2016/04/05

“Даврагсдын арми” дараа үедээ зайгаа тавь

МоАХ-ны Нийслэлийн Зөвлөлийн анхны гишүүдийн нэг, "Дугуй заал" клубын гүйцэтгэх захирал, АН-д "Дүрмийн" хэмээх тодотголтой Д.Бямбаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та бол МоАХ-ны анхдагчдын нэг гэгддэг. Энэ холбоонд өнөөдөр юу болоод байна вэ?

-Ахмад, дунд үеийнхэн 90-ээд оноос өмнөх үеийг сайн санах байх. Магтаад байх юмаар маруухан, нэг намын дарангуйлал тогтсон хүний  эрх, эрх чөлөө "боомилогдсон" өнөөгийн Ардчилсан Солонгос маягийн улс төрийн тогтолцоотой,  эдийн засаг, улс төр нь ОХУ-аас бүрэн хараат байсан. МоАХ 1989 оны арванхоёрдугаар сараас зохион байгуулалтанд орсон. Энэ хүнд үед жагсаал, цуглаан тэмцлүүд олон удаа болсон хэдий ч  манай улс  хүний амь нас бүү хэл, нэг цонхны шил ч хагалаагүй тайван замаар хувьсгал ялж улс төрийн тогтолцоог өөрчилж чадсан гэдгээр  бид бахархдаг. Тэр үед иргэд маань тэгтлээ эвдрээгүй хоосон лангуу, өмчгүй байгаагаа ч тоохгүй асуудлыг гэгээтэй өнцгөөс хардаг байж. Тиймээс ч МоАХ үүссэн үеийн нөхцөл байдал тэмцлийн зорилго нь бүх хүнд хүртээмжтэй эрх чөлөө, сайн засаглалын төлөөх тайван тэмцэл байсан гэдгийг баттай хэлнэ.

Өнөөдөр юу болж байна. Ардчиллын үнэт зүйлсийг тээгч холбоогоо хэдэн нөхдүүд нохойд барьдаг мод шиг ашиглах, мөнгө эрх мэдлийнхээ төлөөх тэмцлийн золиос болгох санаатай байна. МоАХ-д мөнгө авч жагсдаг нэг ч хүн байгаагүй. Харин ч гэрээсээ илүүчилж болох зүйлс, хоол цай, хувцас хунараа зөөн бусаддаа чин сэтгэлээсээ туслаж, нийтийн төлөө эрсдлийг үүрэн хохирол амсах, ажлаас халагдах, халуунд халж, хүйтэнд хөрөхийг үл тоон өөрт байсан нөөцөө дайчлан, орон нутаг  явж иргэдийг ухуулж явсан халуун сэтгэлтнүүд олон байсан. Манайд улс төрийн шинэчлэл түрүүлж сонгуулийн ардчилал, хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрхтэй болсон хэдий ч эдгээр үнэт зүйлсийг үгүйсгэхэд хүргэсэн дураараа авирлагчдын анархи байдал, хэт хөрөнгөжсөн цөөнхийн эрх мэдэл, засаглалын төлөөх шунал, тэдний хоорондох учир нь олдохгүй хэрүүлээр иргэдийг талцуулсан ээдрээтэй нөхцөл байдал өнөөдөр үүсээд байгааг хэн хүнгүй анзаарч байна.Үүндээ МоАХ-г ч хутгалдуулаад эхэллээ.

-Энэ бүхэн юунаас  болоод байна гэж та үзэж байна вэ?

-1990 оноос хойш үргэлж ийм байгаагүй. Эерэг өөрчлөлт шинэчлэл хийгдсэн. Ардчиллын эхний 10 жилд улс орноо хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй хүн олон байсан. Ядаж л яам тамгын газрын түшмэлүүд төрийн бодлого боловсруулах тухай ярьдаг байжээ. 2000 оноос "Авилгалын загалмайлсан эцгийн үе эхэлсэн". Дараа дараагийн он жилүүдэд "социал үзлээрээ..." цус ойртсон хүмүүсийн их эвлэрэл, бүдүүн бүлэг, Манан гэх мэтээр явж өгсөн. Үр дүнд нь яаж авилгалдахыг бие биедээ зааж, онол практикийн дийлдэшгүй мэдлэгтэн,  өрсөлдөгчгүй лидерүүд бий болсон. Үүний цаана жирийн байсан хүмүүс бидний нэр усаар нь хэлж чадах хүмүүс байдаг. Хамгийн үнэтэй хороололд амьдрахгүй бол тэд ичиж... Энгийн амьдарч байгаа нэгнээ шоолж, тэр илүү идсэн, би дутсан гэх мэтээр бие биесээ хэмлэн авилгалчаар, эрлийз хурлийзаар дуудсан, төрийн албыг хувийн компани шигээ үзэж, дураар авирлан хүмүүс болжээ. Түүгээр ч барахгүй төрийн албан хаагчыг хайр найргүй халж, хоёр өгүүлбэр зөв бичих чадваргүй, цүнх баригчдаар төрийн албыг дүүргэсэн. 2000 оноос хойш үргэлжилсэн энэхүү алдаатай бодлого нь хоноцын сэтгэлээр хандагсдыг дэврээж, оюун санааны хоосролыг бий болгосон. Монгол Улс мөнгө хөрөнгөгүйдээ биш дураараа авирлагчдын харалган үйлдлээс үүдэж  хямраад байгаа нь нууц биш.

-Энэ үгээрээ та МоАХ-г эрх мэдэлтнүүдэд алдчихлаа гээд бухамдаад байгаа юм уу?

-Энэ тэмцлийн манлайд явж сайн үр дүнг авчрахад зүтгэсэн олон хүн бий. МоАХ бол өнөөдөр удирдлагад нь сонгогдсон хэдэн хүний хувийн компани ч биш. Тэдний гавьяагаар ч босоогүй. Намуудаас ангид олон нийтийн хөдөлгөөн хэвээрээ байж Ардчилсан Үндсэн хуулийн үзэл санааг тээгч, хамгаалагч гэсэн ариун үүргийг гүйцэтгэж байх учиртай.

МоАХ-г  үүсгэн байгуулагчдын олонх нь гавьяагаа дурдан цээжээ дэлддэггүй. 1990-ээд оны ардчилалын анхдагч хэмээн даруухан бахархаж, хэн нэгний гар хөл болж халаасанд нь багталгүй, эрх мэдэл хөрөнгө мөнгөний төлөө туйлшралгүй ажлаа хийгээд явж байна.  Хэнээс ч өр нэхдэггүй нөхөд маань "Дугуй заал" нэртэй клубээ байгуулчихаад, хааяа цуглаж санаа бодлоо солилцдог. Гэтэл  хувь хүмүүсийн үйлдэл, эс үйлдлийг өмөөрүүлэх гэсэн хэрүүл тэмцэлдээ татан оролцуулах гэсэн оролдлого гараад байгааг бид зөвшөөрөхгүй. Харин бид МоАХ-г анх үүсгэн байгуулж, сайн үйлсийг эхлүүлсэн давуу эрхээ эдэлж, хожуу ирчихээд хот манайх гэгчээр авирлаж байгаа нөхдөөс МоАХ-ыг өмөөрнө. Ээлжит бус их хурлыг яаралтай зарлан хуралдуулж ардчилалын амин сүнс эцэг байгууллагаа намын доторх нэг фракцийн  фракц болгоод байгаа "шог" үзэгдлээс ангижруулах ёстой гэж үздэг.

-МоАХ-ын үе үеийн удирдлагууд АН дотроо л цахиур хагалах шилдэг удирдагчид байсаар ирсэн. Гэтэл сүүлийн үед хоорондоо зөрчилдөж, холбоогоо хоёр хуваачихсан юм шиг ойлголт төрүүлэх боллоо? 

-Энд би дахин хэлье. МоАХ маань байгуулагдсан цагаасаа эхлэн, хойшид ч хэн нэгэн мөнгөтэй хүн худалдаад авчихдаг, хэн нэгэн удирдагчийн эрх ашигт үйлчилдэг, зараалын морь шиг байгууллага байгаагүй тийм байх ч ёсгүй. Аль нэг намын фракц бол бүр бишээ. Улс төр нь ханасан, улс төрийн хувьд тэтгэврийн гэж болохоор лидерүүдийн  нэг нь гарч ирээд намтай хутгахгүйгээр холбооны ажлыг аваад явж болохгүй юм бол 100 жил нэрийг нь хэн ч дахин ашиглахгүй гэж хуульчлаад тараагаад сэтэрлээд орхих хэрэгтэй. Элбэгээгийн, Женкогийн, Түвдээгийн МоАХ гээд хуваах нь зохимжгүй. АН доторх фракцийн зөрчлөөс МоАХ-г ангид байлгахын төлөө тэмцэх ёстой.

-МоАХ бол АН-ын фракц. Гэтэл АН-ын зөрчлийг МоАХ-аас салгаж ойлгох хүн хэр олон бэ? Учир нь Х.Баттулга гишүүн танай холбооны дарга. Түүнтэй холбоотой Тавантолгойн асуудал яригдаж байна шүү дээ?

-Бодитоор хэлэх юм бол намын удирдлагын түвшинд байгаа нөхдүүд  1990 онд байгуулсан МоАН, МҮДН, МСДН гэсэн хамаарлаасаа салж чадахгүй л байгаа байхгүй юү. Шинэ хүмүүст хаалттай фракцуудад сайндаа л тэдний үр хүүхдүүд, шадар туслахууд нь нэмэгдэнэ. Давуу байдлаа бий болгохын тулд АН гэсэн нэгдлийг дээд түвшинд задлах, нийлүүлэх хуйвалдаан хийгээд байгаа болохоос сум аймаг, дүүрэгт бол гишүүд маань хэвийн эв нэгдэлтэй байгаа. Манай намд улс төрд "цэвэрлэгээ" шинэчлэл хийх цаг нь болчихоод байгаа юм биш үү. Өөрийнхөөрөө өрсөлдөөд давахгүй хөгшчүүд "намын жагсаалт" гэдэг авралын одын төлөө эвдрэлцэнэ. Орон нутгийн намаас дэмжлэг авах гэж хуйвалдаж эвдрэлцэнэ. Фракцлал бүлэглэлийн санаархал их онцгүй болж хуйвалдааны олонх гэдэг дүрмээр тоглох болчихоод байна. Олонх нь цөөнхөө дарна. Гомдогсод сөрнө. Засаглаж үзээгүй зарим нь намын журмын нөхдөө хайр найргүй гомдоосны гор ч гарах байх. Уг нь Ардчилсан нам өнгөрч буй 4 жилд бүрэн засагласан сайхан он жилүүд байлаа. Даанч харамсалтай нь "Дүрэм" гүй болж хэн том дуугарсан, түрэмгий нь дийлээд байгаа юм шиг харагдаад байна. Үүний үр дагавараар намын зарим нөхдийг барьж шалгаад байгаа юм. Тэдний намтрыг нь харахаар хаанаас хэдийд гараад ирсэн нь тодорхой бус, Загалмайлсан эцгийн шадар хий үзэгдлүүд шиг намд нь ч холбоогүй хүмүүсийн танил дүрүүд.  

Аймгийн намууд одоо хүчтэй дуугарах цаг нь болсон байх. Нийслэлийн Бат-Үүл дарга шиг, Сүхбаатарын Батсуурь шиг, Өмнөговийн Бадраа шиг нөхдүүд хүчтэй залуу халаагаа дэвшүүлэн намын шинэчлэлийг орон нутгаас уухайлан эхлүүлэх  цаг нь болсон. Их л муудаа ялагдана биз. "Даврагсдын арми" дараагийн үедээ зайгаа тавьж өгөх хэрэгтэй.

-Жишээ нь хэн хэнээс татгалзах ёстой гэж?

-Хүний нэр дурьдаж зануулаад яахав. Хүний өөрийн намуудын хэрүүлийн их мастерүүд болсон 20-оос дээш жил улс төрд зүтгэсэн хүмүүсийг амралтанд нь гаргахгүй бол улс даяараа хэрүүлээр мэргэшиж өөдлөхөө байлаа.

-АН-ын ҮЗХ-оор бүх асуудал шийдэгдэж чадах болов уу? 

-Бид АН-ыг фракцгүй болгохын тулд 2005 онд хүчтэй ажиллаж байсан. Дүрмийн шинэчлэлээр бүгдийг зохицуулахын төлөө ажилласан. Хийсэн юмтай хэлэх үгтэй амьд гэрчүүд бий. Үндсэн дүрмээр орон нутагт өгсөн намын эрх мэдэл, ҮЗХ-ний ротаци гэх мэт үнэт зүйлтэй байсныг устгаад одоо юу болж байна. ҮЗХ-ийн суудал тоолохоос өөр эрдэм үлдсэнгүй. Та нарыг намын ҮЗХ аврахгүй. Сонгогч олон дүн тавина. Гомдсон гишүүд чинь дэмжихгүй бол та нарын ичгүүргүй урвалтууд, шинэ үеийн тойрон хүрээлэгчид тус болох нь юу л бол. Фракцаар амьсгалсан сайд нар, хамаатан саданаараа хүрээлүүлэх гэж ойлгоод, будилцгааж эхэллээ. Намын үзэл суртал, амжилт бүтээлийн төлөө улаа эргэтэл явсан партизанууд чинь одоо ард түмний дунд шан харамжгүйгээр амьдаржил байна. Гэтэл зарим нөхөд мөнгөний бараа хараад аархаж, сошиал ертөнцийн мэдээ мэдээллээр сонгогчдыг багцлаад ялна гэвэл гайгүй байлгүй. Бас сиймхий хайсан бие даагч нэртэй мөнгөний түрийвчүүд сагсалзаад эхэллээ. Нүцгэлээд ч хамаагүй сүлжээнд олон дагагчтай болох нөхдүүд сонгууль хийгээд байх юм. Нэг л өдөр Баабарын хэлдэг үлгэрээр "Шалдан байна" гэдгийг нь хэн нэг нь хэлээд өгнө биз дээ.

Намын эв нэгдэл маш чухал. 2000, 2004 оны сонгуулиа эрх биш мартаагүй байх. Ардчилалын цэнхэр аймаг Хөвсгөл "үсгүй" ялагддаг болсон шалтгаан нь "Монголоороо байя даа" гээд Өвөр монголоор гонгиноод яваа нөхөр бусниулсанд байгаа юм.

Т.ДАВААНЯМ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment