2016/04/04

Хэнтийд өрсөлдөх нэр дэвшигч хэн бэ?

"Сонгууль-2016" тулааны өнгийг тойргоор нь долоо хоног бүр тоймлон мэдээлж буй. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт хэн, хэн нэр дэвшихээр бэлтгэл хангаж байгааг тоймлолоо.


Хэнтий аймаг нь Улаанбаатар хотоос 330 гаруй км зайд орших бөгөөд 18 сум, 70 мянга гаруй хүн амтай. Зургаан шатны сонгуулийн дүнг сонирхвол ихэнх тохиолдолд МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулж иржээ. 2011 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар мандатынх нь тоог цөөлж хоёр болгосон. Хэнтий аймгийнхныг төлөөлөн өнөөгийн парламентад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар сууж байна.

Ардчилсан нам

Эрх баригч хүчнээс эл тойргийг Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Пүрэвжав, "Лектор" төвийн захирал Ц.Баатархүү, "Цагаан шонхор"-ын Ч.Энхтайван нар сонирхох болсон гэх мэдээлэл байна. Горилогчид УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарыг намын нэрсийн жагсаалтад бичигдэнэ хэмээн цээжний хонжоо хийсэн бололтой. Гэхдээ түүнд эхний тав дотор багтах жагсаалтыг нам нь оноохгүй бол тойрогтоо өрсөлдөх нь мандатаа сөрөг хүчиндээ алдахгүй байх тактик болно гэж үзэгсэд ч байна. Учир нь Хэнтийд рейтинг өндөртэй яваа нь Б.Гарамгайбаатар дарга, Засаг дарга Ж.Оюунбаатар нар аж.

Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатарын хувьд өнгөрсөн хугацаанд Хэнтийд усалгааг нэлээн сайн хийжээ. Гэхдээ түүнд нам нь нэр дэвших мандат олгох уу гэдэг эргэлзээтэй байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн "Алтан гадас" фракцид харьяалагддагынхаа хүчинд 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх мандат өвөртөлсөн. Өвдөг шороодсон ч фракцийнхаа хүчээр Ерөнхий сайдын зөвлөх болж, өргөгдсөн. Шинэчлэлийн Засгийн газар унасны дараа хэсэг ажилгүй болсон ч мөн л фракцийнх нь зүгээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шахалт үзүүлсээр зөвлөх болж, өмнөх ажилдаа эргэн ирсэн гэх яриа байна.

МАН

Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөх горилогчийн тоо мандатын тооноосоо давжээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг намын нэрсийн жагсаалтад оруулж магадгүй гэх мэдээлэл байгаа ч судалгаагаар яах ийхээ шийдэх нь. Хэрвээ намын нэрсийн жагсаалтад нэр нь багтчихвал Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч асан Л.Оюун-Эрдэнэ, "Mongolian poyal academy"-ийн ерөнхий захирал Н.Учрал, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба, Шадар сайд асан У.Хүрэлсүх нараас хоёр нь өрсөлдөх нь. Гэхдээ Н.Ганбямбын хувьд УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй харин аймгийнхаа Засаг даргад үзнэ гэх яриа байна. Ингэвэл Зүүний хүчний холбооныхон буюу Шадар сайд асан У.Хүрэлсүх залуустайгаа тунаж үлдэх аж. Учир нь Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал нар У.Хүрэлсүхийн улс төрд хөтөлж оруулж ирсэн залуус. Угшлаараа Зүүний хүчний холбоонд харьяалагдана. Тэд Хэнтийг тойглох болсон нь ахынх нь "жор"-гүйгээр хийж байгаа ажил биш аж. Хүсвэл нэр дэвших мандатаа тэдний хэнтэй нь ч зохицоод авчих боломжтой, хүсэхгүй бол тойрог нь залуусынх нь нэр дээр услагдаж, өөрийг нь хуучин тойргийнхонд нь сануулж байх тул харин ч ашигтай тусах бололтой. Тиймээс Шадар сайд асан У.Хүрэлсүх улс төрийн холын нүүдэл бодож хоёр залуу бэлтгэж байгаа гэх яриа нам дотор нь хэдийнэ гарсан юм байна.  Л.Оюун-Эрдэнийн хувьд өнгөрсөн хугацаанд Харвардад суралцан толгойгоо цэнэглэсэн бол Н.Учрал нь У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллах хугацаанд зөвлөхийн үүрэг гүйцэтгэжээ.

Харин бусад нам, эвслийн тухайд одоогоор энэ тойрогт өрсөлдөх нэр дэвшигчийн нэр тодорхойгүй байна.

УИХ-д сонгогдсон түшээд хэн бэ?

2012 онд

Б.Гарамгайбаатар /АН/, Б.Бат-Эрдэнэ /МАН

2008 онд

Д.Арвин, Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба/МАХН

2004 онд

Д.Арвин, У.Хүрэлсүх /МАХН/, Д.Бат-Эрдэнэ /Эх орон ардчилал эвсэл/

2000 онд

Д.Арвин, У.Хүрэлсүх, Н.Ганбямба/МАХН/

1996 онд

Д.Ганболд, Н.Түвшинтөгс, О.Энхтуяа /АХ эвсэл/

1992 онд

Д.Бямбасүрэн, Н.Ганбямба/МАХН/, Д.Ганболд/АХ эвсэл/

Г.ХОРОЛ  

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment