2014/09/03

В.Путины ганзаганд юу байв

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монголд айлчилж байгаа В.Путинээс хүлээх хүлээлт монголчуудад багагүй байв. Налгар намраар Улаанбаатартаа урьсан өнө мөнхийн хоёр их гүрний удирдагчийн айлчлал дэлхийн нийтийн анхаарлыг татахын зэрэгцээ байгалийн баялаг ихтэй, хөгжиж яваа ардчилсан Монголд ямар "бэлэг"-тэй очих нь вэ гэдэгт хэрэгт дурлацгаасан багагүй биз.

  2014 оны есдүгээр сарын 3-нд  товлосон хугацаанаас бүтэн цаг хоцорч Улаанбаатарт морилсон В.Путины айлчлалаар эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал олон асуудлыг хэлэлцэж, хоёр улсын харилцаа, худалдаа, үйлдвэрлэл, боловсролын чиглэлээр 15 санамж бичиг болон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зураад байна. Тодруулбал,

  1. Иргэдийн харилцан зөрчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  2. Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  3. Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх журмын тухай гүйцэтгэх протокол
  4. Ойг гал түймрээс хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  5. Монгол Улсын Хууль зүйн яам, ОХУ-ын Хууль зүйн яам хоорондын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр
  6. Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, ОХУ-ын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  7. Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам тээврийн яам, ОХУ-ын Тээврийн яам хоорондын санамж бичиг
  8. Монгол Улсын Зам тээврийн яам болон ОХУ-ын "Оросын төмөр зам" НХН хоорондын Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр
  9. Монгол-Оросын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам болон ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам хоорондын хамтран ажиллах тухай санамж бичиг
  10. Монгол Улсын иргэдийг газрын тосны "Роснефть" НХН-ийн түнш дээд сургуульд суралцахыг дэмжих тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам,  газрын тосны "Роснефть" Нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын хэлэлцээр
  11. Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай протокол
  12. Монгол Улсын Сангийн яам болон Холбооны төрийн сан /Оросын төрийн сан/ хоорондын техникийн хамтын ажиллагааны санамж бичиг
  13. Монгол Улсын Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  14. Монгол Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, ОХУ-ын "Россия сегодня" Олон улсын мэдээллийн агентлагийн хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг
  15. "МИАТ" ХК болон "Аэрофлот" компани хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг юм.

 Эндээс Монгол Улсын хувьд хамгийн чухал нь "УБТЗ"-ын шинэчлэл, хөгжлийн түншлэлийн гэрээг байгуулсан нь олон жилийн турш нууц гэрээг өөрчлөхөөр чармайсан Монгол Улсын оролдлого талаар болсонгүй гэж хэлж болно. 

1949 онд БНМАУ болон ЗХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан "УБТЗ ХНН"-ийн гэрээ өнөөдрийг болтол өөрчлөгдөөгүй байгаа.  65 жилийн өмнө байгуулсан энэхүү гэрээ УБТЗ-ыг үр ашигтай, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэрхшээл учруулах болсон юм.   Өөрөөр хэлбэл, хоёр тал хувь тэнцүү хувьцаа эзэмшдэгээс улс төр бизнесийн салбарт өргөн хүрээтэй ажиллах гуравдагч орнуудын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны саналыг хүлээн авах бололцоо боломжгүй байсаар ирсэн. "УБТЗ" нь үйл ажиллагааныхаа орлогоос олсон ашгаа (дивдент) тэгш хуваадаг, хамтарсан үйлдвэр учраас Монгол Улсын төсөвт татвар төлдөггүй гээд 1949 оны гэрээг манай улсад ашиггүй заалт багагүй бий.

"УБТЗ"-ын суурь бүтэц, үндсэн бааз суурийг ашиглан түүнийг орчин үеийн Евро-Азийг холбосон хамгийн дөт, ачаа тээвэрлэн өнгөрүүлэх хүчин чадал сайтай, цахилгаанжсан төмөр зам болгох эдийн засгийн шаардлага байгаа. Гэрээнд өөрчлөлт оруулсанаар Монгол улсын төмөр замыг 2020 он хүртэл хөгжүүлэх бизнес төлөвлөгөөг биелүүлэхэд шаардлагатай хөрөнгийг олох, харилцан ашигтай гэрээ хэлцэл хийж төмөр замын хүчин чадлыг сайжруулах боломжтой болох юм.

 Дараагийн нэг чухал асуудал  нь Монгол Оросын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх.   Монгол, Орос хоёр улсын гадаад худалдааг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх талаар В.Путин амалж, харин хойд хөрш рүү экспортолж байгаа бараа бүтээгдэхүүнийг квотгүй гаргах Монголын саналыг дахин ярилцья хэмээн хойшлуулсан нь эелдэг татгалзсаны илрэл ч байж болох.

  Си даргаас бялуурсан бэлэг авсан монголчууд В.Путиныг ганзага хоосонгүй ирэх байх гэдэгт багагүй итгэж байсан. Ноён В.Путин ирж богцоо задлах хүртэл.  Хэдийгээр Москвагаас ирсэн хүндэт зочид ганзага хоосон ирээгүй ч дамжин өнгөрөх транзит тээврийн асуудалд "за" гэж хэлсэнгүй. Далайд гарцгүй Монголын хувьд гуравдагч зах зээлд гарахын тулд  "гүүр" хэрэгтэй.  Гүүртэй болохын тулд урд, хойд хөрш хөрштэйгөө ойлголцлоо нэгтгэж, итгэлцлийг бий болгох нь Монгол Улсын хамгийн том, хамгийн ойрын зорилго болж байна. Тиймдээ ноён Путины богцонд дамжин өнгөрөх транзит тээврийн асуудал багтсан байгаасай гэх горьдлого, хүлээлт их байв.  

ОХУ-д тавьсан өрнөдийн хоригийг ашиглаж мах, махан бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэх гэсэн Монгол Улсын саналд оросууд нөгөө л  хэлдэг үгээ хэлж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс мал эмнэлгийн шаардлага хангасан тохиолдолд мах, махан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр импортлоход бэлэн гэв. "Халх голын байлдаанд Монгол Оросын цэргүүд хамтран ялалт байгуулсны 75 жилийн ойд зориулан Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаадаа баяртай байна. Хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд худалдаа, аж үйлдвэрлэлийн салбарт  цаашид хэрхэн ажиллах талаар  ноён Ц.Элбэгдорж бид хоёр ярилцах болно" хэмээн ноён В.Путин хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн. Гэхдээ тэр олон юм амлахыг хүссэнгүй. Монголын талаас тавьсан хүсэлтэд бөөрөнхий маягаар хариулт өгөөд буцсан В.Путины айлчлал цаг нь богинохон ч агуулга өргөн байсныг бас үгүйсгэхгүй.

Олон жилийн турш найрамдалт харилцаатай явж ирсэн Монгол, Оросын харилцаа сүүлийн жилүүдэд багагүй хөндийрсөн ч гэлээ  өнө мөнхийн хөршийн хувиар ойлголцлын зөрүүтэй асуудлыг цэгцлэхээр оролдож эхэлсэн нь сайн хэрэг. Тэгээд ч  бэлгийн морины шүдийг бүү тат гэж Монголын зүйр үг бий шүү дээ.

 Ж.НЯМСҮРЭН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment