2016/04/11

Энэтхэгээс авах зээлийг хэлэлцжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2016.04.11/ болж, дараах шийдвэрүүдийг гаргасан байна.

Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн талаар УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөнө

Засгийн газрын хуралдаанаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. Төслийг УИХ-ын холбогдох байнгын хороод дэмжсэн тохиолдолд Зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргах юм.

БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээх болсонтой холбогдуулж, уг эх үүсвэрээс санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгон санал болгох ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан. Ажлын хэсэг Энэтхэгийн ажлын хэсэгтэй зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулах, зээлийн нөхцөл, Эксим банкны зээлийн журмын талаар хэлэлцэж, зээлийн нөхцөлийг тохиролцсон байна.

Ерөнхий нөхцөлд жилийн 1.75 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай байхаар, үндсэн төлбөрөөсөө 5 жил чөлөөлөгдөхөөр тусгажээ. Мөн дэд бүтцийн 200 сая ам.доллараас дээш төсөл, стратегийн ач холбогдол бүхий 100 сая ам.доллараас дээш төслүүдийн хувьд хугацааг 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байхаар тохиролцжээ.

Улаан буудайн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоолоо

Буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн улсад болон дотоодын гурилын үйлдвэрт нийлүүлсэн хүнсний буудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 50 мянган төгрөгөөр тогтоолоо.

Улаанбуудайн урамшууллын хэмжээг Засгийн газрын "Улаан буудайн талаар авах зарим арга хэмжээний тухай" 2012 оны 77, "Баруун бүсийн тариаланг хөгжүүлэх тухай" 2013 оны 366 дугаар тогтоолуудаар зохицуулж байна. Энэ тогтоолоор хүнсний улаан буудайн тонн тутамд 70 мянган төгрөг байхаар шийдвэрлэсэн бөгөөд 2015 оны ургац хураалтын дүнгээр улсад болон гурилын 34 үйлдвэрт нийлүүлсэн 14 аймгийн 608 аж ахуйн нэгж, иргэний 111.6 мянган тонн буудайн урамшуулалд 7.8 тэрбум төгрөг олгох шаардлагатай болж байна. Гэвч 2016 оны төсөвт улаан буудайн мөнгөн урамшуулалд зориулан 5.6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд батлагдсан төсөвт багтаан улс, гурил үйлдвэрлэлд нийлүүлэгдсэн улаан буудайн хэмжээнд тооцож үзвэл тонн тутамд 50 мянган төгрөгөөр олгохоор байна.

2015 онд улсын хэмжээгээр 389.6 мянган га талбайд үр тариа, үүнээс 361.5 мянган га талбайд улаан буудай тариалсан ч байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл, гангийн улмаас ургац алдаж, 281.1 мянган га талбайгаас 215.7 мянган тонн үр тариа үүнээс 262.6 мянган га талбайгаас 203.9 мянган тонн улаан буудай хураан авсан байна. Ургац хураалтын дүнгээр нэг га талбай тутмаас дунджаар 7.8 цн ургац авсан нь 2014 оны их ургацын жилтэй харьцуулахад 8.8 цн-ээр бага, нийт хураан авсан ургацаар нь тооцоход жилийн хэрэгцээт улаанбуудайн 48 хувийг дотоодын ургацаас хангасан үзүүлэлт юм.

"Хөвсгөл дулааны станц" төрийн өмчит хувьцаат компани байгууллаа

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ, дулаан дамжуулах төвийг шинээр барьж, байнгын ашиглалтад оруулсантай холбогдуулан дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулах үүрэгтэй "Хөвсгөл дулааны станц" төрийн өмчит хувьцаат компанийг шинээр үүсгэн байгуулахаар шийдвэрлэлээ.

"Хөвсгөл дулааны станц" төрийн өмчит хувьцаат компанийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, үйл ажиллагааг нь зохих журмын дагуу эхлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болорт даалгав. Мөн тус компанийн үйл ажиллагааг хэвийн, найдвартай явуулахад мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод, дулааны үнэ тарифыг зохих журмын дагуу тогтоож, холбогдох зохицуулалт хийж байхыг Эрчим хүчний хооронд зөвлөлөө.

Дулааны станц, шугам сүлжээг 2014 оны 9 дүгээр сараас эхлэн ажиллагаанд залган, аймгийн төвийн 41 төсвийн байгууллага, 150 гаруй аж ахуйн нэгж, 1031 айл өрх, нийт 1223 объектыг дулааны эрчим хүчээр өнөөдрийг хүртэл хэвийн, найдвартай хангаж байгаа бөгөөд санхүү, эдийн засгийн хувьд цаашид үр өгөөжтэй, ашигтай ажиллах боломжтой гэж тооцоолсон байна. Одоогийн байдлаар тус станцыг "Ашиглалтын өмнөх захиргаа" хариуцан ажиллаж байгаа юм.

Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг баталлаа.

Манай улс Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлээ 2015 оны 5 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ажлын хэсгийн ээлжит 22 дугаар хуралдаанаар амжилттай хэлэлцүүлж хамгаалсан юм. Энэ удаагийн хэлэлцүүлгийн дүнд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болон ажиглагч 64 улс нийт 164 зөвлөмж өгснөөс Монгол Улс 150 зөвлөмжийг хүлээн авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Зөвлөмжийг хэрэгжүүлэх 2011 оны анхны төлөвлөгөө нь зөвлөмжүүдийг багцлаад хариуцах байгууллагыг тодорхойлсон хэлбэртэй байсан бол энэ удаагийн төлөвлөгөөнд 150 зөвлөмжийг агуулгаар нь 12 бүлэгт багцалж, хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг тусгах зарчим баримталсан байна. Ингэснээр зөвлөмжийг хэрэгжүүлэх үндсэн чиглэл тодорхой болж, хэрэгжилтийг үнэлэх боломж бүрдэх бөгөөд иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс тавих хяналт сайжрах юм. Мөн тус төлөвлөгөөнд үндэслэн холбогдох байгууллагууд нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллахаар тусгажээ.

ТОВЧ МЭДЭЭ

- Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод Элчин сайдын яам, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Элст, БНХАУ-ын Шанхай, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод Консулын газар тус тус нээх асуудлыг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.

- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

- Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдийн 2015 оны ажлын тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хүргүүлэх зөвлөмжийг дэмжлээ.

- Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт орууллаа. Гааль, татварын ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсантай холбогдуулан нэмж шаардагдах зардлыг Монгол Улсын 2016 оны төсвийн хуулиар батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.

- Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь Конвенцийн Парисын хэлэлцээрт гарын үсэг зурах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцсөний дагуу уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

- Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганболдыг эргүүлэн татаж, Д.Чадраабалыг томиллоо.

- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment