2016/04/10

“Сургуулийн асуудлаас болж залуу малчин цөөрч байна” гэв

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам, эвсэл болон бие даагчдын бүлэг хуралддаг. Үүний дагуу бие даагчдын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бие мэдээлэл хийлээ.

Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудал. Бие даагч гишүүд уг хуулийн төслийг дэмжиж байгаа бөгөөд харин хуулийг батлахдаа тусгай хамгаалалтад авах координатын хэмжээг УИХ-аас зааж өгөх ёстой гэлээ. Учир нь тусгай хамгаалалтад авсан нэрийн доор Ноён уул шиг зөвхөн орой хэсгийг нь хамгаалалтад авбал ямар ч нэмэргүй гэж тэрээр мэдээллийн эхэнд онцоллоо.

Үүнээс гадна бие даагч гишүүд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж малчдын хүүхэд долоон настайгаасаа сургуульд ордог байхыг дэмжиж байгаа гэнэ. Учир нь хөдөө орон нутагт зургаан настай хүүхдээ сургуульд сургахын тулд гэр бүл салалт нэмэгдэж буйгаас гадна залуу малчид бэлтгэх асуудал орхигдох нэг шалтгаан болж байна гэсэн юм. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд хэтэрхий багаасаа малаас холдож улмаар залуу малчдын тоо буурах шалтгаан болно гэж үзэж байгаа ажээ. Түүнчлэн сумын төвийн дотуур байранд суудаг зургаан настай хүүхдүүд хичээлдээ анхаарахаас илүү гэрээ санаж, сэтгэл санааны дарамтад ордог учраас зургаан настнуудыг асрах багшийн хувьсах зардлыг Боловсролын тухай хуульд нэмж, тодорхой тусгах шаардлагатай гэлээ.

Энэ хаврын ээлжит чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Харин бие даагч гишүүд эдгээр чухал хуулийн төслүүдийг сонгуулийн дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Учир нь сонгууль дөхсөн үед УИХ-ын гишүүдийн дунд улс төржилт хийж, зарим хуулийг  үр дүнгүй болгоно гэсэн болгоомжлол байгааг дуулгалаа.

Т.НОМИН

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment