Загварын тайзан дээр гунхаж, миссийн тэмцээнд өрсөлдөж яваа залуухан, царайлаг бүсгүйг уншигчид маань андахгүй биз ээ. "Гоёл-2010" наадмын "Шилдэг загвар өмсөгч", "Гоёл-2011" наадмын топ модель болсон тэрбээр "Asian super model-2009" тэмцээнд амжилттай оролцож Азийн супер 10 загвар өмсөгчийн нэгээр шалгарч байсан удаатай. Мөн топ модель Э.Сэлэнгэ "Miss Mongolia-2008" тэмцээнээс "Best Model Miss" өргөмжлөл хүртэж "Монголын гоо үзэсгэлэн дэлхийн тавцанд-2010" реалити шоунд түрүүлсэн билээ. Загварын тайз, миссийн тэмцээнийг чимж буй сайхан бүсгүйтэй уулзаж ажил, амьдралынх нь талаар ярилцсанаа хүргэе.
-Загвар өмсч, тэмцээн уралдаанд оролцохын хажуугаар сэтгүүлчийн мэргэжил эзэмших гэж байгаа топ маань хэзээ төгсөх билээ?
-Олон улс судлалын дээд сургуулийг энэ жил төгсөнө. "Шилмэл загвар" компанийн загварын дамжаанд багшлах ажлаасаа түр хугацаанд чөлөө авчихсан. Удахгүй загварын ажлууд маань эхлэх байх. Ноолууран хувцасны шоу, "Гоёл" наадам гээд л ар араасаа хөвөрнө дөө.
-Цаашид хийж бүтээхээр төлөвлөсөн ажлууд тань юу билээ?
-Магистраар суралцах, олон улсын загварын агентлагт гэрээт моделиор ажиллах зорилготой байгаа. Нас минь залуу, сурах зүйл их байна. Эх орондоо суралцсан хэдий ч өөрийгөө хангалттай хөгжүүлж чадахгүй байна гэж би биеэ чамладаг. Илүү их амжилтанд хүрч, намайг цаашид юу хүлээж байгааг харахыг хүсч байна. Би багадаа их мөрөөдөмтгий хүүхэд байсан. Тэр олон мөрөөдлийг амьдралынхаа зорилго болгон өдийг хүртэл явсан. Ямар ч байсан, энэ эрчээрээ мөрөөдсөөр байх болно. Мөрөөдөл бүхнээ биелүүлж, бүгдэд нь хүрэх юмсан. Дуусашгүй их мөрөөдлийхөө оргилд нь гарахыг хүсч байна даа.
-Мөрөөдлийн тань нэг хэсэг нь миссийн тэмцээн байх. "Miss Mongolia-2009" тэмцээнээс "Best of model" шагнал авч, олон улсад эх орноо төлөөсөн. Мөн өнгөрсөн жил "Монголын гоо үзэсгэлэн дэлхийн тавцанд" реалити шоуны ялагчаар тодорсон шүү дээ. АНУ-д болох томоохон тэмцээнд оролцох асуудал тань юу болсон бэ?
-"Miss Mongolia-2008" тэмцээнээс би "Best Model Miss" өргөмжлөл хүртэж "Asian super model-2009" тэмцээнд оролцох эрхтэй болсон. Уг тэмцээндээ амжилттай оролцож, Азийн супер 10 загвар өмсөгчийн нэгээр шалгарч байлаа. Харин дараа нь "Монголын гоо үзэсгэлэн дэлхийн тавцанд" реалити шоунд түрүүлж "Miss Asia USA-2010" тэмцээнд оролцох эрхээр шагнуулсан. Гэвч энэ тэмцээнд зөвхөн АНУ-д амьдарч, ажиллаж, сурч байгаа охид бүсгүйчүүд оролцох ёстой юм билээ. Тиймээс сайн таньж мэдэхгүй харийн нутагт очно гэдэг нэлээд эрсдэлтэй санагдсан болохоор би татгалзсан л даа.
Миссийн тэмцээнд оролцох болсон шалтгаан гэвэл, эмэгтэй хүнийхээ хувьд би өөрийгөө бүх талаас нь сорьж үзмээр санагдсан хэрэг. Хүмүүс мисс, модель гэсэн ялгаатай ойлголтыг нэгтгэж бодох нь бий. Мисс ч гэсэн сайхан хүүхэн, модель ч гэсэн сайхан хүүхэн гэх мэт. Гэтэл энэ бүхэн чинь хоёр тусдаа ойлголт шүү дээ. Модель бол нэг талаасаа мэргэжил болж байна. Олон улсын хэмжээнд биеэ даасан, урлаг уран сайхны цогц болсон нэгдмэл том ертөнц шүү дээ. Монголын хувьд, загварын ертөнц хурдацтай хөгжиж байгаа. Яахав, нэлээд сүүлд хөгжсөн учраас хүмүүсийн хүлээж авах хандлага нь тааруу. Зөвхөн загварын ертөнцөд ажиллаад бусад зүйлийг орхигдуулна гэвэл боломжгүй л дээ. Яагаад гэвэл, хангалттай орлого олж чадахгүй. Үүний хажуугаар давхар өөрийн гэсэн мэргэжил эзэмших хэрэгтэй. Гэтэл олон улсын хэмжээнд зөвхөн моделиор ажиллаж, хэдэн сая долларын гэрээ байгуулан, түүнийхээ төлөө өөрийгөө бүрэн зориулах боломж байдаг. Миссийн тэмцээн бол эмэгтэй хүний гадаад болон дотоод гоо сайхныг нэгтгэн харуулсан томоохон шалгуур. Гоо сайхнаар юуг илэрхийлж болох вэ гэдгиг харуулдаг. Зарим хүн "Зөвхөн хөөрхөн царай, бие галбираа харуулах тэмцээн" гэж боддог юм шиг байна лээ. "Гоо сайхан ертөнцийг аварна" гэж үг бий. "Miss world" тэмцээнийг эмэгтэй хүний сайхан сэтгэл, төгс төгөлдөр гоо сайхнаар илэрхийлэн дэлхийн энхтайвны төлөө зохион байгуулдаг.
-Тэгвэл дахин миссийн тэмцээнд оролцох бодол бий юу?
-Тэмцээний төрөл, цар хүрээг нь судалж байж оролцох эсэхээ шийднэ. Гэхдээ миний хувьд, миссийн тэмцээнээс илүү моделийн чиглэлээр өөрийгөө сорих хүсэлтэй. Цаашид ч гэсэн загварын чиглэлээр зохиогдсон тэмцээн уралдаанд оролцох болов уу.
-Сүүлийн үед зохиогдож байгаа миссийн тэмцээнүүдийг хараад ямар дүгнэлт хийдэг вэ. 15-хан настай охид сайхан бүсгүйн шинж төрхийг илэрхийлнэ гэхэд арай л эртэднэ гээд манайхан шүүмжилдэг шүү дээ?
-Би үүнтэй санал нийлнэ. Олон улсын хэмжээнд тавих шаардлага гэж бий. 18-25 нас хүртэлх, гэрлээгүй, хүүхэд гаргаагүй гэх мэт. Насанд хүрээгүй охид гадаад байдлын хувьд эмэгтэй хүний жинхэнэ гоо сайхан нь бүрэлдэж амжаагүй. Оюун ухааны хувьд ч биеэ даасан байдлыг олж авч чадаагүй байдаг. "Би гэж хэн бэ. Эмэгтэй хүн ямар байх ёстой вэ" гэдгийг ч бүрэн мэдэж, төлөвшиж амжаагүй байх болов уу гэж боддог. Яахав, өөрийгөө эрт сорих гэж тэмцээн уралдаанд орохыг үгүйсгэх аргагүй. Их зүйл сурч, туршлага хуримтлуулж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ олон зүйл дээр бэлэн болоогүй байж яарах хэрэггүй. "Цагийн юм цагтаа" гэдэг шүү дээ.
-Загвар өмсөгч хүний хувцас гоёлын сонголт бусдаас өөр байдаг болов уу. Энэ тал дээр хэр зэрэг анхаардаг вэ?
-Би ер нь хувцас худалдаж авахаас илүүтэй захиалгаар хийлгэж өмсөх дуртай. Хувцаслалт бол тухайн хүнийг илэрхийлэх том хэмжүүр. Тиймээс нэг хэв маят баригдсан, хэвшмэл ойлголтоос зайлсхийдэг. Амьдрал гэдэг маш олон төрлийн жүжиг болохоор түүнийгээ дагаад хүмүүс янз бүрийн стиль имижийг бүрдүүлж байдаг. Энэ ч утгаараа, би ямар нэгэн зүйлд баригдахыг хүсдэггүй. Тайзан дээр дизайнеруудын бүтээсэн хамгийн гоё хувцсыг өмсөөд гарахад ихэмсэг, бас бардам Сэлэнгэ харагддаг байх. Харин бодит амьдрал дээрхи Сэлэнгэ энгийн хэрнээ аятайхан хувцаслачихдаг, даруухан оюутан шүү дээ.
-Янз бүрийн эрчүүдтэй нэр холбох нь цөөнгүй. Ийм асуудалд нэлээд эмзэглэнэ биз?
-Тиймэрхүү зүйл их байдаг. Бусдын нөмөр нөөлөг дор амьдарч, амжилтанд хрэх гэж тэмүүлдэг хүмүүс хэр олон байдгийг би мэдэхгүй. Гэхдээ миний гаргасан амжилт өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй, хийж буй бүхэндээ тууштай байсны үр дүн юм болов уу гэж боддог. Аливаа зүйлд сэтгэл хөөрлөөр хандах бус үнэнч, шударга, эрч хүчтэй, тууштай байх хэрэгтэй. Тэгж байж хүрсэн энэ хөдөлмөрийг маань зүгээр л хэн нэгэнтэй холбож үзвэл утгагүй.
-"Хайрыг тордохгүй бол унтардаг" гэдэг шиг эмэгтэй хүн ч гэсэн, халуун дотно үгс сонсч уярах дуртай. Сэлэнгэ одоо хайрын сэтгэлд умбаж явна уу, аль эвэл?
-Тэгэлгүй яахав. Хайр гэдэг чинь яг л нэмэх хасах цэнэг шиг. Эмэгтэй хүн хайрын үгэнд уярч, халуун сэтгэл нь хөглөгдөж явбал жаргалтай байдаг. Хайртай хүнтэйгээ хамт байхдаа эмэгтэй хүн улам өнгө орж, аз жаргалтай инээмсэглэл цацруулаад эрч хүчээр дүүрэн болчихдог юм иг санагддаг. Арга билэг гэж ярьдаг шүү дээ. Түүн шиг, хүчирхэг яваа эр хүний ард ухаалаг эмэгтэй бий. Эрч хүчтэй яваа эмэгтэй хүний ард ухаалаг эр хүн байдаг. Энэ бол нэг нэгнийгээ нөхөж амьдрах эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амьдрал. Жинхэнэ хайраа олно гэдэг хамгийн том аз жаргал. Мэдээж, хайртай хүнээсээ сайхан үг сонсоод өглөөг угтахад маш эрч хүч, аз жаргалыг мэдэрдэг.
-Тэгэхээр та найз залуутай болсон гэсэн үг үү. Гэр бүлийн тухайд, хэрхэн төлөвлөж байна вэ?
-Тийм ээ, найз залуутай болсон. Гэр бүлийн амьдралаа төлөвлөлгүй яахав. Гэхдээ одоохондоо хүнтэй сууж, хүүхэд гаргах цаг минь болоогүй.
-Кинонд тоглох санал ирж байна уу?
-Одоогоор алга даа. Хэрэв тийм санал ирээд тоглох дүр маань таалагдвал татгалзахгүй шүү.
-Найз нөхөдтэйгээ хамт байхдаа хошигнох дуртай гэсэн. Гэхдээ хааяа бас ганцаардаж, уйтгарлах үе гардаг байх?
-Ямар нэгэн бухимдалтай ч юмуу хэцүү зүйл тохиолдвол дотроо хадгалаад байж чаддаггүй. Яаж ийж байгаад л ил гаргана даа. Найз нөхөддөө хэлнэ, ээж эгч хоёртойгоо хуваалцана. Дотоод хүнтэйгээ ч ярина. Уйлмаар санагдсан ч биеэ бариад суухгүй ээ. Би ганцаараа байх үедээ бясалгах дуртай. Муу энерги дотроо хадгалахгүй, сайн сайхан зүйл бодож, бүх зүйлийг гэгээлгээр харж амьдрахыг хүсдэг.
-Бясалгах дуртай гэснээс манай урлаг соёлын бүсгүйчүүд цагаан хоолтон болох нь олширч. Та ч гэсэн, тэдний нэг үү?
-Хааяа цагаан хоол иддэг. Гэхдээ угийн махсаг хүн болохоор шууд цагаан хоолтон болчихож чадахгүй юм. Долоо хоногт хоёр удаа цагаан хоол идэх хуваарь гаргачихсан. Гоо сайхан, эрүүл мэнд, бие галбир талаасаа ч гэсэн их ач тустай юм билээ. Турах хүсэлтэй бүсгүйчүүд маань зөв хооллох дэглэмийг амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Хоол сойх, тураах эм бэлдмэл хэрэглэх нь амьдралын хэв маягийг зөрчиж байгаа буруу хэмнэл. Зөв хооллож, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх хэрэгтэй.
-"Sweetymotion" хамтлагийн тоглолтонд та бүжиглэж харагдсан. Хөдөлгөөий эвсэл нэлээд сайтай юм билээ?
-Багаасаа л их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Сургуулийнхаа урлагийн үзлэгт оролцож дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ. Сагс, волейболын тэмцээнд оролцоно гээд л нэлээд хөдөлгөөнтэй нөхөр байлаа. Урлаг соёлын арга хэмжээнд оролцох нь бүр их шүү. Тэр бүхний ачаар хөдөлгөөий эвсэл маань сайжирсан байх.
-Мисс И.Төгсөө дунд сургуульд байхдаа "Үлэмж биетэн" гэсэн хочтой байж. Харин таны хувьд, нууцаа дэлгэхгүй юу?
-Өндөр нуруутай хүн болгонд л оногддог хоч шүү дээ, наадах чинь. Би зургадугаар ангид байхаасаа эхлэн загварын дамжаанд суралцсан. Тухайн үед хүүхдүүд намайг "Мисс ээ, мисс ээ" гэж ирээд л ичтэл дуудна. Тэр чинь хөөргөж байгаа юм шиг хэрнээ цаагуураа "хөөрхөн" шоглоод байгаа ухаантай. Загварын дамжаанд суралцаж эхэлнээс хойш ангийнхантайгаа тийм айхтар дотно байхаа больсон. Ер нь, их биеэ даасан охин байсан л даа. Тиймээс надад нэг их хоч зүүлгээгүй дээ. Хэрэв хоч өгвөл айхтар ширүүн харна шүү дээ. Бүр бага ангид байхдаа л "Тэмээ" ч гэх юмуу "Оцон шувуу" гэсэн хоч авч байсан. Ахлах ангидаа ерөөсөө хоч аваагүй юм байна шүү.(инээв)
0 сэтгэгдэл:
Post a Comment