2016/03/24

Пүүжээгийн эх орон хөгжсөн үү?

2007 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга "Пүүжээгийн эх орон" нийтлэлийг бичиж байсныг санаж байна.

".....Пүүжээтэй адил хүүхдүүд хөдөө зөндөө бий. Тэдний хүслийг ч бас энэ дампуу нийгэм няцалсаар байгаа. Тэр бяцхан иргэдийн хэд нь Пүүжээ шиг арван хоёрхон насандаа үл биелэх гэгээн мөрөөдлөө тээн эргэж ирэлгүйгээр одсон бол, одох бол… Олонхи монгол хүүхдүүд яагаад мөрөөдөлдөө хүрч чадахгүй байгаа юм бол оо гэсэн бодол тээсээр киног үзэж дуусгав..."  Тэр нийтлэлдээ ингэж бичиж байсан юм.

Түүнээс хойш есөн жил өнгөрчээ. Харамсалтай нь, Пүүжээгийн эх орон  өнөөх л  ядуу хэвээрээ.  

Өглөөхөн ажилдаа хүргүүлэхээр хөлсөлсөн таксины жолооч ажилгүй дөрвөн сар болсноо хуучлав. Эрчим хүчний салбарын нэгэн компанид ажилладаг байж л дээ. Харамсалтай нь, компанийн орлого муудаж ажилчдаа өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлээд цалингүй амраасан гэнэ. "Авгай хүүхдээ яаж тэжээнэ дээ" хэмээн халаглах залуу  "Зээл төлөх ч өнгөрсөөн, өнгөрсөн" хэмээн санаа алдана билээ. Статистикийн судалгаанаас харахад бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 41 мянга хол давжээ. Харин албан ёсоор ажилтай ч цалингүй амарч байгаа "ажилгүйчүүд"-ийн талаарх судалгаа мэдээж байхгүй. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй  иргэдийн 61.5 хувь нь  16-34 насныхан. Судалгааны энэ дүнгээс харахад шижигнэсэн олон монгол залуу ажил хайсаар...?

Нийгэм тэр чигтээ хямарчээ. Долларын ханш 2055 төгрөгтэй тэнцэж, дотоодын худалдан авалт ч буурав.  Инфляци өнөөдөр 1.3 хувьтай гарсан нь эдийн засаг сайжирч буйн дохио биш юм. Учир нь Монголын бүх л салбар  худалдан авагчгүй болсны илрэл.

Хамгийн сүүлд Монголын Засгийн газар 250 сая ам.доллар зээлж, төсвийн цоорхойгоо "нөхжээ".  Уг нь эрдэс баялгаа эргэлтэд оруулсан бол бид өр тавихгүйгээр хөгжих боломж байсан. Оюутолгойн санхүүжилт хэзээ орж ирэх вэ гэж хүлээж суух, Рио-Тинто-д барьцаа ахиулах боломж олгохгүй байсан.

Өнгөрсөн онд Монгол Улсын төсөв бараг нэг их наядын алдагдал хүлээсэн бөгөөд үүний шалтгаан нь уул уурхайн салбарын уналт дагасан орлогын тасалдал.  Дэлхийн хоёр дахь том зах зээл болсон, коксжих нүүрсний хамгийн том худалдан авагч болох Хятадын хажууханд байгаа хэрнээ монголчууд ядуу үлдсэн шалтгаан юу вэ. Улсынх  данс улайчихсан улс орон  бусдын "халаасанд" ороход амархан биз дээ.

Одоогоос таван жилийн өмнө Монгол эдийн засгийн 17 хувийн өсөлтөөрөө дэлхийг гайхашруулж байсан юм.  Гол нь тэр  өндөр өсөлт нь  уул уурхайн өсөлт байсан бөгөөд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөж байсан суперциклтэй давхцаж байсантай холбоотой. Яг тйим л  үед бид Тавантолгойгоо эдийн засгийн эргэлтэд оруулж, төмөр замаа тавьчихсан бол өнөөдөр доллар 2055 төгрөг хүрлээ гэж Ч.Сайханбилэгийг эсвэл Н.Золжаргалыг харааж суух хэрэггүй  байв.

Даанч 150 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэх Тавантолгой орд, Гашуунсухайтын 267 км төмөр зам дээр бүтэн есөн жил талцаж зодолдсоны үр дүнд Монголын эдийн засаг элгээрээ хэвтлээ.

2011 онд хамгийн оргил үедээ 4-5 тэрбум доллар Монголд орж ирж байсан бол жил ирэх тусам буурсаар өнгөрсөн онд дөнгөж 77 сая долларын шууд хөрөнгө оруулалт оржээ.

Энэ бүхэн манай "эх оронч"-дын хийсэн ажил. Улсын эдийн засаг улстөрчдийн тоглолт хоёрын урваа хамаарлын үр дүн.  Ирэх оноос нийтдээ 4 тэрбум долларыг өрийг, хүүтэй нь хамт гадагшаагаа төлж эхэлнэ. Энэ их өрийг эрх баригчид биш иргэд төлнө.

"...Бид хэдий болтол ийм байх юм бэ. 17 жил бусдад дорд үзэгдэн, ядуу доройгоороо дуудуулж, нүдэнд орсон хог шиг үзэгдлээ. Энэ хэвээрээ байгаад л байвал олон сайхан монгол авьяастнуудын хөдөлмөр, амжилт дарагдсаар, булшлагдсаар л байх болно" гэж Х.Баттулга гишүүн нийтлэлдээ бичиж байжээ. Тиймээ, Монгол одоо ядуу, доройгоороо дуудуулж, нүдэнд орсон хог шиг хэвээрээ байгаа.

Устсан, дарагдсан гэх улаанбурхан өвчнөөр монгол хүүхдүүд амиа алдаж байна. Хайртай эмээдээ очиж амжилгүй хажуу айлын нохойд уруулж амиа алдаж байна. Монгол хүүүхдийн амьд явах баталгаа хаана байна. Монгол Улсын хөгжил где?

Ингэхэд есөн жилийн өмнөх Пүүжээгийн эх орон хөгжсөн үү?

Ж.ЭРХЭС

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment