2012/03/29

Төвөнх бол амьсгалын эрхтэн


Хүний хүзүүний өмнө хэсэгт, улаан хоолойн өмнө талд зэрэгцэн орших мөгөөрсөн хоолойн дээд хэсгийг төвөнх .........
..........гэж нэрлэдэг. Төвөнхийн дээд талд дууны хөвч яс залгагдаж байх ба төвөнх хэд хэдэн хэсэг бүхий мөгөөрсүүдээс бүрддэг. Эдгээр нь хоорондоо холбоотой байх ба амьсгал авах гаргах, дуугарах тохиолдол  бүрт өөр өөр хөдөлгөөн хийх зориулалттай. Жишээ нь эрэгтэй хүний төвөнх урагшаа өнцөг үүсгэн төвийсэн байдаг бол хүүхэд, эмэгтэйчүүдийнх тэгш байх нь олонхи. Төвөнхийн эмгэг ихэвчлэн мөгөөрсөн хоолойн эмгэгтэй хавсран байх нь түлхүү. Төвөнхийн эмгэг гадна талдаа үрэвсэж улайх байдлаар илрэх ба ихэвчлэн чанга дуугарахад эмзэглэх, хоолой бачууран сөөдөг. Хоолой өвдөх үед сөөнгөтөөд байх нь ховор. Өөрөөр хэлбэл хоолой өвдөх нь гүйлсэн булчирхайн эмгэг учир төвөнхөөс наана эмгэг байна гэсэн үг.
Харин хоолойн өвдөлттэй хамт цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл \ бронхит\ хавсарсан бол төвөнхид нөлөөлөх талтай. Харин хоолой сөөх, бачуурах нь төвөнхөд эмгэг байгаагийн шинж мөн. Мэргэжлийн эмч цагаан мөгөөрсөн хоолойг дурандахдаа төвөнхөд эмгэг байгаа эсэхийг түвэггүй оношлоно. Төвөнхийг хамарсан үрэвсэл ханиад томууны үед бага насны хүүхдэд элбэг тохиолддог. Энэ эмгэгийн үед төвөнх төдийгүй цагаан мөгөөрсөн хоолой үрэвсэн хөөж, амьсгалын замыг саатуулах тул бачуурах сөөнгөтөх шинж илүү гардаг. Энэ үед төвөнхийн дундуур агаар дамжих зай нарийсдаг учир амьсгалын хүнд дутагдалд оруулах эрсдэл дагуулна. Ийм шинж илэрвэл яаралтай эмчид хандаж, сэхээн амьдруулах арга хэмжээ авах шаардлагатай. Эмчилгээний хэлбэр, чиглэлээ тогтоохын тулд төвөнхийн бачуурлыг дөрвөн зэрэгт хувааж үзэхээс гадна нэг удаа ингэж өвчилсөн хүүхдэд төгс сайн эмчилгээ хийхгүй бол дахин дахин өвчлөх хандлагатай байдгаас шалтгаалан төвөнхийн бачуурал /ларингит/- ыг хурц, архаг гэж ангилдаг. Хурц бачуурлын үед хаван, цэр, болон гадны биет тээглэх зэрэг шалтгаан давамгайлдаг бол архаг бачуурлын гол шалтгаан нь өмнөх үрэвслээс үлдэж хоцорсон сорви, мөгөөрсөн эдийн зөөлрөл, эсвэл хатуурал нөлөөлдөг.
Эдгээрээс гадна бусад өвчний хүндрэл хэлбэрээр төвөнх өвчилж болно. Тухайлбал сүрьеэ, хавдар, архаг силикоз, тэмбүү зэрэг өвчин ийм эмгэг үүсгэдэг бол тамхи хэтрүүлэн хэрэглэдэг, архи их уудаг хүмүүсийн төвөнх архаг байдлаар үрэвсэж сөөнгө хоолойтой болгох нь цөөнгүй. Тэрчлэн төвөнхийн төрөлхийн эмгэг ховор боловч илрэх нь бий. Ийм хүүхэд уйлах үедээ сул, сөөнги авиа гаргах байдлаар илэрдэг. Эмгэг хүндэвтэр бол бүр дуу гарахгүй ангалзах нь бий. Ийм хүүхэд ханиад томуу зэрэг өвчнөөр өвчилвөл амархан хүндрэх, хоолой нь бачуурах нь илүү анзаарагддаг. Төвөнхийн эмгэгийг анагаахын тулд юуны өмнө өвчин үүсгэсэн шалтгааныг арилгахад анхаарна. Утлага, цацлага, эм, тариагаар эмчилдэг ч үр дүн нь харилцан адилгүй. Ихэвчлэн төвөнхийн эмгэгийг төгс эмчлэхийн тулд мэс заслын арга хэрэглэх талтай тул хүндэвтэр эмгэгт тооцогддог. Төвөнхийн эмгэгийн үед дууны хөвч гэмтэх тул дуу авиа гаргахад өөрчлөлт орно. Дуучин хүмүүс хоолойгоо хайрлаж хамгаалж байх ёстой гээд байдаг нь үнэн хэрэгтээ төвөнх, дууны хөвчөө эрүүл байлгахад чиглэдэг гэж ойлгож болно.
Урьдчилан сэргийлэх үндсэн арга нь юуны өмнө хоолой өвдөхөөс сэргийлэх, утлага, шарлага зэрэг эмийн бус эмчилгээ хийх, хүйтэн халуунд харшлахаас сэргийлэх гэхчлэн хоолой өвдөх, ханиад томуугаас сэргийлэхтэй адил аргыг голдуу хэрэглэнэ.

0 сэтгэгдэл:

Post a Comment