2016/03/15

Энхболдуудын хүсэл ба хясал

УИХ-ын ээлжит сонгууль болоход гуравхан сар үлдээд байна. Энэ удаагийн сонгуульд улаан ба цэнхэрүүдийн дунд яригдаж байсан хамтдаа эвсч, нэгдэх үү, эсвэл дан, дангаараа оролцох уу гэдэг нь нэгэнтээ тодорхой болж байна.  

Парламентад суудалтай хоёр том намуудын хувиар Ардчилсан нам ИЗЗН болон МҮАН-тай, Ардын нам  МАХН-тай нэгдэж, нийлэх сонирхол байсан ч хоёр Энхийн зүгээс хоёр Энхболдод "Үгүй" гэдэг хариултыг албан бусаар өглөө. Ингэснээр энэ АН, МАН дангаараа харин жижиг намууд хоорондоо эвсч нэгдэн хэлбэрээр  энэ удаагийн сонгуульд оролцох дүр зураг тодорч байна.

Хэдийгээр  Ардчилсан намтай нэгдэх санамж бичигт ИЗНН-ын дарга нар гарын үсэг зурсан нь ч энэ асуудлыг ИХ хурлаараа эцэслэх нэрийн дор эрх баригчдын тавьсан саналаас татгалзах нь ИЗНН-ын дэд дарга Ц.Ганхуягийн байр сууринаас тодорхой харагдаж байна.

Харин М.Энхсайханы хувьд  АН-ын тавьсан саналд хоёр сар гаруй чимээгүй явсны эцэст  "Хоёр намын нэгдэх асуудал боломжгүй, цаг хугацааны хувьд ч амжихгүй болсон" гэдгээ дуулгав.  Сонгуулийн үр дүнгээ бодвол цэнхэрүүдэд ч улаануудад ч хоорондоо нэгдэх  нь илүү ашигтай. Гэвч хоёр Энхболдын тавьсан саналаас хоёр Энх татгалзсан хариу өгсөн нь эрх мэдлийн хуваарилалт.

Ердөө арваадхан хоногийн өмнө "Эх орончдын өдөр"-ийг хамтдаа тэмдэглэж, эвсч нэгдэхэд буруудахгүй гэсэн үгийг индэр дээрээс хэлж, М.Энхболдтой хөөрөг зөрүүлж явсан Н.Энхбаяр яагаад бодлоо өөрчилсний цаад шалтгаан нь ердөө л ирэх сонгуулийн дараах эрх мэдлийн хуваарилалттай холбоотой бололтой.

Харин М.Энхсайханы хувьд АН-ын тавьсан саналыг "бүдүүлэг"-т тооцож байгаа бөгөөд "Намаа татан буулгачихаад АН-д нэгдэхийг санал болгосон " АН-ын дарга Энхболдын захидалд өгсөн хариулт нь "Эрэл"-ийн Б.Эрдэнэбаттай нэгдэж "Их эвсэл" байгуулах болсноо зарласан явдал.  Өөрөөр хэлбэл, нэгэн цгат дарга цэрэг байсан З.Энхболд, М.Энхсайханы хувьд Тавантолгойн гэрээнээс болж таарч тохирохоо болиод удаж байгаа явдал. Тэгээд  ч юу үнэн гэвэл  хонь, чоно хоёр нэг хотонд хамт амьдарч чадахгүй нь үнэн.    Чухам иймээс л М.Энхсайхан "Эрэл"-ийн Б.Эрдэнэбаттай ирэх зургадугаар сарын 29-нд болох сонгуульд  их эвсэл байгуулж оролцохоор тохироо хийж байгаа болов уу.

Өнгөрсөн 2012 оны сонгуулиар Н.Энхбаяр, М.Энхсайхан нэр  эвсч, нэгдэн  "Шударга ёс" эвслийг байгуулж чамгүй амжилт гаргасан ч энэ удаагийн сонгуульд энэ эвслээ хадгалан орох боломжгүй нь хаана, хаана тодорхой болжээ.  Үүнийгээ ч цахим хуудсаараа дамжуулан "Удахгүй болох сонгуульд "Шударга ёс" эвслийг энэ хэлбэрээр нь хадгалан оролцох боломжгүй гэж үзэж байгаа"-гаа илэрхийлсэн билээ.

Түүний байр сууриас харвал  АН,МАН, МАХН-аас бусад намуудтай эвсч, хамтрахад бэлэн байгаа бололтой. М.Энхсайхан болон "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын эвсэл дээр ИЗНН нэгдвэл бас чиг дажгүй амжилт үзүүлэх магадлал өндөр. Учир нь өнгөрсөн дөрвөн жил АН,МАН-ын рейтинг адилхан унасан.  Өөрсдөө үсэн дээрээ байгаа тэмээгээ олж харахгүй байгаа болохоос үнэндээ Монголын ард түмэн МАНАН-гаас залхаж байгаа.

АН-ыг унагаж л  байвал Ардын намынхан шуламтай ч нэгдэхэд бэлэн гэдгээ аль дээрээс хэлчихсэн. Тиймээс Н.Энхбаярыг өнгөрсөн оноос эхлэн тойглож гүйсэн ч эцсийн эцэст Н.Энхбаяр тэдний сарьсан хоншоор руу нь сайхан няслаад өглөө.  ИЗНН-ыг өөртөө нэгтгэнэ хэмээн бардам байсан эрх баригчид ч шалдан гуяа тэврээд хоцорч байна.  

МАХН-ын хувьд ИЗНН эргүүлдэж, энэ хандлага эртнээс илэрхийлсэн. ИЗЗН-ын хоёрт  дамжуулсан  үгийг МАН-ынхан онцолж үзээгүй л болохоос Н.Энхбаярын хувьд МАН-тай ч нийлэх сонирхол алга. Харин АН-аас хэрэв эвсч нэгдэх санал гаргасан бол Н.Энхбаяр юу гэж хариулах байсныг мэдэхгүй. Гэхдээ Н.Алтанхуягийг АН-ын дарга байхад арван жил хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж л явсан хүн.  Өмнөд Солонгосоос үдлээд буцахдаа зурсан түүний гэрээнээс болж Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас огцроод зогсохгүй намын даргаа алдсан явдал хуучраагүй байна.

Харин ИЗЗН-ын хувьд АН-тай гэхээсээ ХҮН/Хөдөлмөрийн үндэсний нам/-тэй нэгдэж, нийлэх сонирхол байгаа нь ажиглагдаж байна. Ямар сайндаа л ХҮН-ын Их хурлын өмнө ИЗНН-ын дэд дарга Ц.Ганхуяг "илгээмж" хүртэл явуулах билээ дээ.

Энэ бүх өрнөлөөс харахад Сонгуулийн хуулийг өөрсдөдөө ашигтайгаар баталлаа ч АН,МАН-ын аль нэг нь олонх болж чадахгүй нь тодорхой байна.  Харамсалтай нь , аль нэг нам олонх болоогүйн зовлонг өнгөрсөн дөрвөн жил Монголын ард түмэн мах цусаараа мэдэрсэн. Гэвч, нийгэм дэх рейнтинг, ард түмнээс өгч байгааг үнэлгээг нь харвал АН, МАН-ын аль ч олонх болж чадахгүй. Харин олон суудал авахын төлөөх л өрсөлдөөн тэдний дунд болно.   Тэгээд ч   жижиг намуудаас нэгдсэн "Их эвсэл" гэх  том өрсөлдөгчид бий болбол ялалт байгуулахгүй ч ямар ч байсан АН,МАН-ын саналаас  зулгаах нь тодорхой.  Энэ удаагийн сонгууль ерөнхийдөө задгай болно гээд хэлчихэд буруудахгүй болов уу?

Эндээс  харахад ялалтдаа хэт эрт эрдсэн АН, МАН аль, аль нь  "Их санасан газар есөн шөнө хоосон хононо" гэгч л болж магадгүй байна шүү.

Ж.НЯМСҮРЭН

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment