2016/04/05

Сонгуульд ажиглагчаар урив

Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/-ны дарга Ч.Содномцэрэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөллийг өчигдөр /2016.04.05/ хүлээн авч, ирэх зургадугаар сард болох УИХ болон орон нутгийн сонгууль, мөн ирэх онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар урив. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага/ЕАБХАБ/-аас өмнөх сонгуульд хийсэн ажиглалт нь их тус болсон гэж СЕХ-ны дарга онцолсон юм. Тус байгууллагын  ажиглалтаас хийсэн дүгнэлт, гаргасан зөвлөмж нь манай сонгуулийн нэр хүндийг өсгөсөн гэдгийг ч онцлон тэмдэглэв.

Олон улсын байгууллагын судалгааны багийнхан  СЕХ-ны удирдлагаас Сонгуулийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд,  тухайлбал, сонгуулийн байгууллагын эрх, үүрэг, бүтэц, зохион байгуулалтад ямар өөрчлөлт орсон, сонгуулийн байгууллагад ажиллах ажилтныг ямар шалгуураар сонгон авч ажиллуулах, сонгууль болохоос өмнө хуульд өөрчлөлт оруулах боломжтой эсэх, сонгуулийн байгууллагын саналыг хуульд хэрхэн тусгасан,  сонгууль зохион байгуулах зардал хангалттай эсэх, хуульд дутмаг зүйл юу байгаа талаар болон сонгуульд техник, хэрэгсэл ашиглах, засвар үйлчилгээг хэн хариуцах, санал тоолох төхөөрөмж ашиглах талаарх улс төрийн намуудын байр суурь, хандлагад өөрчлөлт орсон эсэх, сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийг хэрхэн хянах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд,  гадаадад байгаа монгол иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хэрхэн хангаж байгаа, нэр дэвшигчдийн хэдэн хувь нь эмэгтэй нэр дэвшигч байх ёстой зэрэг талаар  асууж хариулт авав.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын урьдчилсан судалгааны баг Монголд байх хугацаандаа төрийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн намууд, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй  уулзаж,  улмаар тайлан дүгнэлт гаргаж гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

А.АМАР

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment