүй болсон гэж болно. Энийг би биш эмч нар хэлж байна. Эцэст нь Г.Шийлэгдамбыг хэрэгт холбогдсоноос хойш сайдын албыг түр орлон гүйцэтгэгчээр аргацаасан. Өнөөдөр Ц.Оюунбаатар гэдэг хүний толгой дээр маш их хариуцлага үүрүүллээ. Энэ хүн чинь цас зудны хажуугаар давхар нэг салбарыг үүрч ажиллаж байгаа нь ачаалал нэмсэн явдал. Яахав эмч сувилагч нарын хүчээр ажил явж л байна.

-Таныг Эрүүл мэнд, спортын сайд болгох асуудлыг МАХН дэмжиж байсан уу.  Ерөнхий сайд таныг  ЭМС-ын сайдад томилох асуудалд татгалзсан хариу өгсний дараа Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайд болгох, Н.Энхбаярыг Шадар сайд болгох хувилбар яригдаж эхэлсэн?

-Манай намын удирдлагууд Засгийн газрын тэргүүнтэй юу ярьж байгааг мэдэхгүй. Намайг яагаад сайдаар томилоогүй юм бэ гэж би Ерөнхий сайдаас асуугаагүй. Харин намын дарга "Таныг дэмжсэнгүй" гэж хэлсэн. Сүүлийн үед болж байгаа процессоос харахад хүмүүс өөр өөрийнхөөрөө харж байна. Гэвч би сайд болох эсэх нь хамаагүй. Хамгийн гол нь яагаад эрүүл мэндийн салбараар хүмүүс тоглоод байна вэ гэдэгт гол учир нь байна. Тиймээс Засгийн газар эрүүл мэнд, спортын салбарынхнаас уучлалт гуйх хэрэгтэй. Дэндүүлчихлээ, арай болохгүй.

-МАХН-ын гишүүдтэй холбоотой авлига, албан тушаалын хэрэг ар араасаа сөхөгдөж байна. Үүнтэй холбоотойгоор Н.Энхбаяр гэдэг хүн намын гишүүддээ сандал суудал наймаалцдаг гэсэн хардлага ч олон нийтийн дунд төрөөд байгаа юм. Магадгүй таныг Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлсний хариуд МАХН-ын дарга Н.Энхбаяр мөнгө нэхэмжилсэн үү?

-Би намд үүсээд байгаа мөнгөтэй холбоотой асуудлыг мэдэхгүй. Намынхаа удирдах зөвлөлд ч байдаггүй. Сүүлийн үед эрүүл мэндийн салбарын удирдлагууд мөнгө төгрөгтэй холбогдоод байгаа нь харамсалтай байна. Тиймээс энэ салбарыг мэргэжлийн хүнээр удирдуулж, төрийн албанд сонгож байгаа хүмүүсээ анхаарах шаардлагатай. Шадар сайд Ц.Оюунбаатар ЭМС-ын сайдыг түр орлон гүйцэтгэгч болсноос хойш сахилга хариуцлага сайжруулах тухай 262-р тушаал гаргасан байна. Гэтэл өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмч, сувилагч нарын сахилга хариуцлага гэж ярихаас илүүтэй сайд дарга нарынхаа сахилга хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй. Төрийн албан хаагчид, том толгойт дарга нарынхаа сахилга хариуцлагыг дээшлүүлэх цаг иржээ. Тэгээд ч манай салбар ямар намын хандив цуглуулдаг салбар биш дээ.

-Магадгүй та намын даргадаа хандив өгсөн бол сайд болчих байсан юм биш үү?

-Ер нь нуух юмгүй хэлэхэд мөнгөтэй, баян хүмүүс сайд дарга болоод байгаа юм биш үү. Тэрнээс ядуу хүн сайд дарга болсныг би мэдэхгүй л юм байна. Үнэндээ хүмүүс надад "Чи мөнгөгүй учраас сайд болж чадаагүй юм биш үү" гэж хэлсэн. Гэхдээ сайд, дарга болгож өгөөч гэж хэн нэгэнд долигонож, хоолонд оруулж, мөнгө төгрөг өгдөг ёс суртахуун надад байхгүй. Би тэгж чадахгүй.

Т.ДАВААНЯМ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment