2016/04/07

Бидэнд нэгдэл хэрэгтэй байна

Өнгөрөгч даваа гаригт С1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцсон Төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Д.Сосорбарамын хэлсэн нэг үг анхаарал татав. Тэрбээр  "Монгол үндэстний эрх ашгийн төлөө эе эвээ ололцоод, нэгдэх ёстой" гэсэн байр суурь илэрхийлсэн бөгөөд энэ үгийг Монголын улс төрийн намууд болон улстөрчдөд хаяглагдсан.

Сонгуулийн хавар болоод ч тэр үү, намууд хоорондоо төдийгүй нам дотроо үүд хаалгаа эвдэж,  өрх гэрээ аваад шидчих нь үү гэлтэй үзэлцэж байна. Энэ зодоон ганцхан АН-д илэрч харагдаад байгаа асуудал биш. МАН, МАХН, МҮАН, ХҮН гээд олон нам дотроо толхилцоонтой, фракциуд нь  асуудалтай байна. Ганцаараа нам байгуулж гүйгээд байгаа Л.Гүндалай л эв нэгдэлтэй байна.

МАН-ын хотын фракц нь Сү.Батболдын фракцтайгаа таарч тохирохоо больсон, тэнд далд болохоос "дайн зарласан" гэх хов жив Тусгаар тогтнолын ордноос тархах болсон. Намын дарга М.Энхболд хотын фракцийг үндэслэгч. Хотын голдуу нөхдөө жагсаалтад эрэмбэлэх гэснээс болоод бусад нь сэтгэл дундуур байгаа гэх яриа байна. Хэрүүл,зодооноо ил гаргахгүйгээр "малгай" дотроо хийчих чадвартай МАН-д албан бусаар М.Энхболдын, С,Батболдын, У.Хүрэлсүхийн гэх хуваагдал байдаг нь үнэн. Сонгуулийн тойрог хуваарилалт болон жагсаалтын эрэмбэ дээр энэ хуваагдлаа яаж зохицуулах вэ гэдэгт намын даргын толгой ид "гашилж" байгаа болов уу даа.

МАХН-д Н.Энхбаярыг долоогчид ба эсэргүүцэгчид гэх хуваагдал хүчтэй илэрсэн гэнэ. Үүнийг О.Баасанхүү, Л.Цогоос эхлээд эхнээсээ ил тодоор зарлах болсон. ИЗНН-д Ардчилсан намд нэгдэнэ, нэгдэхгүй гэсэн талцал дотооддоо бас л сэмхэн өрнөж байна

Гол нь эрх баригчдын үг, үйлдэл болгон олны нүдэн дээр ил байгаа болохоор л Ардчилсан нам ганцаараа эв түнжин муутай юм шиг харагдаад байгаа юм.

Нэг талаасаа намуудын дундах хэрүүл нийгэм эдийн засагт сөргөөр нөлөөлж буй ч, нөгөө талаас нь харвал хэрэлдэж, муудалцаад ч болтугай асуудлаа дэлгэж ярина гэдэг муугүй чанар. Огт хэрэлдэхгүй, огт муудалцдаггүй улс төр гэж хаана ч байдаггүй байх. Учир нь, нам бол үзэл бодлоос гадна хүмүүсийн нэгдэл. Олон хүн сайтай, муутай гэгчээр үзэл бодол, санаа сэтгэл таарч тохирохгүй байх явдал бий. Гэхдээ гол эрх ашиг нь намуудын хувьд ч, фракциудын хувьд ч эх орны эрх ашиг дээр л эвлэлддэг байх ёстой юм.

Нөгөө талаар намуудын доторх энэ "зодоон" саарал ордны хэрүүл байхаа больж, нийгмийг талцуулж, хуваах хэмжээнд аваачиж байна. Монголчууд хэрүүл, зодоонд дуртайдаа ингээд асуудал болгон дээр хоёр хуваагдаад, талцаад байгаа юм биш л дээ.   Өнөөдөр үүсээд байгаа асуудлын буруутан нь хүндээ гэхээсээ илүү өнөөгийн улс төрийн намуудын тогтолцоонд байна гэж харагдаж байна.

Улс төр, нийгэм дэх хуваагдал нь хэрэв энэ янзаараа үргэлжилбэл Монголын нийт эрх ашиг, үндэсний аюулгүй байдал эмзэг хэврэгхэн болно гэсэн үг. Иймээс л монголчуудад эв нэгдлээс өөр хэрэгтэй "эм, тариа" үгүй болжээ. АН байна уу, МАН байна уу, МАХН, МҮАН байна уу бүгд Монгол гэх ганцхан завинд сууж яваа.

Бид алийн болгон үүрээ эвдүүлсэн шоргоолж аятай УИХ нь Засгийн газартайгаа, Ардчилсан нам нь МАН-тайгаа муудалцаж, улс орны ирээдүй, эдийн засгаа хөлдөө чирч амьдрах билээ. Энэ монголчууд бидний тэмүүлж, хүсч байгаа нийгэм биш шүү дээ.

Энгийнээр бодоод үзэхэд л, үргэлж хэрүүл, зодоонтой айлын амьдрал уруудаж байсан уу гэхээс дээшилж байсан тохиолдол байдаггүй л болов уу. Монголыг нэг том айл гэвэл бид асуудлаа ярилцаж, хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй юм. Намууд ч тэр, улстөрчид ч тэр нэг голын хоёр эрэг дээрээс бие бие рүүгээ чулуу шидэж боллоо. Одоо бүгд шарх сорви боллоо больцгоое.

Хол ойр, гадна дотноос шидсэн бүх чулууг бариад өнгөрсөн 26 жил монголчууд өөр хоорондоо хангалттай үзэлцлээ. Энэ бүхний эцэст олон олон боломж алдагдаж, эдийн засаг, нийгмийн хөгжлөөрөө бид л хохироод үлдэнэ.

Бүх нам эх орноо хөгжүүлэх зорилготой, бүх л улстөрч ээж, аав, үр хүүхэддээ хайртай байж таарна. Бид жижиг эрх ашгийн төлөө том хэрүүл үүсгээд том эрх ашгаа л хохироож болохгүй юм. Бидний том эрх ашиг бол ганцхан Монгол Улсын хөгжил дэвшил билээ.

Ж.ЭРХЭС

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment