2016/04/03

Отгон чуулганаар юу хэлэлцэх вэ?

Бүрэн эрхийн хугацааныхаа дийлэнхийг сайд огцруулах, Засаг огцруулахад зарцуулсан З.Энхболдын танхим хаврын чуулганаа нээхэд нэг хоног үлдлээ. Хоёр сар гаруйн дараа УИХ-ын сонгууль болох учраас бүрэн эрхийн хугацаа нь уг чуулганаар отголох юм.

Сонгууль дөтөлж яваа, мөн Засгийн газрыг хамтран барьж буй МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс Г.Уянга, Л.Цог нар гарахаа мэдэгдсэн, Тавантолгойн "зодоон" ширүүссэн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг Үндсэн хуулийн Цэц рүү зүтгүүлж буй зэрэг үйл явдал хаврын чуулганыг "гал авалцуулж" мэдэхээр байна. Нөгөө талаас Ерөнхий сайдын МАХН-тай хийж байгаа хэлэлцээр ойлголцолд хүрсэн бол Эрүүл мэнд, спортын сайдыг томилно. Одоогоор энэ асуудлыг УИХ-д өргөн мэдүүлээгүй байгаа ч хаврын чуулганы эхэнд хэлэлцүүлж шийдүүлэхээ Шадар сайд Ц.Оюунбаатар мэдэгдсэн билээ. МАХН-ын зүгээс Эрүүл мэнд, спортын сайдад Эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургуулийн захирал асан Ц.Лхагвасүрэнг томилуулахаар тохиролцсон тухай мэдээлэл бий. Мөн МАХН Бага чуулганаараа УИХ-ын дэд дарга Л.Цогд хариуцлага тооцох шийдвэрийг гаргасан учраас суудлыг нь хэнд шилжүүлэх вэ гэдэг асуудал тавигдаж эхлээд байна.

"Шударга ёс" эвслийг бүрдүүлэгч МАХН-ын гишүүдээс "дан дээлтэй" нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, О.Баасанхүү нар юм. О.Баасанхүү гишүүний хувьд УИХ-ын дэд дарга болохгүйгээ мэдэгдсэн учраас Д.Тэрбишдагва гишүүн УИХ-ын дэд дарга болж магадгүй гэх таамаг дэвшиж байна.

Үүнээс гадна УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас гаргасан хуваариар энэ долоо хоногоос "Давхар дээл"-ийн төслийг хэлэлцэж эхлэх нь. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү төсөл хоёр дахь удаагаа УИХ-аар хэлэлцэгдэх болж байгаа нь энэ. Өмнө буцаж байсан төсөлтэй харьцуулахад УИХ-аас томилох сайд нарын хүрээг өргөтгөж өгчээ. Тодруулбал, Ерөнхий сайдаас гадна Гадаад хэргийн сайд, Сангийн сайд, Хууль зүйн сайдыг УИХ-аас томилж, бусад сайд нарыг гаднаас санал болгох зохицуулалттай төсөл юм. Хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдах Засгийн газраас эхлэн мөрдөхөөр зааж өгчээ. Ингэснээр Шийдлийн Засгийн газарт энэ хууль хамаарахгүй болж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хоёр дахь олон нийтийн анхаарал татаж буй төсөл нь Төрийн шагналын тухай. Төсөлд тусганаар Улсын Баатар цолыг таван жилд нэг удаа, нэг хүнд,  Улсын Эрдэнэ цолыг гурван жилд нэг удаа, нэг хүнд, Чингис хаан одонг жилд нэг удаа нэг хүнд, Гавьяат зүтгэлтэн цолыг жилд 50 хүнд, Эрдэнийн очир одонг жилд 100 хүнд, Алтангадас одонг жилд 1000 хүнд, Цэргийн гавьяа одонг жилд 500 хүнд олгохоор тусгасан юм. Хөдөлмөрийн хүндэт медаль, Цэргийн хүндэт медаль, Шударга журам медаль, Найрамдал медаль, Энхийн төлөө медалиудын жилд олгогдох тоонд хязгаар тавихгүй аж.

Уг хуулийг УИХ-аас баталбал жилд олгогддог төрийн одон медалийн тоо 2-5 дахин буурах боломжтой хэмээн төсөл санаачлагчид тайлбарлаж байгаа. Гэхдээ Сүхбаатарын одон зэргийг байхгүй болгосныг сөрөг хүчнийхэн эсэргүүцэж эхэлсэн ч эрх баригч хүчин нэгдсэн байр суурьтай байж чадвал батлагдах боломжтой.

Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдийн зүгээс Татварын хуулийн шинэчлэлийг яаралтай хийхийг хүлээж суугаа. Сар шинийн дараа зарласан ээлжит бус чуулганаар уг төслийг хэлэлцэхээр жагсаалтад багтаасан байсан ч намрын чуулганы завсарлагааны хугацаанд ажлын хэсэг сайн ажиллах ёстой гэж үзэн, хэлэлцээгүй. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй ч бусад гэсэн асуудлын хүрээнд орж ирэх боломжтой.

 Хаврын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд,  

1/"Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

2/Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийн тухай;

4/"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

6/"Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан;

7/"Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

8/"Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

9/Гэр бүлийн тухай хуулийн төсөл; Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10/Төрийн шагналын тухай хуулийн төсөл;

11/Худалдааны тухай хуулийн төсөл;

12/бусад.

Энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Засгийн газраас санал авахаар Улсын Их Хурлын гишүүдээс хүргүүлсэн хууль, тогтоолын төсөл, хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар УИХ-ын дарга захирамжиндаа заасан юм.

Г.ХОРОЛ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment