2016/04/07

С.Лавров Улаанбаатараас Токио рүү ниснэ

Нэг сар орчмын өмнөөс нь сураг нь дуулдаж байсан ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын Монгол улсад хийх ажлын айлчлалын товыг өчигдөр Гадаад хэргийн яам зарлалаа. Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Сергей Лавров ирэх долоо хоногийн Пүрэв гариг буюу дөрөвдүгээр сарын 14-нд нэг өдрийн айлчлал хийнэ. Айлчлалын зорилго, хөтөлбөрийн талаар тодорхой мэдээлэл алга байна. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захаровагийн Лхагва гаригт мэдэгдсэнээр айлчлалын хөтөлбөрийг бүрэн эцэслээгүй байгаа ч тун шахуу байх аж. "Айлчлалын явцад хоёр улсын Гадаад хэргийн сайд хэлэлцээр хийж, хоёр улсын харилцааны одоогийн байдал болон цаашдын хөгжлийн талаар, мөн бүс нутгийн тулгамдаж буй асуудлаар ярилцана" хэмээн Мария Захарова мэдэгджээ. Мөн Монгол-ОХУ-ын хоорондох стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг сайшаан батална. Энэ хөтөлбөр нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины 2014 онд Монгол улсад хийсэн айлчлалын үеэр ярьж тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг хэрэгжүүлэх зорилгоор боловсруулсан баримт бичиг бөгөөд улс төр, худалдаа-эдийн засаг, хүмүүнлэг, олон улсын харилцаа гээд өргөн хүрээг хамарч байгаа юм. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр Монгол-ОХУ-ын харилцаанд шинэ өнгө, эрч хүчийг нэмнэ гэж М.Захарова онцолсон байна.

Монголын Гадаад хэргийн яамны албан мэдээнд Сергей Лавров Улаанбаатарт байх хугацаандаа Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай уулзана гэсэн боловч Оросын талын эх сурвалж үүнийг нотлохгүй байна. ОХУ-ын  ГХЯ-ны албан эх сурвалжид дурдагдсан "олон улсын форматаар тулгамдсан асуудлаар харилцан хамтран ажиллах талаар ярилцана" гэсэн үгс анхаарал татаж байна.

Сергей Лавров Улаанбаатараас Японы Токио хот руу хөлгийн жолоо залах юм. Токиод тэрбээр Японы Гадаад хэргийн сайд Фумио Кисидотай уулзах бөгөөд Японы айлчлалын хөтөлбөр ч мөн эцэслэгдээгүй байгааг М.Захарова Лхагва гаригт мэдээлжээ.

Ерөнхийлөгч В.Путины 2014 онд Монгол улсад хийсэн айлчлалын үеэр нийтдээ 15 баримт бичигт гарын үсэг зурсан юм. Тухайлбал,

  • Иргэдийн харилцан зөрчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр

  • Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр

  • Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх журмын тухай гүйцэтгэх протокол

  • Ойг гал түймрээс хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр

  • Монгол Улсын Хууль зүйн яам, ОХУ-ын Хууль зүйн яам хоорондын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр

  • Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, ОХУ-ын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

  • Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам тээврийн яам, ОХУ-ын Тээврийн яам хоорондын санамж бичиг

  • Монгол Улсын Зам тээврийн яам болон ОХУ-ын "Оросын төмөр зам" НХН хоорондын Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр

  • Монгол-Оросын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам болон ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам хоорондын хамтран ажиллах тухай санамж бичиг

  • Монгол Улсын иргэдийг газрын тосны "Роснефть" НХН-ийн түнш дээд сургуульд суралцахыг дэмжих тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам,  газрын тосны "Роснефть" Нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын хэлэлцээр

  • Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай протокол

  • Монгол Улсын Сангийн яам болон Холбооны төрийн сан /Оросын төрийн сан/ хоорондын техникийн хамтын ажиллагааны санамж бичиг

  • Монгол Улсын Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

  • Монгол Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, ОХУ-ын "Россия сегодня" Олон улсын мэдээллийн агентлагийн хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг

  • "МИАТ" ХК болон "Аэрофлот" компани хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг.

Д.НАРАНТУЯА

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment