"Онлайн Эрх чөлөө" эвслийн дөрөвдүгээр Бага хурал Эстони улсын нийслэл Таллин хотноо хоёр өдөр үргэлжилж дөрөвдүгээр сарын 29-нд өндөрлөв. Энэхүү бага хурлаар даяарчлалын өнөөгийн үед интернетийг хэрхэн чөлөөтэй, нээлттэй, хүртээмжтэй, аюулгүй хэрэглэх, тулгарч буй бэрхшээл, хамтран ажиллах арга замын талаар эвслийн гишүүн орнуудын сайд нар, иргэний нийгмийн болон бизнесийн төлөөлөгчид өргөнөөр санал солилцов.
Төгсгөлийн хуралдаанд Гадаад харилцааны сайд Л.Болд Эвслийн даргаар сонгогдсонд талархал илэрхийлж Улаанбаатар хотноо зохион байгуулагдах ээлжит бага хурлын зорилгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, Эстоний Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Март Лаанемае, Интернет нийгэмлэгийн захирал Фредрик Донек нар үг хэлж, тус эвслийн гишүүн орнууд болон бусад улс орнуудыг ирэх оны бага хуралд идэвхтэй оролцохыг уриалав.
Дээрх Бага хурал өндөрлөсний дараа Гадаад харилцааны сайд Л.Болд Эстони улсад хийх албан ёсны айлчлалаа эхлүүллээ.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Л.Болд Эстони Улсын Ерөнхийлөгч Тоомас Хендрик Илвест бараалхаж, Гадаад харилцааны сайд Урмас Паеттай албан ёсны хэлэлцээ хийж, Эдийн засаг, холбооны сайд хатагтай Урве Палотай уулзаж, хоёр талын болон олон талын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Дээрх уулзалтуудын үеэр Монголын тал Эстоний цахим засаглалын туршлагаас суралцах, занар боловсруулах салбарт хамтран ажиллах боломжийг судлах хүсэлтэй байгааг илэрхийлэв. Эстоний тал өөрийн туршлагаас хуваалцахад бэлэн буйгаа илэрхийлж байв.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Эстони Улсын Гадаад харилцааны сайд Урмас Пает нар Цахим дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Эстони Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав.
Мөн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Таллины Техникийн Их сургуулийн Шинэ санаачилга, бизнесийн Мектори төвд зочилж үйл ажиллагаатай нь танилцав. Түүнчлэн энэ үеэр зохион байгуулагдсан Монголын уран зураг, баримлын үзэсгэлэнг нээв. Үзэсгэлэнгийн нээлтэд тус улсад айлчилж буй Шинэ Зеланд Улсын Харилцаа холбооны сайд Эми Адамс оролцов.
Айлчлалын хүрээнд дөрөвдүгээр сарын 30-нд Гадаад харилцааны сайд Л. Болд Эстоний Парламентын Ерөнхийлөгч Ейли Несторт бараалхаж, Мэдээлэл холбооны технологийн төвд зочилж туршлага судлах юм.
0 сэтгэгдэл:
Post a Comment