2016/04/12

АН, МАН-ын нууц тохиролцоо

-Энэ удаагийн сонгуульд цэнхэрүүд дангаараа, улаанууд эвсэх, нэгдэх хэлбэрээр оролцох дүр зураг ажиглагдаж байна-

Зургадугаар сарын 29-ны Лхагва гаригт Монгол Улсын парламентын сонгууль явагдана гэж товлогдсон бөгөөд өнөөдрөөс тоолбол хоёр сар гаруй хугацаа үлджээ. Намууд нэр дэвшигчээ тодруулах, мөрийн хөтөлбөрөө боловсруулах гээд ид ажилтай байна. Учир нь хуульд зааснаар намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, аудитаар баталгаажуулсан байх ёстой хугацаа дөрөвдүгээр сарын 20-ноор дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, аудитаар батлуулах  долоо хоногийн хугацаа намуудад үлдсэн гэсэн үг.

Дээр шинэ оны өмнө өөрчилсөн Сонгуулийн хуульд дахин гар дүрэхээр АН,МАН-ынхан "амьсгаа дээгүүр" явна. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өчигдөр хэвлэлийн бага хурал хийхдээ "Сонгуулийг мажоритор системээр явуулахаар болсон" хэмээн ам алдсан нь үнэний ортой гэдгийг улс төрийн хүрээнээс сонсогдож байгаа ярианууд нотолж байна.

Хамгийн сүүлд гарсан "Сант Марал"-ын судалгаагаар АН,МАН-ын рейтинг ойролцоо, гэхдээ 20 хувиас хэтрээгүй.  Тиймээс АН, МАН-ынхан сонгууль болохоос хоёр сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж,  48:28 гэсэн пропорциональ системээр биш олон мандат бүхий жижигчилсэн тойргоор буюу 76  мажоритор системээр явуулахаар тохиролцсон гэдгийг АН,МАН-ын гишүүд үгүйсгэхгүй байгаа юм. Тодруулбал, жагсаалтын 28-ыг болиулж хөдөөгийн тойргийг 18-аар хотын тойргийг 10-аар нэмэхээр  өөрчлөлт оруулсан Сонгуулийн шинэ хуулийн төслийг  өнөө, маргаашгүй УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна.  Энэхүү хуулийн төсөл УИХ-аас дэмжлэг авсан тохиолдолд  жагсаалтаар УИХ-д сонгогдоно гэсэн ойлголт байхгүй болно.  Энэ тохиолдолд намууд 76 нэр дэвшигчээ тойрогт өрсөлдүүлнэ гэсэн үг.

МАН-ын зүгээс сонгуулийг жижигчилсэн тойргоор буюу 2008 он хүртэл мөрдөж ирсэн  мажоритор системээр явуулах саналыг аль эртнээс дэвшүүлж ирсэн юм. Харин Ардчилсан намын зүгээс энэ хувилбарыг дэмжээгүй бөгөөд шинэ оны өмнө баталсан Сонгуулийн хуулиар 2012 оны сонгууль шиг 48:28 гэсэн холимог системээр сонгуулийг явуулахаар хуульчилсан.  Гэхдээ нийслэлийн мандатыг нэмэх асуудлыг АН-аас эхэлж тавьсан бөгөөд харин МАН-ын зүгээс "Тэгвэл жагсаалтын 28-ыг тойрогт хуваарила" гэсэн шаардлагыг сөргүүлж тавьсан билээ.  Дөрвөн сарын өмнөхөн баталсан шинэ хуульд  таван хувийн босго тавьж, тойрогт санал аваагүй намыг бусдад нь хуваахаар суулгасан юм.  

Тэгвэл АН,МАН-ынхан батлаад удаагүй, "ашиглагдаагүй" байгаа хуулиа дахин өөрчлөхөөр санаа шулуудсан аж.  АН, МАН-ын рейтинг адилхан уналттай, дээр нь намуудын дунд жагсаалтын наймаа, хор хэрүүл ихтэй байгаа нь нөлөөлсөн үү, ямар ч байсан жижигчилсэн 76 тойргоор сонгуулийг явуулах тохиролцоонд нэгэнтээ хүрсэн бололтой. Энэ тохиолдолд  жижгүүдэд ашиггүй. Сонгуулийн сурталчилгааг ердөө 17 хоног явуулахаар хуульчилсан нь шинэ хүн гарахад тун бэрхшээлтэй болно. Нөгөө л улиг болсон гишүүд дахин сонгогдох магадлал өндөртэй болж байна гэсэн үг. Энэ нь АН болон МАН-д илүү ашигтай хувилбар. Ийм асуудал гарч магадгүй гэснээс дөрвөн сарын өмнө баталсан Сонгуулийн хуульд "Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг шинэчилэн батална" гэсэн заалтыг АН, МАН-ынхан "мартаж, гээсэн" шалтгаан нь энэ байж болох.

Хэрэв холимог буюу 48:28 системээр сонгуулийг явуулах жижиг намуудад илүү ашигтай хувилбар. Гэвч, парламентад 35 ба 26 кноп бүхий хоёр том нам хүч түрэн сонгуулийг мажоритар системээр явуулна гэвэл жижгүүд яаж ч тийчлээд нэмэргүй.

Мөрийн хөтөлбөрөө аудитаар баталгаажуулах хугацаа нь ирэх долоо хоногийнЛлхагва гаригт дуусгавар болох учраас  сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн боловсруулахаар намууд хурлын товоо ар араасаа зарлаж байна. Өнгөрсөн бямба гаригт Их тэнгэрт бүлгийн хуралдаанаа хийсэн АН-ынхан ирэх бямба гаригт Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулахаар товложээ. Энэхүү хурлаараа сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэхээс гадна, яаж оролцох, мөн өөр бусад асуудлаар ярилцана гэдэг мэдээллийг тус намаас өгч буй. Тэгвэл ИЗНН-ын Үндэсний хороо мөн ирэх бямба гаригт хуралдаж, ХҮН, МҮАН-аас тавьсан эвсэх, нэгдэх асуудлыг хэлэлцэх юм байна. Харин ирэх даваа гаригт буюу энэ сарын 18-нд Монгол ардын намынхан Бага хурлаа хийж, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон МАХН-тай эвсэх асуудлаа нэг мөр эцэслэхээр болжээ. 

Эрх баригч Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд дангаараа оролцохоор  болж байна. Хэдийгээр ИЗНН болон МҮАН-д эвсэх, нэгдэх санал хүргүүлсэн ч тус намуудын зүгээс АН-тай нэгдэх боломжгүй гэдгээ дуулгасан.  МҮАН-ын зүгээс ИЗЗН болон Эх орон намтай нэгдэж, Их эвсэл байгуулах сонирхолтой байгаа бөгөөд саналаа  албан ёсоор илэрхийлээд буй.  ИЗНН-ын зүгээс  Хөдөлмөрийн үндэсний намтай эвсэх сонирхолтой байгаа. Энэ асуудлыг ирэх бямба гаригт болох Үндэсний хорооныхоо хурлаар шийдэх гэнэ.

Тэгвэл энэ удаад улаанууд эвсэх, нэгдэх хэлбэрээр сонгуульд оролцож магадгүй байна. Энэ сарын 18-нд болох МАН-ын бага хурлаар олонх нь МАХН-тай нэгдэхийг дэмжвэл улаануудын хувьд ашигтай хувилбар болно гэсэн үг. Н.Энхбаярын зүгээс  сонгулуьд ялсан тохиолдолд эрх мэдлийн хуваарилалтыг 60:40 гэсэн хувилбараар хуваана гэсэн шаардлага тавьсан ч МАН хүлээж аваагүй. Харин МАН-аас тавьж байгаа 75:25 гэсэн хувилбарыг хэрэв Н.Энхбаяр зөвшөөрбөл ирэх зургадугаар сарын 29-нд болох сонгуульд МАН, МАХН нэг тугийн дор нэгдэж, өрсөлдөх дүр зурагтай байна. Харин МҮАН, ХҮН, ИЗНН, Эх орон намууд нэгдэж ИХ эвсэл байгуулсан тохиолдолд Монголын төрд татсан МАНАН-г сарниах боломж бас бий.

Ж.НЯМСҮРЭН

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment