2016/03/01

“С.Ганбаатар огцроогүй”

Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн гишүүн О.Алтангэрэлээс тус намд болоод байгаа асуудлаар хариулт авлаа.

-Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Ганбаатарыг огцруулж, Б.Найдалааг сонгох шийдвэрийг Намын Төв хорооны хуралдаанаас гаргалаа гэсэн мессеж гадуур цацагдаад байна. Энэ үнэн үү?

-Энэ ташаа мэдээлэл байна. Манай намын дүрэм "Намын даргыг төлөөллийн төв байгууллага буюу Намын төв хороо/ НТХ/-гоор  хэлэлцэж шийдвэрлэнэ" гэж заасан байгаа.  Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын  Төв хороо гэдэг нь АН-ын ҮЗХ, МАН-ын Бага хуралтай ижилхэн.   Өмнөх Их хурлаараа манай нам Төв хорооны гишүүдээ 56 хүний бүрэлдэхүүнтэй байгаар шийдвэрлэсэн.  Өнөөдөр НТХ-ын гишүүд гэх арваад хүн хуралдаад Б.Найдалааг намын даргаар сонгосон гэж мэдээллээ тараагаад байна.

-Тэгэхээр С.Ганбаатар ХҮН-ын дарга хэвээрээ юу?

-Хэвээрээ, С.Ганбаатар огцроогүй.  НТХ-ын гишүүд өнөөдөр сургалт, семинартай байгаа. Маргааш хурлаа албан ёсоор хийнэ.  Өөрөөр хэлбэл, маргааш хуралдах НТХ-ны хуралдаанаар олонхын шийдвэрээр өнгөрсөн хугацаанд болсон маргаанд цэг тавигдана.  Асуудлын гол нь хэн намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болохоос илүү ХҮН Улс төрийн  намын тухай хууль болон намын дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж,  хууль ёсны шийдвэр гаргах ёстой.  Гэтэл  цөөн хэдэн нөхөд маань  ХҮН-ын мянган, мянган гишүүдийн сонголтыг үл хүндэтгэсэн шийдвэр гаргаж байгаад харамсаж байна.  Маргааш Төв хорооны гишүүдийн олонх асуудлыг яаж шийдсэнээс дараагийн арга хэмжээг авна.

-Дараагийн арга хэмжээ гэдэг нь хууль бусаар хурал хийж, хууль бус шийдвэр гаргасан нөхдүүдтэй хариуцлага тооцно гэсэн үг үү?

-Тийм ээ, хууль бус үйлдэл гаргасан учраас хуулийн байгууллагуудад хандана. Зарчмын зөрүүтэй асуудлаар санал зөрөлдөж, маргалдаж болно. Гэхдээ хэсэг бүлэг хүмүүс хууль бусаар  хуралдаж байгаа нь намын зарчим харшилтай.

-Сонгуулийн өмнө танай нам хоёр тал болон хуваагдаж хэрэлдээд байгааг зарим хүмүүс буруутгаж байна. ХҮН гайгүй явсан рейтингээ алдаж байгаа нь харамсалтай биш гэж үү. Энэ асуудлыг эвээр зохицуулж болоогүй юм уу?

- ХҮН маш богинохон хугацаанд зохион байгуулалтад орж, намаа олонд таниулж чадсан.  Энэ манай амжилт.  Нөгөө талаас үүсээд байгаа асуудлыг бид намын дүрмийн дагуу шийдвэрлэж чадна гэдэгтээ итгэлтэй байна.  Өөрөөр хэлбэл, олонхын зарчмаар, хууль дүрмийн дагуу  ардчилалтайгаар асуудлыг шийдэх болно. Бид ингэж л улс төрийн ёсол тогтооно. Өөрөөр хэлбэл, ХҮН-ын дотоод асуудал бүгд намын дүрмийн дагуу шийдэгдэнэ.

Б.ХОНГОР

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment