2016/03/24

Б.Болор: “Эрдэнэт”-ийг шалгана

Сангийн сайд Б.Болортой ярилцлаа.

-Монгол Улсын гадаад өр ДНБ-ийн хэдэн хувьтай тэнцэж байгаа вэ. Улсын өр 21 тэрбумд хүрсэн. Нэг иргэнд 15 сая төгрөгийн өр ногдож байгаа гэсэн  мэдээлэл цацагдах боллоо. Өрийн тааз хязгаараасаа давжээ гэж ойлгож болох уу?

-Монгол Улсын нийт өр 21 тэрбум ам.долларт хүрсэн тухай яриа гарсан. Засгийн газрын өр 7 орчим тэрбум төгрөг. Өрийн таазыг Засгийн газар УИХ-аас өгсөн хязгаартаа багтаана.  Өнгөрсөн жил багтаасан, энэ жил ч багтаана.

-Энэ онд Засгийн газар нэмж зээл авах уу. Энэтхэг улсаас авах 1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг саяхны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байсан. Юунд ашиглах вэ?

-Зах зээлийн эдийн засаг гэдэг мөнгө босгохыг л хэлнэ. Босгосноо зөв зүйлд зарцуулж эргэлтэд оруулан эдийн засгаа тэжээдэг. Тэр л зарчмаар  явах ёстой. Төмөр зам, авто зам зэрэг дэд бүтцийг хэн ч үнэгүйгээр барьж өгөхгүй. Тэгэхээр томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийхэд хямд эх үүсвэртэй бонд гаргах, эсвэл  нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл авч  хийж таарна. Өөрөөр хэлбэл, бонд гаргалаа гэхэд юунд зарцуулах вэ, энэ л чухал. Энэтхэг улсын 1 тэрбум ам.долларын зээл нэн хөнгөлөлттэй зээлд хамаарна. Аль болох зөв салбар луу ашиглах шаардлагатай байгаа. Өнгөрсөн жил Энэтхэгийн Ерөнхий сайд нь айлчлахдаа нээлттэй орхиод явсан. Одоо хоёр улсын Засгийн газар энэ асуудал дээр хамтарч ажиллаж байна.

-Засгийн газар төсвийн алдагдлаа нөхөх зорилгоор дотоодод бонд гаргах тохиолдол олон. Хэр зөв шийдвэр юм бэ?

-Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд дотооддоо бонд гаргаж олон жил явж ирсэн. Тодорхой хэмжээгээр хязгаарлах шаардлагатай гэж үзэж байгаа. Засгийн газар 2016 оны төсвийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхдээ дотоодоос бонд гаргахгүй гэсэн зорилготой байсан ч УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргасан.

Эдийн засгийн нөхцөл байдал энэ бүхнээс шалтгаалж дотоодын бонд маань өндөр хүүтэй болсон. Энийг бид арай бага хүүтэй гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэн,  эдийн засагтаа цус оруулж сэлбэх бодлого барьж байна. Долларын урсгалыг сайжруулах арга хэмжээг Засгийн газар авахгүй бол өөр хэн хийх билээ. Зах зээлийн эдийн засагтай улс учраас энийг сонгогдог утгаар нь хөгжүүлэх шаардлага байгаа.

-Гадаадаас бага хүүтэй бонд босгоод дотоодын өндөр хүүтэй бондын зээлийн төлбөрийг хийж байна гэдэг юу гэсэн үг вэ?

-Дотоодын бондын эрэлт хэрэгцээ нийлүүлэлтийн хувьд хэвийн ч хүүгийн хувьд өндөр хэмжээнд очсон. Энэ нь банкуудын зээл гаргах, мөнгөний бодлогод нөлөөлж байгаа учраас банкуудаа эх үүсвэртэй болгохын тулд дотоодынхоо бондын төлбөрийг хийгээд өгье гэдэг зарчим барьж байна. Эерэг тал нь энэ хэмжээгээр дотоодын өр бууна. Бага хүүтэй зээлээр  өрөө дарчихаж байгаа учраас хүүгийн төлбөр дээр өөрчлөлт гарч, буурах сайн тал байгаа. Ер нь сүүлийн үед өр зээл өндөр түвшинд хүрчихсэн юм шиг зүйл яриад байгаа ч зөв менежмэнт хийгээд, зөв зүйлд зарцуулаад явбал болохгүй зүйлгүй шүү дээ.

-"Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагууд 27 мянга, 30 мянган еврогийн урамшуулалт цалин авдаг тухай мэдээлэл цацагдсан. Хуулиар үүнийг нь хүлээн зөвшөөрсөн байдаг юм уу?

-Хэвлэл мэдээллээс л энэ тухай мэдээллийг олж харлаа. Үнэн бол их өндөр цалинтай хүмүүс л юм. Хуульд гадаад валютаар цалинжина гэсэн журам байхгүй. "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг Монгол Улс, 49 хувийг ОХУ эзэмшдэг. Энэ хүрээндээ ажлаа гүйцэтгэдэг. Төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд төр оролцоод байх нь буруу л байдаг. Гэхдээ энэ цацагдаад байгаа мэдээллийн хүрээнд "Эрдэнэт"-ийг шалгах, нягтлах шаардлага үүслээ л гэж харж байна.  

-Валютын ханшийг хязгаарлах чиглэлээр Засгийн газар ямар арга хэмжээ авч байна вэ. Төсвийн орлогын ихэнх хэсгийг нүүрснээс төвлөрүүлэхээр тусгасан. Гэтэл Хятад улс нүүрсний импортоо хязгаарласан. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ уналттай байгаа зэрэг нь эргээд төсвийн алдагдлыг л улам нэмэх болоод байна, яах вэ. Эдийн засаг сэргэх үү, цаашдаа хандлага ямар байгаа вэ?

-Хоёр хөршийн эдийн засгийн нөхцөл байдал ч амаргүй байгаа. Ийм үед эдийн засгаа солонгоруулах бодлого түлхүү барьж ажиллах ёстой. Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сараас эхлээд БНХАУ руу мах экспортолж эхэлсэн. Аялал жуулчлал зэрэг бусад салбараа хөгжүүлэх шаардлагатай болж байна.

Саяхан Канад руу айлчлал хийхэд мөн л тус улсын эдийн засаг хүнд байна. Уул уурхайд түшиглэсэн эдийн засаг хөгжиж ирсний үр дүн нь ингэж илэрч байна. БНХАУ-ын эдийн засгийн бодлого нь өөрчлөгдөж байгаа учраас Монгол Улс ч мөн эдийн засгийн бодлого, төлөвлөлтөө өөрчлөх шаардлагатай. Он гарсаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн прогноз сэргэх хандлагатай болсон. Гацууртын орд хөдөлж, Оюутолгойн далд уурхайн гэрээ байгуулагдсантай холбоотойгоор дэлхийн санхүүгийн зах зээл дээрх Монголын нэр хүнд боломжийн болж ирсэн. Дээр нь сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байна. Эдийн засгийн нөхцөл байдлыг шууд ингэнэ гэж хэлж мэдэхгүй ч эерэг мэдээлэл нь тодорхой боломжууд байгааг харуулж байгаа.

-Төсвийн орлого төвлөрүүлэлт ямар байгаа вэ?

-Төсвийн орлого 90 гаруй хувьтай байна. Эхний улирлын хувьд өнгөрсөн жилтэй харьцуулахад гайгүй байна.

-Канадын хөрөнгө оруулалттай "Хан ресурс" ХХК олон улсын арбитрын шүүхэд ялалт байгуулснаар Монгол Улсын Засгийн газар нөхөн төлбөрт унасан. Хэдий хэмжээний нөхөн төлбөр өгөх вэ, эх үүсвэрийг хаанаас гаргах вэ?

-Хэлэлцээрийн үр дүнд нөхөн төлбөрийн хэмжээг буулгасан. Анх 350 сая ам.доллар нэхэмжилсэн байдаг. Энийг буулгасан, 70 сая ам.долларыг барагдуулах ёстой. Ямар нэг байдлаар зээл авч төлнө гэсэн бодол байхгүй. Төлбөрийг барагдуулахад төсвийн тодотголд зайлшгүй тусгана. Төсвөөс төлнө гэж ойлгож болно.

-2016 оны төсөвт тодотгол хийх үү. Хийх бол хэзээ вэ?

-Төсвийн тодотгол зайлшгүй хийж таарна. Сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар бүтцээ батлуулах үеэр төсвийн тодотгол хийх нь зөв байх гэсэн байр суурьтай байна.

-Төсвийг ойр, ойрхон тодотгох нь буруу юм. Засгийн газар эдийн засгаа урьдчилан харж чадахгүй байгаагаас УИХ ойр, ойрхон төсвийн хуульд гар хүрч байна гэх шүүмжлэл олонтаа сонсогддог. Таны байр суурийг сонирхвол?

-Төсөвт тодотгол хийнэ гэхээр болдоггүй юм хийх гээд байгаа юм шиг яригддаг. Эдийн засгийн тодорхой хүндрэлтэй байгаа улс орон жилдээ 8-12 удаа төсвөө тодотгох нь бий. Тухайн үеийнхээ нөхцөл байдалтай уялдаад төсвөө тодотгодог. Болж бүтэхгүй зүйл биш шүү дээ.

Г.ХОРОЛ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment