2016/04/04

МАН-ын мөнгөтэй жагсаал

Хахир өвлөөр саарал ордныг нураах шахам "оволзож" байсан улс төр хаврын төлөвлөгөөндөө орж, намуудын болон бүлэглэлүүдийн эрх ашгийн төлөөх тэмцэл гудамжнаа шилжлээ.

Тэдний зорилготой, найруулгатай, тавилттай, гол дүртэй, туслах жүжигчидтэй гудамжны тайзны  жүжигчилсэн үзүүлбэрүүд лав сонгууль хүртэл үргэлжилнэ. Энд гайхаад байх ч асуудалгүй,  үе, үеийн сонгуулийн хавар ийм л хуйсагнуур болдог нь бараг уламжлал  шахуу болчихсон хойно.  Жагсаал цуглаангүй улирал ч гэж байхаа больсон доо, ер нь бол.

Сонгуулийн хуулиас болж, хар машинаар сор залан өнгөрсөн өвлийн хамгийн сүүлийн улс төрийн акцыг зохион байгуулж явсан МАН-ынхан энэ хавар юу гэж зүгээр суух билээ.  Тэр тусмаа сонгууль ойртож байхад эрх баригчдыг муулахгүй бол МАН-д өөрөөр өөрсдийгөө сурталчлах ажил ямар  байх биш.

Тиймдээ ч өчигдөр Ялалтын талбайд "Монголоо аваръя" гэх улаан хувцастнуудын театрчилсан тоглолтыг МАН-аас зохион байгууллаа. Өмссөн хувцас, харагдах өнцөг, хайрцаглагдсан зохион байгуулалтаас харахад үнэхээр ч өнгөтэй, мөнгөтэй жагсаал гэдэг нь илт ойлгомжтой харагдсан. Ийм сэтгэгдэл ч олон хүнд төрсөн байх.

Монгол Улсын иргэн хэнд ч үзэл бодлоо чөлөөтэй  илэрхийлж, үгээ хэнээс ч айлгүй хэлэх эрх нь нээлттэй бий. Мөнгө нь байгаад жагсагчид нь олддог юм бол хэн хаана ямар театрчилсан тоглолт зохион байгуулах нь дурын хэрэг. Ёстой л жагсах ёстой юм бол жагсана л биз. Жагсаах шаардлагатай бол бол жагсаана л биз. Гол нь ийм байдлаар иргэдийн толгойг угааж, эрх ашгийнхаа төлөө хэн нэгнийг хөлслөөд, жагсаал зохион байгуулаад эцэст нь иргэдэд  ямар  ашигтай вэ.  Эдгээр жагсаалыг хэн ямар зорилгод ашиглах гэж, нөгөө талаар ямар эрх ашгаа хамгаалах гэж зохион байгуулах буйд л хамаг учир байгаа юм.

Энэ мэт гудамжны театрчилсан, найруулгатай, тодорхой зорилготой, эрх ашигтай ийм жагсаалуудад иргэд үнэндээ итгэхээ болиод удаж байна.  Өнгөрсөн 26 жилийн хугацаанд иргэд итгэл үнэмшлээрээ ингэж жагсах нь их цөөн, сүүлийн жилүүдэд бараг ховордсон үзэгдэл болсон доо. Ихэнхдээ аль нэг нам, улстөрчийн эрх ашгийг хамгаалах цөөн хэдэн "хөлсний жагсагчид" Монголд бий болсон, иргэдийн нэрээр тархи угааж байгаад эрх  мэдэлд хүрдэг нь жам ёсных ч болж байх шиг.  Иргэний хөдөлгөөнүүдийн удирдагчид нь саарал ордонд ороод, эрх мэдлийнх нь гишгүүр болсон иргэдийнхээ амьдралыг "хорлоод" явж байгаа нь нэг хоёроор тогтохгүй.

Хараажаар үнэтэй, мөнгөтэй нь ил, эрх ашгаа хамгаалуулсан, эрх баригчид нь сөрөг хүчинтэйгээ нийлээд гудамжинд гараад зогсчихсон,  өөрийн зорилготой, өнгө төрхтэй, өөр өнцөгтэй, имижтэй, найруулгатай жагсаал  энэ хавар нэжгээд удаа зохион байгуулагдав.  Эхнийхийг нь "Жудагт Монгол"-оос санаачилж,  дараагийнхыг нь МАН-ынхан гардан зохион байгуулжээ. Гайхамшигтай жүжигчилсэн жагсаалууд цаашид ч үргэлжилнэ. Гол нь ингэж жүжиглэж байгаад л эрх мэдэл хүрэхээрээ иргэдээ ор тас мартчихгүй л бол шүү дээ.

Энүүхэндээ гэхэд МАН засагт найман сар ажиллахдаа, мөн УИХ-д 26 кноп бүхий сөрөг хүчний хувьд Монголоо аврах боломж байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь, сав л хийвэл завсарлага авч, сандал суудлын хэрүүл хийсээр МАН-ынхан өнгөрсөн дөрвөн жилийг үдсэн гэвэл худлаа болохгүй байх.  Ерөнхийдөө эрх мэдэлтэй явсан улстөрчид болоод намууд иймэрхүү гудамжинд инээдмийн драм тоглох нь иргэдийн төлөө гэхээсээ эрх ашгийнх нь нэгээхэн тэмцэл байв уу гэж харагдаж  байна.

Эцэст нь нэг асуулт байгаа нь, энэ мэт театрчилсан гудамжны жагсаалын үнэ ханш яг хэд вэ гэж?

Ж.ЭРХЭС

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment