2016/04/05

Хэн дуртайгаа тагнаж чагнадаггүй гэлээ

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Тус байнгын хороогоор өнөөдөр /2016.04.06/ Эрүүгийн процессийн шинэчлэлтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэх хуваарьтай.

Одоогоор эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр ажлын хэсгийнхнээс асуулт асуулаа. Тэрээр "Мөрдөн шалгах байгууллагууд авсан хэргээ илрүүлж чадахгүй болохоор хоорондоо "хөл бөмбөг" шиддэг. Үүнээс сэргийлж хуульчилсан зүйл байна уу. Субъектийг тухайн хэрэгтэй холбоотой шалгана гэх мэт ямар нэгэн хуулийн хязгаарлалт тавьж өгөх хэрэгтэй. Учир нь субъектийг мөрдөж байгаа байгууллага нь өөрөө тогтооно гэхээр хэн дуртай хүн дээрээ үйл ажиллагаа явуулаад, тагнаж чагнаад болж өгөхгүй байна" гэсэн юм.

Уг асуултанд Хууль зүйн сайд Д.Дорлигжав хариуллаа. Тэрбээр:

 -Мөрдөн шалгах үйл ажиллагааг хэн явуулах нь тодорхой. Бид нэг талаас мөрдөн шалгах ажиллагааны бүх аргыг хуулиар тогтоож энэ төсөлд оруулж өгсөн. Субъектийг тодорхойл гэдэг дээр бол хоёр ялгаатай харгалзах зүйл байна. Нэг тохиолдол нь яллагдагчаар татаад эрүүгийн хэрэг үүсгэчихсэн, энэ хэргээ цаашид шалгахын тулд нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох шаардлагатай гэж үзсэн тохиолдолд нууц ажиллагаа явуулах юм. Тэрнээс биш хэн дуртайгаа тагнаж, чагнадаг зүйл байхгүй. Хоёрдугаарт урьдчилан сэргийлэх шинж чанартай мэдээлэл ирдэг. Энэ мэдээлэл дээр тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлага тулгардаг. Ийм асуудал аль ч улсад байдаг. Уг асуудлыг нэг бүрчлэн хуулийн заалт болгох оруулж ирэх гэхээр их төвөгтэй. Тиймээс аль хэсгийг хуульчлах талаар жич ярья гээд орхисон гэсэн юм.      

Энэхүү хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 190 гаруй санал, найруулгын зөрүүтэй 100 гаруй саналыг томьёолж, санал хураах ажил үргэлжилж байна.

Т.ДАВААНЯМ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment