2016/04/06

Тосон бумбын нурууг хамгаалалтад авна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэхүү төслийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар санаачлан боловсруулсан аж.

Төсөлд Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад хамруулахаар заажээ. Улсын тусгай хамгаалалтад авахаар санал болгож буй дээрхи газарт хэсэгчилэн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон байгааг судалж үзээд хилийн заагийг тогтоосон болно. Дээрхи газрыг тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулсанаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ өсөх юм байна.

Тост, Тосон бумбын нуруу нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Даланзадгад хотоос баруун зүгт 308 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн  хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог байна. Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн  нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай идээшин амьдардаг цөөн нутгийн нэг бөгөөд судлаачдын үзэж буйгаар энэ нь дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний онцгой амьдрах орчин болж буйгаараа чухал ач холбогдолтой газар аж.

Экологийн эмзэг, өвөрмөц орчин болсон газар нутгаа хамгаалах асуудалд нутгийн засаг захиргаа, иргэд онцгой анхаарал тавьж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХТ-ийн 2010 оны зургадугаар сарын 30-ны өдрийн хурлаар Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 668912 га талбайг "Орон нутгийн хамгаалалтай газар" болгосон байна. 

Гурвантэс суманд өнөөгийн байдлаар эрчимтэй хөгжиж буй уул уурхайн нөлөөнд Тостын нуруу хүчтэй өртөж байгаа тул цоохор ирвэсний амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах зорилгоор ангилал дээшлүүлэн улсын тусгай хамгаалалтад оруулах зайлшгүй шаардлага тулгарч буй аж.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.ДАРЬ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment