2016/03/08

Өвөрхангайд хэн нэр дэвших вэ?

"Сонгууль-2016" тулааны өнгийг тойргоор нь долоо хоног бүр тоймлон мэдээлж буй. Энэ удаад 24 дүгээр тойрог буюу Өвөрхангай аймагт хэн, хэн нэр дэвшихээр сунгааны бэлтгэл хангаж байгааг тоймлолоо.

Улаанбаатар хотоос 430 гаруй км зайд орших Өвөрхангай аймаг нь 19 сум, 106 баг, 113 мянга гаруй хүн амтай. УИХ-д тус аймгийн сонгогчдыг төлөөлөн УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт нар сууж байна. 2011 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталж, холимог тогтолцоог нэвтрүүлснээр мандатынх нь тоо хоёроор хумигджээ.

Сонгуулийн циклийг ажиглавал, 1992 оноос хойшхи УИХ-ын сонгуульд АН, МАН-аас нэр дэвшигчид ээлжлэн ялалт байгуулж ирсний зэрэгцээ зарим жил сонгогчид нь зөвхөн нэг намын дөрвөн нэр дэвшигчид итгэл үзүүлж, парламентын гишүүн болгосон түүх ч байна.

Ардчилсан нам:

Ардчилсан намаас Өвөрхангай аймагт өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байгаа горилогчийн тоо мандатын тооноосоо давжээ. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга И.Мөнхжаргал, Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар, Төрийн өмчийн хорооны дэд дарга Ж.Төмөрбаатар, УИХ-ын гишүүн Г.Батхүү нарын нэр дуулдаж байна. Тэднээс тойргоо услан идэвхитэй ажиллаж байгаа нь С.Дэмчиг, Ч.Даваабаяр нар аж.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчигийг намын нөхөд нь Эрчим хүчний сайд Д.Зоригтын хүн гэдэг бол Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаярыг УИХ-ын дарга З.Энхболдын хүн хэмээн тодотгодог. Нэр дэвшигчдийн хувьд ч өрсөлдөгч нараасаа илүү рейтинг өндөртэй яваа аж.

Шинэ хүмүүсийг хууцчуул нь ийн сойж эхэлсэн нь залуу үеэ бэлтгэх гэдэг утгаар харж болох ч нөгөө талдаа тойргоо өөрийн талын хүнээр услуулах, мөн цаг нь ирээд тойрогт нэр дэвших болоход "шавар хаахгүй байх" гээд олон л эрх ашиг цаана нь тээгддэг бололтой.

Харин УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн хувьд намын листээр нэр дэвшихээр болж, "виз"-ээ өвөртөлсөн тул хуучин тойргоо тордож байх зорилгоор үе, үе сонгогчидтойгоо уулздаг гэх яриа чих дэлсэж байна. 2012 оны УИХ-ын сонгуульд тэрээр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригтын хамтаар нэр дэвшин өрсөлдсөн ч МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нараас доогуур санал авсан юм. Гэсэн ч МАН-аас нэр дэвшигчид нь сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд ажиллуулсан гэх үндэслэлээр шүүхэд хандсанаар заргаа авч, УИХ-ын гишүүний тангараг өргөж байв. Энэ үйлдлийг нь МАН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэн Төрийн ордонд буйдантай суулт зарласан ч шүүхийн шийдвэрийг эргүүлж чадаагүй юм. Нэг үгээр хэлбэл, хэл ам зарга шүүлгэ болж сонгогдсон учраас 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө тойрогт бус намын нэрсийн жагсаалтад ач холбогдол өгч буй нь энэ бололтой.

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбааатарын хувьд нэгэн үе тус аймгийн Ардчилсан намын хороог удирдаж байлаа. Үе үеийн Засгийн газрын ажилд шүүмжлэлтэй хандаж ирсэн тэрээр хамгийн сүүлд Тусгаар тогтнолын ордныг нэг бол улсын өмч болгох ёстой, эс бөгөөс төрөөс гаргасан 11 тэрбум төгрөгийг намынх нь гишүүд гаргаж, улсыг хохиролгүй болгох ёстой гэсэн мэдэгдэл хийснээр нам жим болоод буй.

С.Дэмчиг, Ч.Даваабаяр нар шиг Өвөрхангайн тойргийг тогтмол услахгүй байгаа ч үе үе эргэж тойрч байгаа ажээ.

Уг нь энэ тойрог Ардчилсан намынханд ээлтэй байсаар иржээ. Тухайлбал, 2004 оны УИХ-ын сонгуулиар хоёр ч мандатыг тус намаас нэр дэвшигчид өвөртөлж байсан нь УИХ-ын дарга З.Энхболд, Г.Батхүү нар. Мөн тэд 2008 онд дахин нэр дэвшихдээ мандатын тоогоо нэмж, УИХ-ын гишүүн Д.Зоригтын хамтаар сонгогдож, үндсэндээ цэнхэртүүлж байжээ.

МАН:

Ардын намаас өрсөлдөх горилогчийн нэрс эрх баригч хүчнийхний нэгэн адил чихцэлдэж байна. Гэхдээ тойргоо тордож, тогтмол ажиллаж байгаа нь УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нар аж.

Уг нь дээрх тойргийг олон жил тордож, нэр дэвшсэн горилогч бол Хөдөлмөрийн сайд С.Чинзориг юм. Гурван ч шатны сонгуульд өрсөлдөөд ялагдаж байсан. Хамгийн сүүлд буюу 2012 оны УИХ-ын сонгуульд Н.Төмөрхүүгийн хамтаар өрсөлдөн сонгогчдын итгэлийг хүлээсэн ч Г.Батхүү гишүүн Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргаснаар тангараг өргөж чадаагүй юм. Дээрх сонгуульд нэр дэвшигч Н.Төмөрхүү 21267, С.Чинзориг 23493, Г.Батхүү 19939, Д.Зоригт 16795 санал тус тус авсан байна. Тэднийг даагаа нэхэж магадгүй хэмээн сонгогчид нь хүлээж байгаа ч Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нарт халаагаа өгөхөөр шийдсэн байж мэдэх нь. Гэхдээ тэд УИХ-ын сонгуульд огт нэр дэвшихгүй гэсэн үг биш, намын нэрсийн жагсаалтаар орж ирж магадгүй байна. Энэ буухиаг нь мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан залгуулна. Хуульч мэргэжилтэй түүнийг өвөрхангайчууд 1992 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн цагаас нь таван ч шатны сонгуульд итгэл хүлээлгэн сонгожээ. Тодруулж хэлбэл, 1992, 1996, 2000, 2004, 2008 оны УИХ-ын сонгуульд зөвхөн дээрх тойрогт өрсөлдөн ялалт байгуулж, мөн энэ үедээ УИХ-ын даргаар сонгогдон ажиллаж байжээ.

Өмнөх 2012 оны УИХ-ын сонгуульд тэрээр Өвөрхангайд нэр дэвшээгүй, намын нэрээр парламентад суусан юм.

Намынх нь дүрэм болоод Сонгуулийн хуульд өмнө нь намын жагсаалтаар нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон бол дахиад намын нэрсийн жагсаалтаар нэр дэвшиж болохгүй гэсэн зохицуулалт тусаагүй тул хязгаарлах боломжгүй байгаа юм.

УИХ-д сонгогдсон түшээд хэн бэ?

1992 онд

Д.Лүндээжанцан, О.Батмөнх, Ж.Батсуурь, Н.Батбаяр МАХН

1996 онд

Х.Дашзэвэг "АХ" эвсэл

Р.Бадамдамин "Эх орон ардчилал" эвсэл

Д.Лүндээжанцан, Ш.Батбаяр МАХН

2000 онд

Д.Сугар, Д.Дэмбэрэлцэрэн, Д.Лүндээжанцан, Б.Эрдэнэбилэгт МАХН

2004 онд

З.Энхболд, Г.Батхүү Ардчилсан нам

Р.Бадамдамдин "Эх орон ардчилал"

Д.Лүндээжанцан МАХН

2008 онд

Д.Лүндээжанцан МАХН

Г.Батхүү, З.Энхболд, Д.Зоригт Ардчилсан нам

2012 онд

Г.Батхүү, Д.Зоригт Ардчилсан нам

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment