2013/12/24

Аюулгүй байдлын зөвлөлийнхөн ажилдаа орлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхлүүлсэн "Том төрөөс ухаалаг төр рүү" санаачлага энэ оны хамгийн анхаарал татсан чухал сэдэв болоод байгаа юм. Ерөнхийлөгчийн санаачлага ажил хэрэг болж төрийн хүнд суртал хээл хахууль, авлигад идэгдсэн төрийн идээ бээрийг сайн шахаад өгөөсэй гэсэн хүлээлт нийгэмд аль хэдийн  бий болсон.

Ерөнхийлөгчийн эхлүүлсэн санаачлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжиж нэгэн зөвлөмж гаргажээ.  Зөвлөмжийн гол санаа нь  судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хуулиа дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэгдэх юм байна.  Ингэснээр Ерөнхийлөгчийн эхлүүлсэн санаачлага дараагийн шатандаа орж, зөвлөмжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр болж байна гэж ойлгож болно.  Өөрөөр хэлбэл, "Том төрөөс ухаалаг төр рүү" шилжих процесс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу хэрэгжихээр болж байна гэсэн үг.   Ухаалаг төрийг хэрэгжүүлэх ажлыг Ерөнхийлөгч УИХ, Засгийн газар өөр, өөртөө оногдсон "үүрэг даалгавар"-ын хүрээнд хэрэгжүүлэхээр боллоо.

Зөвлөмжийн хүрээнд Ерөнхийлөгчид ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, манлайлан ажиллахыг, үндэсний болон улстөрийн зөвшилцлийг бүрдүүлэх "даалгавар"-ыг  ҮАБЗ-өөс өгсөн байна. Харин УИХ-ын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар болон бусад хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцэн батлах, хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Ухаалаг төрийн зарчмыг баримтлахыг зөвлөсөн бол Засгийн газрын хувьд зөвлөмжийн дагуу нэлээд олон зарчмын ажил оногдож байгаа юм.

ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу Засгийн газар эдийн засгийг идэвхжүүлэх, бизнесийг дэмжих, төрийн оролцоог хумих, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нэг байшинг тэр чигт нь эзэлж, эрх ямба эдлэх болсон яам, агентлагийн байрыг худалдах, төрийн байгууллагын албан тушаалтныг хууль бус шийдвэр гаргуулахгүй байх тал дээр чармайж ажиллахаар болж байгаа юм.  Зөвлөмжийн дагуу ухаалаг төрийн зарчмын асуудлуудыг ирэх оны эхний өдрөөс л хэрэгжүүлж эхэлнэ. Үүнийгээ ч олон нийтэд тайлагнаж, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад энэ зөвлөмжийн хэрэгжилт, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг зөвлөмж болгожээ.

Ийнхүү Ерөнхийлөгчийн "Том төрөөс ухаалаг төр рүү" санаачлага ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу хэрэгжихээр болсон нь  санаачлага төдий биш ажил хэрэг болох алхам руугаа шилжсэн явдал болжээ гэж олон нийт дүгнэж байна. Зөвлөмжийн дагуу хуулиуд батлагдаж, хуулийн дагуу  ухаалаг төр рүү шилжих процесууд ар араасаа хөврөх нь дамжиггүй биз ээ.  Ийнхүү ҮАБЗ-ийнхэн ухаалаг төрийг цогцлоох ажилдаа орцгоолоо. Тэднийг хэр ажиллахыг нь харин иргэд бид харах л үлдэж байна.


Ж.ЭРХЭС

0 сэтгэгдэл:

Post a Comment