2016/04/02

З.Энхболд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдтэй уулзалт хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын орон нутгийн томилолт үргэлжилж, өнөөдөр /2016.04.02/ Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ажиллан, Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолууд, эдийн засгийн зарим асуудлууд, бүтээн байгуулалт, бондын талаар болон барилгын салбар, ипотекийн талаар, хөдөө aж aхуйн салбарын талаар танилцуулж, мэдээлэл хийсэн юм. 

Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа эхэнд, 2015 оны намрын ээлжит чуулган 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын хороо 131 удаа хуралдаж, нийт 426 хууль, 64 тогтоол баталлаа. Эдгээрээс бие даасан хууль 29, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 355, олон улсын гэрээ конвенц соёрхон батлах тухай 11 хуулийг тус тус баталсан гэлээ.

2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хуулиудаас Хүний эрх эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр батлагдсан хуулиудыг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Монгол Улсын Эрүүгийн хуулийг 13 жилийн дараа шинэчилж байгаа бөгөөд Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаарх олон улсын эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг нутагшуулах болон бусад шаардлагаар шинэчлэн баталжээ. Энэ хүрээнд ялын бодлогыг өөрчилж, хорихоос гадна зорчих эрхийг хязгаарлах, хорих, эрх хасах, торгууль оногдуулахаар зохицуулсан байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бэлгийн мөлжлөг, бэлгийн дарамт учруулах, заналхийлэх, зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийх, хууль бусаар мөрдөж мөшгих, сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах гэх зэрэг шинэ төрлийн гэмт хэргүүдийн талаарх хууль, эрх зүйн зохицуулалтуудыг тусгасан байна. 

Дараа нь торгох ял оногдуулдаг Зөрчлийн тухай хуулийг танилцуулсан юм. Захиргааны хариуцлагын тухай болон бусад 210 гаруй хуулийн хүрээнд эрх зүйн зохицуулалт хийгддэг байсан 1250 орчим зөрчилийн хариуцлагын зохицуулалтуудыг нэгтгэн Зөрчлийн тухай хуулийг баталжээ. 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх эдгээр хууль болон бусад хууль, тогтоомжийг иргэд "Төрийн мэдээлэл" эмхэтгэлээс бүрэн эхээр нь уншиж танилцах боломжтой. Мөн www.parliament.mn цахим хуудаснаас татаж авч, уншиж танилцах боломжтой талаар Улсын Их Хурлын дарга танилцуулгадаа дурдаж байв.болно хэмээсэн. 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль, Хамтын тэтгэврийн тухай хууль болон 07 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр болох Захиргааны ерөнхий хуулийн талаар танилцуулсан юм. Монгол Улсын хэмжээнд төрийн байгууллага бүр, төрийн албан хаагч бүр нэг стандартаар иргэнд үйлчилгээ үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг хийсэн байна. Стандартын дагуу ажиллаагүй төрийн албан хаагчийг ажлаас нь халах хүртэл хариуцлага тооцохоор хуульчилжээ. Түүнчлэн газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулан эрчимжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйн зөрчлийг багасгах зорилгоор батлагдсан Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар танилцууллаа. 

Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа үеэр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдэд улс орны эдийн засгийн зарим асуудлын талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын орлогын эх үүсвэр болсон алт, зэс, төмрийн хүдэр, алтны үнэ дэлхийн зах зээл дээр унасан. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт орж ирж байсныг тэмдэглээд, Оюу толгойн далд уурхайг 2016-2018 онд жилд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм. Энэ хөрөнгө оруулалтын 80 хувь нь Монгол Улсад үлдэх юм. Тодруулбал, далд уурхайн бүтээн байгуулалтад цемент, арматур, ажиллах хүч тун чухал бөгөөд Монгол Улсад эдгээр нь хангалттай байгаа учраас далд уурхайн бүтээн байгуулалтыг Засгийн газар зөвшөөрсөн гэлээ. Уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалт манай улсын нийт гадаадын хөрөнгө оруулалтын гуравны хоёр, үлдсэн нь уул уурхайн бус салбарт оруулсан хөрөнгө оруулалт байсан талаар танилцууллаа. Дэлхийн түүхий эдийн зах зээлийн үнийн өөрчлөлт дотоодын эдийн засагт нөлөөлж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш 2.3 дахин унасан. Бусад орнуудын хувьд нөхцөл байдал хүндхэн байгаа. Харин Монгол Улсын хувьд Оюутолгойн хөрөнгө оруулалт хийгдэж, мөн Улсын Их Хурал, Засгийн газраас "Чингис", "Самурай" бондыг авсан нь эерэг нөлөөтэй. 

Валютын ханш өсөх хэрээр импортын барааны үнэ өсч, нөгөө талд дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний эрэлт өсдөг байна. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалт их байх хэрээр үйл ажиллагаа нь өргөжин, олон монгол хүн ажлын байртай, тогтмол орлоготой болж байгаа эерэг нөлөөллийг харах хэрэгтэй. Тухайлбал, 1 ам.доллар 1000 төгрөгтэй тэнцэж байвал Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр хаалгаа барихад хүрнэ. Учир нь импортын цемент илүү хямд байх учраас хэрэглэгчид Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй. Энэ мэтээр валютын ханш буурахад импортын худалдаа эрс нэмэгдэж, үндэсний үйлдвэрлэгчид хямд өртөгтэй импортын бараатай өрсөлдөж чадахгүйд хүрч үйл ажиллагаагаа зогсооно. Ингэвэл ажилчид халагдаж, монголчууд орлогогүй, ажилгүй болох эрсдэлтэй. Тиймээс төр засгаас валютын ханшид оролцдоггүй болохыг танилцуулгадаа онцолж байсан юм. 

Мөн тэрээр "Чингис", "Самурай" бондын хөрөнгийг үндэсний үйлдвэрээ хөгжүүлэхэд, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто замын бүтээн байгуулалтад зарцуулсан. Бондын хөрөнгийн зарцуулалт янз бүрийн хэлбэрээр эргэн төлөгдөх бөгөөд үр дүнд нь Монгол Улсын хөгжил тодорхой хэмнэлээр хурдасч, зээл төлөвлөгөөнийхөө дагуу төлөгдөнө. 

2015 оны эхний хагас жилийн байдлаар 1055 үйлдвэржилтийн төслийг бондын хөрөнгөөс санхүүжүүлээд байна. Эдгээрийн 15 хувь нь 2014 онд, 2015 онд 77 хувь нь ашиглалтад орсон бол 23 хувь нь энэ онд ашиглалтад ороход бэлэн болоод байна. Нийт үйлдвэрлэл 80.4 хувиар өсч, гадаад худалдааны тэнцэл эерэг болсон үр дүн харагдаж байна. Хамгийн гол нь 6123 монгол хүн аж үйлдвэрийн салбарт ажлын байртай болсон. Энэ хэрээрээ иргэд, өрх бүрт эерэг нөлөө үзүүлсэн байна. 

Улсын Их Хурлын дарга эрчим хүч, авто зам, инженерийн дэд бүтэц, барилгын салбарт оруулсан хөрөнгө оруулалтын тайланг танилцуулан, үр ашгийн талаар мэдээлэл өгсөн юм. Мөн улсын өрийн талаар бодит мэдээллийг танилцуулж, ДНБ дэх Засгийн газрын өрийн хэмжээ нь манай улстай адилхан 35 улс байгаа бөгөөд бондын төлөлт хэвийн явагдаж байгаа тохиолдолд санаа зовох зүйлгүй гэдгийг Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа үеэр хэлж байсан. Хамгийн чухал нь зээлээ ирээдүйн эдийн засгийнхаа суурийг тавьж чадсан уу, хэрэглээндээ зарцуулаад дуусгачихсан уу гэдэг нь чухал. "Чингис", "Самурай" бондын хөрөнгийг улс орны хөгжлийг хурдасгах зүйлд зөв зарцуулж чадсан, үүнийг өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрийн газрууд, шинээр орон сууцанд орж буй иргэд, хатуу хучилттай автозамаар зорчиж буй иргэд бодит гэдгийг хэлэх нь лавтай гэсэн юм. 

Бондын хөрөнгөөс 286.3 тэрбум төгрөгийг аж үйлдвэржилтийн 696 төсөлд санхүүжилт болгон зээлсэн байна. Мөн хөдөө аж ахуй, хөнгө үйлдвэрийн 165 төсөлд 207.3 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр олгосон бол эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болохыг тэрээр хэлж байлаа. 

Монгол Улсын өрийн хэмжээний талаарх буруу мэдээлэл иргэдийг төөрөгдүүлж байгааг Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа үеэр тэмдэглээд "Зээл авах нь санхүүгийн энгийн харилцаа бөгөөд улсын авсан зээлийг бонд гэж нэрлэдэг. Чингис, Самурай бондын хөрөнгө болох 1.8 тэрбум ам.долларын хөрөнгөөр Монгол Улс сүүлийн гурван жил эдийн засгаа хөдөлгөж байна. Макро эдийн засагт ч, ханшийн хөдөлгөөндөө ч, бодит сектортоо ч энэ хөрөнгийг хэрэглэсэн" гэлээ.

1921 оноос хойш 91 жилийн хугацаанд 2.964 км зам барьсан бол 2013-2015 онд 2.720 км замыг ашиглалтад оруулжээ. Энэ онд 1.284 км зам ашиглалтад орох бөгөөд эдгээрийг бондын хөрөнгөөр санхүүжүүлсэн болохыг тайлагнасан. Мөн эрчим хүчний бүтээн байгуулалтад зарцуулсан болохыг дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Төр засгаас үйлдвэрүүддээ зээл өгч санхүүгийн дэмжлэг, автозам тавьж дэд бүтцийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд эдгээр нь бүгд тодорхой хугацааны дараа эргэн төлөгдөнө. Цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлсөн, шинээр орон сууц худалдан авсан, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа, улсаас хангасан эрчим хүч, дэд бүтцийг ашиглан үйл ажиллагаа явуулан татвар төлж буй бизнес эрхлэгчид бүгд бондын хөрөнгийн эргэн төлөлтөд оролцож байгаа талаар Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа үеэр тайлбарлалаа. 

Төр үндэсний үйлдвэрлэгчдэдээ эрх зүйн орчинд дэмжлэг үзүүлж, татварын зохицуулалт, хуулиар зах зээлийг нь хамгаалахаар Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталж, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Үндэсний үйлдвэрлэгчид хямд үнэтэй импортын бараатай өрсөлдөхөд хүндрэлтэй байгаа учраас энэ байдлыг хязгаарлсан хууль эрх зүйн зохицуулалтыг хийж өгөөч гэдэг хүсэлт гаргасан тул үүний дагуу бодлогын баримт бичиг, хуулийг баталсан гэв. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг дагаж гарсан тогтоолоор, Монгол Улс дотооддоо 370 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд эдгээртэй ижил төрлийн импортын бүтээгдэхүүний гаалийн татварыг 5-20 хувь хүртэл нэмэх эрхийг Засгийн газарт шилжүүлжээ. Мөн төрийн байгууллагууд дотоодод үйлдвэрлэж байгаатай ижил импортын бүтээгдэхүүнийг худалдан авах эрхгүй байхаар зохицуулсан. Үүний үндсэн шалтгаан нь монгол хүнийг ажилтай байлгах гэдгийг хэлж байв. Төр засгаас валютын ханшид оролцдоггүй байдалд үйлдвэрлэгчид баяртай байдаг бол импортлогчид тун дургүй байдаг. Гэсэн ч Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдээ сүүлийн гурван жилд дэмжсэн, үүний үр дүнд 6000 гаруй хүн аж үйлдвэрийн салбарт шинээр ажилд орсон байна. 

Монгол залуусыг мэргэжилтэй, сахилга баттай, орлогтотой болгох, мөн улсын бүтээн байгуулалтад чухал хэрэгцээтэй байгаа, гадаадын ажиллах хүчний орон зайг нөхөх "Монгол цэрэг бүтээн байгуулалтад" хөтөлбөрийн талаар Сайхан сумын иргэдэд танилцуулж, үр ашгийн талаар мэдээлэл өгөв. Цэргийн алба хааж байх хугацаандаа бүтээн байгуулалтал оролцсон залуус мэргэжлийн үнэмлэхтэй, ажилласан туршлагатай, хугацаат цэргийн албанаас халагдахдаа дансандаа орон сууцны урьдчилгаа төлөх хэмжээний хуримтлалтай байх юм. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оролцуулахаар 46 мэргэжлээр 650 гаруй албан хаагч суралцаж байгаа мэдээллийг Улсын Их Хурлын дарга танилцууллаа. 

Түүнчлэн барилгын салбарын хөгжил, үүнд ипотекийн зээлийн үзүүлсэн нөлөөний талаар иргэдэд танилцуулсан. Улсын хэмжээнд 2012 оноос хойш 53000 айл шинээр орон сууцтай болсон бол 46000 хүн нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд, барилгын салбарт ажил эрхлэн, тогтмол орлоготой болсон байна. Мөн жил бүр орон сууцууд ашиглалтад орж байгаа ч иргэдэд бага хүүтэй орон сууцны зээл олгож байгаа учир худалдан авч байгаа. Энэ нь барилгын салбарын санхүүгийн эргэлтийг хангадаг юм. Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн бага хүүтэй ипотекийн зээл олголт нь барилгын салбарын санхүүгийн эргэлт болж, сүүлийн жилүүдэд энэ салбарын өсөлт, эдийн засгийн эргэлт, ажиллах хүчний тоо өсөн нэмэгдсэн. 

Засгийн газраас мөн хөдөө аж ахуйн салбарыг дэмжиж, малчдын үйлдвэрлэлийг дэмжихээр малчны зээлийн хүүг бууруулсан талаар танилцуулж, малчин бүр "Сайн малчин" болох нь өөрт нь төдийгүй улс орны эдийн засагт чухал нөлөөтэй болохыг хэллээ. Уул уурхайгаас хэт хамааралтай байхын сөрөг талыг бид мэдэх учраас эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх шаардлагын хүрээнд хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх зорилтыг Улсын Их Хурал, Засгийн газраас дэвшүүлээд байна. Хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын боломжийн талаар Улсын Их Хурлын дарга танилцуулаад "Таван толгойд биш, таван хошуу малдаа найдаж амьдарцгаая" хэмээн уриалсан. Уул уурхайн баялаг бол нөхөгддөгүй, харин мал аж ахуй бол нөхөн сэргээгддэг, тогтмол нөхөн сэргээгддэг. 56 сая толгой мал бол монголчуудын эдийн засгийн тулгуур салбар. Түүнчлэн хөдөө аж ахуйн гол нэрийн зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа өсөлттэй байгаа. Эхний ээлжинд малчид малаа эрүүлжүүлж чадвал БНХАУ, ОХУ, Вьетнам Улсад жилд 1 тэрбум ам.долларын экспорт хийх боломж бий. Ингэснээр улсын хэмжээнд мал аж ахуй эрхэлдэг 200 мянган малчин өрх дээрх хэмжээний орлогоос шууд хүртэх болно. Зөвхөн махны экспорт төдийгүй бидний тооцоолоогүй олон боломж байсаар байна. Тухайлбал, биотехнологи, нанатехнологийн түвшинд малын гаралтай түүхий эдийг боловсруулан байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн өндөр үнээр экспортолж буй жишээ байна. Мөн жимс, жимсгэнэ, чацаргана хөтөлбөрийн боломжийн талаар танилцуулж, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын энэ мэт өргөн боломжууд байгааг танилцуулсан. 

Ийнхүү Улсын Их Хурлын дарга хууль тогтоомжууд, эдийн засгийн нөхцөл байдал, Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл, танилцуулга хийсний дараа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment