2016/03/31

“Холимог хуурга”

Өнгөрөгч лхагва гаригт  зохион байгуулсан "Жудагт Монгол" холбооны жагсаалын оргил үе нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын эмоц байлаа. Тэрбээр ирэх сонгуульд срнгож болохгүй  улстөрчдийн нэрийг зарлахын сацуу өнөөх  улиг болсон Тавантолгойн хэрүүлээ "дэвсэв". Ингэлээ гээд энэ хүний идсэн байж болзошгүй гэх төмөр замын 280 сая долларын асуудал замхарчихгүй байх л даа.

Ерэн оноос хойшхи Монголын хавар үргэлжийн сонирхолтой, асуудал сэдэвтэй, зодоон цохионтой, жагсаал, цуглаантай болдог нь уламжлал болсон. Энэ утгаараа ч энэ хаврыг жагсаал цуглаан, зодоон цохионгүйгээр яаж төсөөлөх билээ. Тэр тусмаа сонгуулийн хавар шүү дээ.

Гол нь эл хаврын, энэхүү жагсаалын улс төрийн хачир нь эрх баригчид эрх баригчидаа шүүмжилсэн явдал. Ийм жагсаал цуглааныг энэ насандаа үзсэнгүй гэвэл худал болорхгүй.

Эрх баригч намын, гол фракцуудынх нь лидер талбай дээрх жагсаал эмэгтэйчүүд, хүүхнүүдээр фон хийж, эрх баригчдынхаа эсрэг дуугарав. Энэ бол гайхах шинэ үзэгдэл байсангүй бөгөөд этикийн хувьд бол үнэндээ инээдтэй зүйл байлаа.

МоАХ бол "Шонхор"-ын нэг дугуй.  "Дугуй дугуйгаа олдог" гэсэн үг ч байдаг. Гол нь эрх баригч намын дарга З.Энхболдын фракцын нэгээхэн хэсэг, эрх баригч намын сайдаар ажиллаж байсан, Байнгын хорооны даргаар ажиллаж байгаа "эрх баригчид" өөрсдөө ийнхүү жагсаал зохион байгуулах нь инээдтэй харагдсан  хийгээд эл шог үзэгдлийн ард чухам ямар эрх ашиг нуугдсан  бэ гэдгийг энд асуумаар байна.  Ингэж асуух нь МоАХ-ны "удирдагч" Х.Баттулга өнгөрсөн найман жил  эрх ямба эдэлсэнтэй л холбоотой билээ. Энэ хүн  УИХ-д гурван ч удаа сонгогдохдоо хамгийн мөнгөтэй, хамгийн их төсөвтэй яамыг удирдаж байсан уу гэвэл байсан. Зам тээврийн яам  болон Хүнс хөдөө аж ахуйн яам үнэндээ Х.Баттулгын хувийн өмч шахуу болсон шүү дээ.

Өнгөрсөн найман жилд өөрөө биш юм аа гэхэд өөрийнхөө хүмүүсээр удирдуулж байгаа энэ салбаруудад их өөрчлөлт орсон уу.

Л.Эрдэнэчимэгийн хувьд Хүнс хөдөө аж ахуйн, байгаль орчны байнгын хорооны даргын сэтэртэй.  Эрх баригч намын дарга З.Энхболдын "гарын хүн". Энэ утгаараа түүнд аливаа асуудлыг гацаах хийгээд  аль нэг төслийг "гайтуулах" эрх нь нээлттэй байсан. Ямар сайндаа л "Тавантолгойг гацаасандаа баяртай байгаа"-гаа бахархалтай нь аргагүй  зарлаж байх вэ дээ. Түүнд ингэж эдийн засгаар хорлох хийгээд эрх баригчдын өмнөөс том дуугарах эрхийг хэн өгсөн байх вэ. Жирийн нэг сул гишүүдийн хувьд ийм эвгүй мэдэгдэл хийсэн бол Хүнс хөдөө аж ахуйн, байгаль орчны байнгын хорооны дарга болох байтугай "хөөгдөөд" явах байсныг хэн мэдлээ. Ардаа ТҮЗ-тэй,  "асуудлаараа" барьцаалагдагчдын хувьд өөрийнхөө намын бодлогын, өөрийн намаасаа томилогдсон хоёр ч Ерөнхий сайдаа араас нь "хутгалахад" амархан ч байсан биз.

Ийм өнцгөөр эрх баригчдаа муулсан  эрх баригчид эрх баригч намын алдаа эндэгдэл, аль муу сайн бүхнийг Ардчилсан намын дарга З.Энхболд үүрнэ гэдгийг эндүүрч тооцоогүй байлгүй дээ.

Тэр тусмаа өнгөрсөн жилүүдэд энэ намын нэрээр хамгийн амттай "бялуу"-г хүртэж явсан эрх баригч намын төлөөлөгч намынхаа Ерөнхий сайдыг муулах нэрээр намаа намнаж байгааг хэлэхүй өнгөрч боломгүй. Монголчууд "Олгой хагаравч тогоон дотроо, толгой хагаравч малгай дотроо" гэж зүгээр ч нэг санаанаасаа зохиочихоогүй байлгүй дээ.

Энэ удаагийн жагсаалд оролцож байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нарт эдийн засгаа, нийгмээ өөрчлөх эрх мэдэл хангалттай байсан. Энэ утгаараа эрх баригчдаа шүүмжлэх тэдний жагсаал үнэхээр инээдтэй хийгээд өрөвдөлтэй байлаа.

Эрх баригчдыг шүүмжилсэн энэ удаагийн жагсаалд "эх оронч" нэрийн дор хулгай, хуйвалдаан зохион байгуулдаг, өнөөх л үргэлжийн мөнхийн эсэргүүцэгчид, өгсөн авсандаа ч сэтгэл ханаж үзээгүй нөхөд оролцсон нь  хамгийн гол "хачир" байсан юм.

Энүүхэндээ гэхэд эмэгтэйчүүдээр буюу Л.Эрдэнэчимэгээс эхлээд популист тоглолтоороо эдийн засгаа байнга хорлож ирсэн Г.Уянга, Г.Байгалмаа нарын даашинз дор улс төрийн тоглолтоо хийх увайгүй улстөрөө хийж байга Х.Баттулгын хувьд эрх мэдэл нь байсан, эд хөрөнгө ч байгаа. Гол нь өнөөдөр тэрбээр "Монголын ард түмний итгэл үнэмшлээр тоглож болох ч Монголын хөгжил, монголчуудын амьдралаар тоглох болохгүй.

Учир нь улсын хөгжил, эдийн эрх ашгийг эсрэгээрээ хувийн эрх ашиг хуйвалдаанаасаа дор үзсэн түүнд ингэж тэмцэх хийгээд эсэргүүцэх "эрх" үнэндээ бий бил үү. Энэ улсыг хөгжүүлэх эрх мэдэл түүнд хангалттай байсан. Энэ хугацаанд яагаад юу ч хийгээгүй вэ.  Эдийн засгийн хямралд голлох үүрэгтэйгээр оролцсон хүмүүс ингээд жагсч байгааг харахад инээх шалтаг байгаа ч өрөвдөх шалтгаан алга. Ийм учраас л эрх баригчид эрх баригчдынхаа эсрэг жагсах үнэндээ ой гутах хийгээд огиудас төрөм байлаа гэж. Энэ жагсаалыг эцэст нь нэг үгээр тодорхойлбол эрх баригчдын "хоимог хуурга" байлаа.  "Холимог хуурга" угаасаа хогийн хоол биз дээ.

 Ж.ЭРХЭС

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment