2014/09/07

А.Төмөр: ОХУ-д визгүй зорчиход ямар нэгэн урилга авах шаардлагагүй

Монгол Улсын иргэд, Оросын Холбооны Улсын иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн талаар Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал А.Төмөртэй ярилцлаа.

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр иргэдийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй асуудал нь Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт хоёр улсын гадаад хэргийн сайд нар гарын үсэг зурсан яв­дал. Иргэд гарын үсэг зурс­наар виз­гүй зорчих бол­лоо гэж ойлгодог. Хэлэл­цээр хэ­зээнээс хэрэг­жиж эхлэх вэ?

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.И.Путины Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр байгуулсан нэг чухал хэлэлцээр бол Иргэд ха­рил­цан зорчих нөхцөлийн тухай Засгийн газар хоо­рондын хэлэлцээр юм. Гэхдээ энэ хэлэлцээр нь гарын үсэг зурснаар шууд хэрэгжиж эхлэхгүй. Олон улсын гэрээг байгуулж, түүнийг хүчин төгөлдөр бол­гоход шаардлагатай до­тоодын журмаа биелүүлсний дараа хүчин төгөлдөр бол­дог практиктай. Өөрөөр хэлбэл, манай улсын хувьд хэлэлцээрийг эхлээд Засгийн газар ба­талж, энэ тухайгаа дипломат шу­гамаар Оросын талд мэ­дэгдэх юм. Оросын тал мөн адил дотоодын журмаа биелүүлснээ мэдэгдэнэ. Ийнхүү харилцан мэдэгд­сэнээс хойш 30 хоногийн дараа тус хэлэлцээр хү­чин төгөлдөр болно. Бид хэлэлцээрийг ойрын хуга­цаанд Засгийн газраар батлуулахаар ажиллаж байна.

-Хэлэлцээр батлагд­са­наар иргэд хэд хоногийн хугацаанд тус улсад визгүй зорчих вэ?

-Энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараа хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд нэг удаа 30 хүртэлх хоног харилцан визгүй зорчих боломжтой болно.

Гэхдээ үүнд анхаарах нэг зүйл бол иргэдийн визгүй зор­чих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй байх ёстой. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих виз авах ёстой.

-Визгүй зорчих хэлэл­цээр батлагдан хэрэгжиж эхэлснээс хойш бүх иргэнд хамаарах уу?

-Тийм ээ. Энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор манай бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд, түүний дотор энгийн гадаад паспорт эзэмшигчид ОХУ-д визгүй зорчих боломжтой болно.

-Иргэд визгүй зорчдог зарим оронд албан ёсны урилга шаарддаг. Ямар нэгэн урилга шаардлагатай юу?

-Энэ хэлэлцээрийн да­гуу иргэд ОХУ-д визгүй зорчиход ямар нэгэн урилга авах шаардлагагүй.

-Хоёр орны иргэд харилцан визгүй зорчсоноор манай улсад ямар ач холбогдолтой вэ?

-Өргөн хүрээнд авч үзвэл энэхүү хэлэлцээрийг байгуулснаар манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарахад ихээхэн түлхэц үзүүлж, хоёр талын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт нэмэгдэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Мөн ОХУ-аас Монгол Улсад ирэх жуулчдын тоо нэмэгдэх, ялангуяа хил орчмын бүс нутгийн иргэдийн зорчих урсгал өсөн нэмэгдсэнээр соёл хүмүүнлэгийн харилцаа өргөжих сайн талтай.
 

Б.ТӨГӨЛДӨР

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

0 сэтгэгдэл:

Post a Comment