2016/03/16

Ерөнхий сайд Америкийн худалдааны танхимын гишүүдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн уулзалтад оролцлоо. Энэ үеэр Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэл болон эдийн засгийн дунд хугацааны төлөв байдлын талаар мэдээлэл хийж, оролцогчдын асуултад хариулсан юм.

Монгол Улс бизнес, хөрөнгө оруулалтад нээлттэй улс бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Америкийн Нэгдсэн Улсын оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Мөн тэрээр Дэлхийн банкнаас гаргасан "Бизнес эрхлэхүй" судалгаагаар Монгол Улс 2015 онд 76 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол энэ онд 56 дугаарт эрэмбэлэгдлээ гэж хэлээд Чөлөөт худалдааны хэлэлцээрийг Япон улстай байгуулсан, Оюу толгой төслийн хоёр дахь үе шат, далд уурхайн бүтээн байгуулалтад олон улсын хөрөнгө оруулагчид 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болсон, Монгол Улсын урт хугацааны Хөгжлийн бодлогыг боловсруулсан, Засгийн газраас Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн зэрэг мэдээллийг Америкийн худалдааны танхимын гишүүдэд өгсөн юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байж, эдийн засгийн хөгжил хангагдана гэдгийг илэрхийллээ.

Америкийн худалдааны танхим нь 3 сая гаруй гишүүнтэй, дэлхийн олон оронд өөрийн салбартай байгууллага бөгөөд Монгол дахь Америкийн худалдааны танхим нь үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг, жижиг дунд бизнесийн чиглэлээр Монголд хөрөнгө оруулсан компаниуд болон Монгол-Америкийн хамтарсан компаниудын төлөөллийг багтаасан гишүүнчлэлтэй байгууллага юм. Тус танхимаас жил бүр Ерөнхий сайдыг хүндэт зочноор оролцуулж, хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой асуудлыг ярилцдаг уламжлалтай. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ уулзалтад бизнес эрхлэгчид, олон улсын худалдааны танхим болон Монгол дахь Элчин сайдын яамдын төлөөлөл 70 гаруй оролцогчид оролцлоо.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment