2016/04/13

АН-аас “Шонхор”-ынхон дэвших үү?

"Сонгууль-2016" тулааны өнгийг тойргоор нь долоо хоног бүр тоймлон мэдээлж буй. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх, Налайх дүүрэгт хэн, хэн нэр дэвшихээр бэлтгэл хангаж байгааг тоймлолоо.

Хүн амын тоогоороо нийслэлийн дүүргүүдээ тэргүүлэх УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт Ардчилсан нам хуучин хүмүүсээ, МАН шинэ хүн зүтгүүлэх чиг барьж байна. Одоогийн парламентад тус тойргийг төлөөлөн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ж.Батзандан, Д.Арвин нар сууж буй. Сонгуулийн тогтолцоонд холимог хувилбар болох 48х28-ыг "шигтгэж" өгснөөр 22 дугаар тойргийн мандат нэгээр хумигдсан юм.

Ардчилсан нам

Эрх баригч хүчин эл тойрогт өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулахдаа "Хүний хуучин нь, дээлийн шинэ нь" гэх зарчим барих нь. Тодруулж хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ж.Батзандан, Д.Арвин нарыг дахин сойх хувилбар яригдаж байна. Гэхдээ бүгд "Шонхор" фракц учраас намынх нь гишүүд хүлээн зөвшөөрөхөд амаргүй байж мэдэх нь. Өнгө солонгоруулж өөр фракцаас нэр дэвшүүлье гэвч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнодод нэр дэвшихээр бэлтгэл хангах болсон, 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж байсан Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяаг зүтгүүлж болох ч албан тушаалын эрэмбээрээ хууль тогтоогчоосоо доогуур төдийгүй мөн л "Шонхор" фракц аж.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн хувьд өрсөлдөх сонирхол бий ч албан тушаалын эрэмбээрээ хууль тогтоогчдыг давж гарахгүй байгаа сураг дуулдана. Түүний хувьд МоАХ фракцад харьяалагддаг юм.

Уг нь УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн хувьд хэл амнаас болгоомжилсон уу, намын нэрсийн жагсаалт руу орох санаа байсан ч Сонгуулийн хуульд өөрчлөлт орон жагсаалтын 28 үгүй болж мэдэх нөхцөл байдал үүссэн учраас сэтгэл хоёрдолгүй тойрогтоо өрсөлдөхөөр шулууджээ. Тэрээр 2008 оны УИХ-ын сонгуулиас эхлэн парламентын гишүүнээр сонгогдсон юм. Өмнөх УИХ-ын үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцэн, Уул уурхай, эрчим хүчний сайд асан Д.Зоригтыг огцруулах саналыг хоёр ч удаа УИХ-д өргөн мэдүүлж явсан түүх бий.  Ардчилсан нам Засаглах эрхийг авснаар Уул уурхайн сайдын суудалд очсон ч Н.Алтанхуягийн танхим унаснаар "Давхар дээл"-ээ тайлж байв. Гэхдээ тайлсан дээлийг нь дотны анд Р.Жигжид нь өмссөн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хувьд Хууль зүйн байнгын хороог удирдах сонирхол битүүхэн байсан ч бүлэг  нь түүнд бүрэн эрхийн хугацааг нь дуусахаас урьтаж, Өргөдлийн байнгын хорооны дарга болгосон юм.

Ардчилсан нам Д.Арвин гишүүнийг дахин сойх нь эрсдэлтэй байж мэдэх талтай. Учир нь тэрээр 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас тус тойрогт нэр дэвшсэн ч сонгогдсоныхоо дараа Ардчилсан намд нэр дэвшин дуулиан тарьсан. Намаа сольсон шалтгаанаа "Ардын нам миний эсрэг ажилласан" хэмээн үйлдлээ зөвтгөсөн ч сонгогчид нь хүлээн зөвшөөрч чадаагүй юм.

МАН

Унасан бөх ууртай гэж үг бий. 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдаж, цөөнх болчихоод байхад намынх нь нэрээр сонгуульд өрсөлдөн нэг мандат өвөртөлсөн гишүүн нь эрх баригч хүчинд элсэж, аниагүй шархыг нь сэдрээсэн тул хүний нөөцдөө тун ч болгоомжтой хандаж буй сураг дуулдана. УИХ-ын гишүүн Д.Арвины эсрэг УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн эгч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Сарангэрэлийг тавихаар бэлтгэл хангаж эхэлсэн мэдээлэл байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажилласан багагүй хугацаанд нэлээд ажил амжуулж, хөдөлмөрч дайчин бүсгүй болохоо харуулсан ч хотын дарга Э.Бат-Үүлийн тушаалаар чөлөөлөгдсөн юм. Шалтгаангүйгээр, үндэслэлгүйгээр чөлөөлсөн тухай хэвлэлээр баахан шуугиад л энэхүү дуулиан нам дарагдаж байв.

Харин хамтрах нэр дэвшигчдийнх нь тухайд Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Төмөрчулуун нараас шигших чимээ дуулдаж байна.

Б.Батзоригийн хувьд хуучин тус дүүргийн Засаг ноён байсан учраас сайн, муу аль, алинаар нь танигдсан. МАН Засгийн газарт найман сар хамтрах үед Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд болж, амжсан. Б.Төмөрчулууны хувьд "Сэргэн мандалт" группын ерөнхийлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга зэрэг албыг хашиж ирсэн нэгэн аж.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Говь-Алтайгаас дайжин Баянзүрх дүүргийг онилох болсон нь 22 дугаар тойрогт цэргийн анги их байдагтай холбоотой бололтой. С.Батболдын Засгийн газрыг Ардчилсан нам хаяж одсоны дараа Батлан хамгаалахын сайдын албыг залгуулах үүрэг ногдсон юм. Эцэг Жадамбаа нь амьдралынхаа бүхий л он жилүүдийг батлан хамгаалах салбарт элээсэн байдаг нь УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь түшиц болж мэдэхээр байна.

УИХ-д сонгогдсон түшээд

2012 онд

Д.Арвин, Ж.Батзандан, Д.Ганхуяг/АН/

2008 онд

Ц.Батбаяр /МАХН/, Ч.Сайханбилэг, Д.Ганхуяг/АН/

2004 онд

Т.Ганди, Ж.Гүррагчаа/МАХН/, С.Отгонбаяр/Эх орон ардчилал эвсэл/

2000 онд

Г.Төртогтох, О.Сүрэн, А.Шагдарсүрэн/МАХН/

1996 онд

Б.Батбаяр/АН/, Г.Ганхуяг//Эвсэл/, Т.Очирхүү

1992 онд

Ж.Бямбажав, Т.Очирхүү, Д.Батбаатар/МАХН/

Г.ХОРОЛ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment