2016/04/15

“АСЕМ-ын 20 жилийн ой” сэдэвт шуудангийн марк гарлаа

АСЕМ-ын 20 жилийн ойд зориулан ГХЯ-наас "Монгол шуудан" ТӨХК-ийн Маркийн газартай хамтран гаргаж буй "АСЕМ-ын 20 жилийн ой" сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаа 4 дүгээр сарын 15-нд ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд боллоо.

Энэхүү үйл ажиллагааг нээж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ "Дээд түвшний уулзалт нь АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж буйгаараа ихээхэн онцлогтой. АСЕМ-ын 20 жилийн ойд зориулсан энэхүү марк нь Монгол Улс Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулж буйг илтгэсэн, Монгол Улсын дипломат харилцааны түүхэнд мөнхрөн үлдэх бүтээл боллоо" хэмээн онцлов.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, "Монгол Шуудан" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Батсайхан нар маркийн анхны өдрийн дугтуйг тамгалж, гарын үсэг зурж баталгаажуулав. Ингэснээр "АСЕМ-ын 20 жилийн ой" сэдэвт шуудангийн марк үнэт цаас болж, Монгол Улсын шуудангийн маркийн музейн сан хөмрөгт албан ёсоор орлоо.

"АСЕМ-ын 20 жилийн ой" сэдэвт шуудангийн маркийн зураач дизайнераар МУСГЗ Д.Эрдэмбилэг, зураачаар Ц.Цэнгэл, дизайнераар Ж.Ганхуяг нар ажилласан бөгөөд уг маркт АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын албан ёсны лого, Чингис хааны морьт хөшөө, Монгол Улсын Төрийн ордон, орчин үеийн Монгол Улсын өнгө төрхийг харуулсан Улаанбаатар хотын төвийн барилга байгууламж болон энх тайвныг бэлгэдэж цагаан тагтааг дүрсэлжээ.

Мөн маркийн хэлхээнд Ази, Европын газрын зураг, Монгол Улсын төрийн далбаа, АСЕМ-ын өмнөх 10 уулзалтыг зохион байгуулсан улс орнуудын төрийн далбаа, хотын нэр, зохион байгуулсан оны хамтаар дүрсэлсэн байна.

Манай улс 1924 оноос анх марк хэвлэж эхэлсэн түүхтэй бөгөөд өнөөдрийг хүртэл 1007 марк худалдаанд гаргажээ. Монгол маркын түүхэнд 1955 оноос олон улсын байгууллагын түүхт ой, олон улсын томоохон чуулга уулзалт, Монгол Улс гадаад орнуудтай дипломат харилцаа тогтоосны тэгш ой, түүхэн айлчлалын сэдвийг агуулсан нийт 78 сэдвийн 156 нэр төрлийн шуудангийн марк гүйлгээнд гарсан байна.

"АСЕМ–ын 20 жилийн ой" сэдэвт энэхүү шуудангийн марк 20.000 ширхэг хэвлэгдсэн, тус бүр нь 1300-1500 төгрөгөөр худалдаалагдах юм.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment