2016/04/07

“Давхар дээл”-ийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганаар үдээс өмнөх хуралдаанаар Монгол улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах  хуулийн төслийг хэлэлцэн хэлэлцэхийг дэмжлээ. Олон нийт "давхар дээл"-ийн хуулийн төсөл хэмээн нэрийдээд байгаа. Хэлэлцүүлгийн үеэр хуулийн төсөл, үзэл баримтлалын талаар гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж, саналаа хэлсэн. Гишүүдийн байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн Лу.Болд:

-Шинэ засаг бүрдэхэд наймааны хэсэг явна. Тэрэндээ тааруулаад яамгүй сайд ч бий болгохоор байна. Одоо ч тийм юм бий. Манай Төрийн байгуулалтын байнгын хороо тодорхой бүрдүүлээд янзлаад өгчихмөөр байгаа юм. Тодорхой яамд заалгүйгээр тоо заагаад явчихвал зүгээр байгаа юм. Соёл, батлан хамгаалахын бодлогыг нь заагаад өгчихмөөр байна. Өнөөдөр хоёр төрлийн гишүүдтэй болдог тогтолцоо байвал буруу. Эцэстээ энэ чинь засагт орж болдог сонгогдсон гишүүн, орж болдоггүй жагсаалтын гишүүн гэж гарах нь байна. Ийм ийм яам байнгын байна гэдгийг тусгаад өгчих хэрэгтэй. Бид Батлан хамгаалах яамгүй болсон цаг үе бий. Монголын түүхэнд байж боломжгүй бодлого барьж байсан үе бий. Засагт байх ёстой үндсэн чиглэлээ тодорхойлчихвол зөв хууль болох байх.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Би энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Шалтгаан нь УИХ нь их хурал шигээ, засаг нь засаг шигээ байхаа больсон. Засгийн газрын асуудал ипотекийг УИХ-ын даргын зөвлөх гарч ирээд яриад байх жишээтэй. УИХ юу болчихоод байгааг ойлгохгүй байна. УИХ-ын гишүүн засагт ордгийг цөөрүүлмээр байна. Тэгэхгүй бол бизнесийнхэн дайрч орж ирдэг. Дараа нь сайд болдог. Үүнээс болоод өнөөдрийн байдалд орчихоод байна. Тиймээс 2016 оны сонгуулийн дараа энэ саналаар явахыг дэмжиж байгаа. Харин нэг зүйл дээр гайхаад байгаа нь яг Засгийн газрыг байгуулах болохоор хуулиа мөрдөхөө больчихдог. Эсвэл өөрчилдөг. Битгий тэгээсэй. Тийм учраас гишүүд дэмжиж өгөөсэй. Ерөнхийлөгч ч бичиг өгчихөөд орхих биш тайлбарлаж, таниулах хэрэгтэй. УИХ, Засгийн газар холилдоод эхлэхээр улсын төсөв гурван өөрөөр явдаг, Чингис, Самурай бондод тавих хяналт сулардаг. Тийм учраас эдийн засаг унасан. Одоо ч компаниуд дампуурч байна.

УИХ-ын гишүүн Х.Оюунхорол:  

-Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг өмнө нь ярьж байсан. Өнөөдөр ч орж ирсэн байна. Тогтвортой хөгжлийн тулгуур бодлогоосоо яагаад ухраад байна. Бид ганцхан уул уурхайгаас хараат байна. Зүүнээс болоод байгаль орчин хэрхэн дордож байгааг бид харж байгаа. Монголын ард түмэн бүгдээрээ энэ асуудалд анхаарлаа хандуулж, газар нутгаа аятайхан байлгаж, алдчихгүй юмсан гэж боддог. Монголчууд хамгийн ногоон бодлого барьж ирсэн улс. Тийм ч учраас Байгаль орчны яамыг зэрэгцүүлж авч үлдээчээ гэсэн хүсэлтийг тавьж байна. Давхар дээлтэй гишүүнийхээ хувьд бодож байна. Ер нь аль ч салбарыг мэргэжилтнүүд нь авч явах нь зөв. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүдийг засагт оруулахыг цөөлөх нь зөв. Тийм учраас хуулийн төслийг дэмжиж байгаа.  

УИХ-ын гишүүн М.Батчимэг:

-Сонгуулийн өмнө энэ асуудлыг оруулж ирж байгааг дэмжиж байна. Яагаад гэвэл дараагийн байгуулах Засгийн газрын үед энэ хуулийн төслийг хэлэлцэхгүй. Гэхдээ тооноос гадна чанарын асуудал яригдах хэрэгтэй. Парламентын засаглалтай оронд байдаггүй гажуудал манайд байна. Парламент сайд нарыг томилдог. Бусад оронд Ерөнхий сайд нь сайдаа томилдог. Засаглалаа сайжруулахгүй бол мөнгө авдаг асуудал дуусахгүй. Нэг ерөнхий сайдад өгдөг хариуцлагыг 76 хүнд хуваагаад өгчихсөн учраас асуудал сайжрахгүй байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг яагаад хойшоо татаад байгаа юм бэ. Дараагийн парламентын хариуцлагыг сайжруулахын тулд энийг өөрчлөх хэрэгтэй. Бид засаглалаа засмаар байна. Энэ хуулийг батлах нь зөв. Гэхдээ энэ тооны шийдэл биш болохоор чанарын шийдэл биш.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:  

-Би энэ хуулийг батлагдана гэдэгт итгэхгүй байна. Өнөөдрийн ирцийг харсан ч нэг л итгэмгүй байна. Олон хүнд сайдын суудал харагдаад байх шиг байна. Одоо горилогчидтой бишгүй тааралдаж байна. Энэ хүмүүс мөнгөтэй болж байж УИХ-ын гишүүн, гишүүн болж байж сайд болдог юм байна гэж хараад байна. УИХ-аас сайд тавихгүй бол засаг бүрэлдэх нь хэцүү гэхчлэн элдэв шалтгаан тоочоод больчихдог. 2000 гишүүнтэй Их Британид парламентаас сайд тавьж болж байна. Тиймээс Үндсэн хуулийн долоон өөрчлөлтөөр ийм асуудалд хязгаар тавьж өгөх байсан юм. Одоо гишүүд засагт орох тоог нь нэмж өгөөчээ гээд байна. Энэ утгагүй. Махан тоо тавих хэрэгтэй. Ерөнхий сайдыг оруулаад гурваас илүүгүй гишүүнийг УИХ-аас тавьж болно гэдэг нь юу юм гэхээс өөрөөр зохицуулах аргагүй. Энэ бол гэхдээ хагас дутуу алхам.

Ингээд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй эсэхээр санал хураахад 54 гишүүн  оролцсоноос 42 гишүүн зөвшөөрч 77,8 хувийн саналаар хэлэлцэхээр боллоо.

Ийнхүү үдээс өмнөх чуулган завсарлав.

Л.ХАЛИУ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment