2016/03/20

Д.Дорлигжав: “Увс” фракц байгуулахгүй

Хууль зүйн сайд Д.Дорлигжаваас дараах тодруулгыг хийлээ.

-Ардчилсан намыг фракцгүй болгох санаачилга гаргасан сайд Д.Дорлигжав "Увс" фракц байгуулахаар нутаг нэгтнүүдтэйгээ уулзаж явна. Түүний фракц нам дамнан байгуулагдана гэх мэдээлэл цацагдаад эхэллээ. Энэ үнэн үү?

-Д.Дорлигжав нам дамжсан фракц байгуулах гэж зальтайгаар далд ажиллагаа явуулж байна гэсэн байна билээ. Фракцыг байлгах сонирхолтой хүмүүс гар хурууныхаа хүмүүсээр бичүүлж байхгүй юу. Тийм юм байхгүй, "Увс" фракц байгуулахгүй.

Ардчилсан нам фракцаас татгалзаж бодлогын нам болон өөрчлөгдөх ёстой гэсэн уриалга гаргаснаас хойших уур амьсгалыг би тандаж байна. Нэг хэсэг нь фракцгүй болохыг дэмжиж, нөгөө хэсэг нь чадахгүй гэж үзэж байна. Дэмжихгүй байгаа хандлага нь "Бүтэхгүй, та нар тэгж л байдаг. Фракц үүсгэсэн хүмүүс УИХ дотроо сууж байгаа, төр толгойлоод сууж байгаа" гэх байдлаар илэрхийлэгдэх болсон. Гэхдээ фракц байгуулсан хүмүүс бүгдээрээ фракцлагдсан явцуу сэтгэлтэй хүмүүс биш. Аргагүйн эрхэнд фракц байгуулсан нь ч бий.

-Нэлээн эсэргүүцэлтэй тулах юм биш үү. Та дүрмийн өөрчлөлтөө яаж дэмжүүлэх юм бэ?

-Ардчилсан намын жирийн гишүүд өргөн дэмжих хандлагатай байна. Саяхан орон нутагт ажиллахдаа намын гишүүдтэйгээ уулзаж ярилцлаа. Хаврын чуулган эхэлтэл намын дүрэмд оруулах өөрчлөлтөөр өргөн хэлэлцүүлэг хийе гэж бодож байна. Ер нь бол гишүүд дэмжинэ. Фракц, бүлэг байгуулж авсан хүмүүс нь чухам яах юм. Тийм болохоор дэмжигдэх магадлал өндөр.

-Ардчилсан намын дүрэмд оруулах өөрчлөлтийн талаар тодруулахгүй юу?

-Бодлогын зөвлөлийг намын дарга даргална, бодлогын салбар зөвлөлийн даргыг намын дарга томилох, Бодлогын зөвлөлийн дарга нар нь Засгийн газар байгуулах тохиолдолд тухайн салбар хариуцсан сайдаар томилогдоно, Цөөнх болсон тохиолдолд тухайн асуудлаар намын бодлогыг төлөөлөх албан ёсны субьект байна. Мөн Улс төрийн намын тухай хуульд бодлогын бусад асуудлаар фракцын хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт оруулах нь зүйтэй гэсэн бодолтой байгаа.

-Бодлогын бусад асуудлаар фракц хэлбэрээр үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн хатуу заалт оруулах зайлшгүй шаардлагатай юм уу? 

-Хэсэг хүмүүс нийлж аваад хувийн ашиг сонирхлоо тулгаж, миний энэ хүнийг тэнд томилоод, миний шийдвэр буруу, зөв ч гаргаад өг гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар төрийн албыг залгуудах явдал  газар авсан. Тэрийг хаахын тулд бодлогын асуудлаас бусад чиглэлээр фракцын зарчмаар шийдвэр гаргаж ажиллахгүй гэж томъёолох нь зөв гэсэн бодолтой байгаа. Фракцыг авч үлдэхийн тулд миний саналыг эсэргүүцэж буй  хэсэг байгааг хэлэх хэрэгтэй болов уу. Тэдний зүгээс  "Дэлхийн улс орнуудын улс төрийн намд фракц байдаг" гэх мэтчилэн үгүйсгэхийг оролдож эхэлсэн.  

-Ардчилсан нам бодлогын нам болж өөрчлөгдөхийн тулд фракцгүй болохоос гадна юу хийх ёстой вэ?

-Чиглэл, чиглэлээрээ бодлогын зөвлөл ажиллах ёстой, намын идэвхитэн ажилладаг байх ёстой. Дээр нь судалгааны байгууллагатай хамтарч ажиллах. Эдийн засгийн асуудал, хуулийн асуудлыг яаж шийдэх ёстой вэ гэдгээ Бодлогын зөвлөл дээрээ яриад түүнээс хамгийн зөв гэснийгээ албан ёсны намын байр суурь болгоод явах.

-Бодлогын зөвлөлийн бүтэц нь ямар байх вэ. Дарга нар нь Засгийн газрын гишүүнээр томилогддог байх ёстой гэсэн үү. Эрх баригч хүчин болсон нөхцөлд?

-Бодлогын зөвлөлийн бүтцийг намын дарга шийдэх хэрэгтэй. Эрх барьж байгаа бол яамдыг чиглэлээр нь байгуулчих хэрэгтэй. Зарим 2-3 яамыг нийлүүлээд нэг болгодог ч юм уу. Энэ тохиолдолд 10-аад Бодлогын зөвлөл байгуулагдахаар харагдаж байгаа. Гэхдээ энэ нь намын даргын асуудал, миний хийсэн төслөөр. Илүү тодруулбал, хэдэн бодлогын зөвлөл ажиллуулах вэ, хэн хэнийг удирдуулах вэ, эргээд бодлогын зөвлөлийн дарга нь Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болж ажиллах учраас нэг баг болж ажиллах. Дээр нь намын удирдах бүрэлдэхүүн гэхээр нийслэлийн намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга ороод Гүйцэтгэх зөвлөлөө бүрдүүлчих схем хийсэн.

Г.ХОРОЛ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment