2016/04/14

Нефть дамжуулах хоолой татна

Засгийн газрын өнөөдрийн "Сайдын цаг" уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцож, үндэсний үйлдвэрүүдийг хөгжүүлэх чиглэлээр барьж буй бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Засгийн газар өнгөрсөн оны долдугаар сард таван нэр төрлийн импортын барааны татварын хувь хэмжээг өсгөх шийдвэр гаргаж байсан бол саяхан 137 дугаар тогтоолоор 28 нэр төрлийн барааны татварын хувь хэмжээг өсгөх шийдвэр гаргажээ. Энэхүү татварыг 20 хүртэл хувиар тогтоосон байна. Үүнд модон эдлэл, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хэрэглэдэг хөдөлмөр хамгааллын хувцас, цемент зэрэг бүтээгдэхүүн хамаарч буй аж.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг барих ажил хуваарийн дагуу ажил нь хийгдэж байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 2.3 сая тоннын хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэр барих хөрөнгө оруулагчийг шалгаруулах сонгон шалгаруулалтад Монгол-Канад, Монгол-Англи, Монгол-Хятадын консерциум орж ирсэн байна. Хоёр дахь шатны сонгон шалгаруулалтаар дээрх үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч эцсийн байдлаар шалгарах аж. Тус үйлдвэрийг барьж байгуулахтай холбоотойгоор Дорноговь аймгийн Дорнод сумын Тамсагбулагаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сум хүртэл 540 км-т нефть дамжуулах хоолой барих ажил мөн эхэлнэ. Энэ ажлыг концессын гэрээгээр хийхээр төлөвлөжээ.

Зэс хайлуулах үйлдвэрийг барьж байгуулахтай холбогдож Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил хийгдэж байгаа бол ган хайлах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийг хийх компани шалгарчээ.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд энэ онд 200 тэрбум төгрөг хуваарилсан байна. Үүний 50 тэрбумыг 330 суманд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд олгох аж.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээл авахын тулд төслөө Аж үйлдвэрийн яаманд ирүүлдэг байсан бол тухайн аймаг нь дэд хороогоороо төслүүдийг хэлэлцэн, боломжтой төслүүдээ салбарын яаманд ирүүлэх аж.

Ойрын хугацаанд хийх томоохон ажлын нэг нь уул уурхайн бус бүтээгдэхүүнийг экспортод гаргах үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой уул уурхайн бус экспортыг дэмжих сан байгуулах юм байна. Энэ нь дан ганц уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчлөх, хоёрт боловсруулах үйлдвэрийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэж буй юм байна.

Г.ДАРЬ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment