2015/03/27

Гадаад хэргийн сайд БНХАУ-д айлчилна

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар тус улсад айлчлах гэж байна. Гадаад хэргийн сайдын энэхүү албан ёсны айлчлал  дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна.
 

Дорнодын Засаг даргыг огцруулах саналыг хүлээж авлаа

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлаар дахин санал хүлээж авахгүй гэж мэдэгдлээ-

Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аймгийн Засаг даргаа огцруулах тухай албан бичгийг Ерөнхий сайдад ирүүлжээ. Ерөнхий сайд уг албан бичигтэй танилцаад, саналыг хүлээж авахаар шийдвэрлэн, захирамж гаргасан байна. Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ч мөн ийм асуудал үүсээд байгаа талаарх мэдээлэл Ерөнхий сайдад иржээ.

Улстөрийн чанартай үйл ажиллагаа идэвхжих хандлагатай байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхааруулж, орон нутгийн удирдлагуудтай өнөөдөр ээлжит бус хурал зарлан хуралдуулсан байна. Энэхүү цахим хуралд 21 аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг дарга нар оролцлоо.

Хаврын тариалалт, мал төллөлт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хариуцлагатай цаг үед албан тушаал, сандал ширээний асуудал ярьж байж таарахгүй. Аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлаар дахин албан бичиг хүлээж авахгүй гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдлээ. Харин ажлын хариуцлага алдсан Засаг даргад Ерөнхий сайд өөрөө хариуцлага тооцож ажиллана гэлээ.

Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус аймгийн дараагийн Засаг даргыг 14 хоногийн хугацаанд тодруулан, Ерөнхий сайдад саналаа ирүүлэхийг үүрэг болгожээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах алба

С.Чинзориг: Намчирхаж чөлөөлөөгүй

Хөдөлмөрийн яамны харьяа 21 аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн захирал, мөн 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар намын харьяаллаас болж нэгэн зэрэг ажлаасаа чөлөөлөгдсөн тухай мэдээлэл цацагдаад байгаа. Дээрх асуудалд Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Сайдын тушаалаар 50 гаруй хүн нэгэн зэрэг ажлаасаа чөлөөлөгдсөн шалтгааныг ингэж тайлбарлав.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилсон байна. Ингэхдээ Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилох тогтоолд өөрчлөлт оруулж, Төрийн нарийн бичгийн даргыг гаднаас иргэнээр томилох боломжтой байхаар өөрчилжээ. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр н.Гантулга томилогдсон аж. Гэвч дээрх томилгоог хүлээн зөвшөөрөхгүй гэдэг гомдлыг өмнөх Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч н.Ганцэцэг гаргаж, шүүхэд хандсан байна. Тэрээр Төрийн албаны зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж, Төрийн нарийн бичгийн дарга болох боломжтой байсан ч н.Гантулгыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь шүүхэд хандах үндэслэл болжээ. Харин шүүх н.Ганцэцэгийн гомдол үндэслэлтэй байна гэж үзсэн төдийгүй Засгийн газрын тогтоол нь хууль зөрчжээ гэж үзсэн аж. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар 2013 оны дөрөвдүгээр сард өмнө гаргасан дээрх тогтоолоо хүчингүй болгож, хуучнаар нь мөрдсөн байна. Гэвч Хөдөлмөрийн яамны зүгээс аймаг, нийслэлийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлуудыг жинхлээгүй, хуучнаар нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулсаар шинэ Засгийн газартай золгосон нь энэ аж. Тиймээс хуульд нийцүүлэх зорилгоор энэхүү тушаалыг гаргасан гэсэн тайлбарыг Хөдөлмөрийн сайд өглөө. Мөн тэрээр "Төрийн албаны тухай хуулиар 2 жилийн хугацаанд төрийн албыг түр орлон гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх хууль эрх зүйн үндэс байхгүй. Энэ алдааг засалгүй, өдийг хүргэсэн байсан" гэлээ. Түүнээс дээрх асуудалтай холбогдуулж дараах тодруулгыг хийлээ.

-Засгийн газар байгуулагдаад гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Хууль зөрчсөн шийдвэрийг залруулахын тулд сайдаар томилогдсоныхоо дараахан засах арга хэмжээ аваагүй нь ямар учиртай вэ?

-Яагаад одоо авч байна вэ гэхээр Засгийн газар Төрийн албаны зөвлөлд хандаж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулах санал өгсөн. Үүний дараа манай яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Магнайсүрэн гэдэг хүн томилогдсон. Энэ оны хоёрдугаар сарын дундуур Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт зарлагдаж, Төрийн нарийн бичгийн дарга нар сонгогдсон. Энэнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөл гуравдугаар сарын 12-нд тогтоол гаргаж, манай яамны Төрийн албаны салбар зөвлөл эрх зүйн чадамжтай болсон. Энэ бүхний дараа л тушаал гаргахаас өөр аргагүй байсан л даа, хуулиа дагахаар. Нөгөө талаас эдгээр хууль бус томилгоог хүчингүй болгохдоо өмнөх шиг нь хууль зөрчсөн юм биш. Түр орлон гүйцэтгэгчийг томилохдоо Төрийн албаны хууль, журмын дагуу жишээ нь Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байгаа мэргэжилтнээр нь сонгон шалгаруулалтын үр дүнд хэлтсийн дарга томилогдох хүртэл түр орлон гүйцэтгэж байх гэдэг тушаал гаргасан. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлуудыг чөлөөлөхдөө гаднаас бас хүн томилоогүй, одоо төвдөө ажиллаж байгаа сургалтын албаны дарга нарыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын сонгон шалгаруулалт явагдаж сонгогдох хүртэлх хугацаанд захирлын үүргийг түр үүрэг гүйцэтгэнэ гэдэг тушаал гаргасан. Энэ дөрвөн сардаа багтааж, сонгон шалгаруулалт явуулахыг Төрийн нарийн бичгийн даргад даалгасан байгаа.

-Гэхдээ намчирхаж ийн олноор нь халчихав уу л гэдэг шүүмжлэл нэлээд яригдаж байна?

-Намчирхсан бол сайдаар томилогдсоныхоо дараа хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоод түр орлон үүрэг гүйцэтгэгч нарыг томилж болох байсан. Би яагаад энэ асуудалд удаан хандсан бэ гэхээр хуулийнх нь дагуу Төрийн нарийн бичгийн дарга томилогдог, хуулийн дагуу Төрийн албаны салбар зөвлөл чадамжтай болог гэж хүлээсэн. Энэ бүхэн хууль ёсны дагуу болж, эрх зүйн чадамж бүрдсэн учраас тушаал гаргасан. Хуулийг хүндэтгэж, дотор нь ажиллаж байгаа ажилчдаар даргыг нь томилох хүртэл түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэр гаргасан.

-Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн цаана ар гэр амьдрал бий. Яах вэ, одоо?

-Сонгон шалгаруулалтыг ил тод зарлан явуулна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нараар ажиллаж байсан түр орлон гүйцэтгэгч нар сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх эрх нээлттэй.

Хоёрт, сонгон шалгаруулалтад орохгүй төрийн албандаа үргэлжлүүлэн ажиллана гэвэл бид нэг л салбарын улсууд учраас ажлыг шийдэж өгөх зарчим барьж байна.

Г.ДАРЬ

 

Шилэн дансны “шим”

Урьд өмнө нь  төрийн түшээд төсвөөсөө хэдийг, юунд  зарцуулдгийг ард түмэн битгий хэл хэвлэлийнхэн хүртэл олж мэдэж чаддаггүй байв.  Учир тэд энэ бүхнийг мэдээлэх  албагүй байсан болохоор гишүүд  төсвөө юунд зарцуулснаа ерөнхийдөө нууцалдаг байлаа.

Харин өнөөдөр Д.Хаянхярваа тойргийнхоо иргэдэд зориулан сэтгүүл хэвлүүлэхэд 90 сая,  УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тойргийн иргэдтэйгээ уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулахад 90 сая,  УИХ-ын гишүүн Д.Ганхуяг тойргийн иргэдтэй уулзалт зохион байгуулах, хууль сурталчлах зардалд 70 сая төгрөг ,С.Ганбаатар ажлын тайлан хэвлүүлэх зардалд 25 сая төгрөгийг, УИХ-ын гишүүн Д.Арвин 1000 ахмадтай уулзалт хийхэд 20 сая төгрөг зарцуулсан байна гэхчлэн ядаж л мэдээлэлтэй сууж байна.

Очиж, очиж,  сэтгүүл хэвлүүлэхэд 90 саяыг, хууль сурталчилахад 70 саяыг зарцуулаад байхдаа яах вэ гэж иргэд гишүүдийг шүүмжилж байна.  Энэ бол Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан Шилэн дансны хуулийн үр дүн юм.  Ардчиллыг ажиллуулж эхлүүлэх хуулиудын нэг хэмээн тодотгож байсан Шилэн дансны хууль шимээ өгч эхэллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийм хуулийг санаачлан парламентад  оруулаагүй, энэ хууль батлагдаагүй бол урьдын адил бид УИХ-ын гишүүдийн зарцуулсан хөрөнгийн талаар огт мэдэхгүй, таг харанхуй л сууж байх байж.  Өмнө нь энэ олон ер ерэн сая төгрөгүүд гишүүдийн хувийн юм уу, нуусан аль нэг компанийнх нь дансанд шилждэг байлаа. Одоо тэд ингэж чадахгүй. Санахын ч хэрэггүй.

Өнөөдөр  90 саяар сэтгүүл хэвлүүлсэн гишүүд олон нийтээс багагүй "банга" хүртэж байна. Харин маргааш тэд "Шилэн данс"-ны  ачаар алдаагаа засч, залруулахыг хичээх биз. Төрийн түшээд төсвийн мөнгөөр юу хийгээд байгаа нь сонгогчид нь мэдээлэлтэй, цаашлаад тойрогтоо юу ч хийгээгүй хэрнээ сэтгүүл хэвлүүлэхэд 90 саяыг зарцуулдаг нөхөдтэй тооцоо бодно шүү дээ. Тийм болохоор шилэн дансны мэдээлэлд талархал илэрхийлмээр байна.

Очиж, очиж,  сэтгүүл хэвлүүлэхэд 90 саяыг, хууль сурталчилахад 70 саяыг зарцуулаад байхдаа яах вэ гэж иргэд гишүүдийг шүүмжилж байна.  Энэ бол Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан Шилэн дансны хуулийн үр дүн юм.

Одоо Ерөнхийлөгчийн санаачилсан Нийтийн сонсголын тухай хуулийг баталчих юм бол  сонгууль дуусаад ард түмнээ хаячихдаг, амлалтаа мартчихдаг түшээдийг хариуцлагатай болгож чадна.  Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын 22 дугаарт Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл бичигджээ. Энэ хуулийг хаврын чуулганаар баталж чадвал дараа дараагийн парламентад хариуцлага бий болгох эх үндэс нь болох юм.

Ерөнхийлөгчийн санаачилж, УИХ-д оруулсан Нийтийн сонсголын тухай хууль улстөрчдийг "айлгаж" байгаа.  Харин ард түмний хувьд Нийтийн сонсголын тухай хуулийг цаг алдалгүй батлах хэрэгтэйг ч парламентад сануулсаар байгаа юм.

Энэ хууль батлагдсанаар сонгуулиар аманд нь хоол халбагдаад өгөх нь холгүй загнадаг, УИХ-д гарангуутаа мартчихдаг олон түшээдэд амлалтаа биелүүлдэг, хэлснээ хэрэгжүүлдэг хариуцлагыг суулгах юм.  Хуулийн төсөлд үндсэн долоон төрлийн сонсгол явуулахаар тусгасан байна.  Энэхүү хуулийг санаачлах болсон зорилгоо Ерөнхийлөгч тайлбарлахдаа    "Сонгосон хүнээ болохгүй бол буцаагаад татах сонгогчдынхоо эрхийг бид хуульчлах ёстой. Өнөөдөр Монголын сонгогч хагас эрхтэй, сонгогдсон хүн бүрэн эрхтэй, гишүүн сайд давхар эрхтэй байна"  гэсэн байдаг.

Ийнхүү энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны хуулийн дагуу төрийн түшээд төсвөөсөө хэдийг, юунд зарцуулснаа олон түмэнд тайлагнадаг болж.  Энэ чинь түшээдийг хянах тогтолцооны эхлэл.  Татвар төлөгч, баялаг бүтээгчдийн мөнгийг ах, дүү амраг садан, авгай хүүхэддээ зарцуулахдаа тэд ядахнаа нүүр нь улайдаг ичдэг болж байгаад Ерөнхийлөгчид талархъя.

Сонгогчдоо дөрвөн жил мартчихдаг, амлалтаа гэнэт санадаг, ахиад сайхан амладаг "худалч" гишүүдийн  хувьд өөр олон айдас нэмэгдэж байвал сайн. Төрийн түшээд ард түмнээсээ айдаг байна гэдэг муу зүйл биш. Түүнээс өмнө тэд ард түмнийг дээр нь юу ч бичиж болох цагаан цаас гэж эндүүрсээр ирсэн шүү дээ.
 

Б.ХОНГОР  
 

2015/03/26

Шадар сайд Дундговь аймагт ажиллалаа

Шадар сайд Хүрэлсүх Дундговь аймагт ажиллаж онцгой байдал, мэргэжлийн хяналт, худалдан авах ажиллагаа, стандартчилал хэмжилзүйн газрын үйл ажиллагаатай танилцсан байна.

Өнгөрсөн жил нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдсоноор жижиг дунд үйлдвэрлэл хөгжих хандлагатай байгаа бөгөөд сөрөг тал нь зам тээврийн осол  гэмтэл нэмэгджээ. Аймгийн эмнэлэг болон зам дагуух Дэлгэрцогт, Хулд сумдын эмнэлэг түргэн тусламжий машин дутагдалтай байгааг засаг дарга Шадар сайдад дуулгасан. Шадар сайд салбарынхаа хэрэгцээнээс УАЗ-469 машин нэгийг олгохоо амалсан байна.

Дундговь аймгийн хувьд уул уурхай биш аялал жуулчлал гол хөгжлийн чиглэл гэж үзэж байна. Тиймээс Их газрын чулуу, цагаан суварга зэрэг хүмүүс их ирдэг газруудынхаа зам харгуй дэд бүтцийг сайжруулах,  жуулчны баазуудын  стандартыг хангахад   анхаарч байгаагаа засаг дарга Д.Од-Эрдэнэ танилцуулсан. Аймгийн орон нутгийн хөгжлийн санд энэ жил 4.5 тэрбум төгрөг хуваарилагдсанаас аймагт хоёр  тэрбум орчим  төгрөг зарцуулахаар болжээ. Энэ мөнгөний нэг хэсгийг жуулчны баазуудад ариун цэвэр, бие засах газар байгуулахад зарцуулах,  300 үнээний ферм барих төслийг санхүүжүүлэх гэнэ.              

Аймгийн засаг даргатай уулзсаныхаа дараа Шадар сайд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Онцгой байдлын алба, Мэргэжлийн хяналт, Стандартчилал хэмжил зүй, худалдан авах ажиллагааны газрын ажилтан албан хаагчидтай уулзсан байна.

Худалдан авах ажиллагааны газрын хувьд дөрвөн хүнтэй. Аймгийн хэмжээнд бүх тендер, худалдан авалтыг хариуцан ажилладаг байна. Гол нь ил тод, шударга ажиллахыг Шадар сайд санууллаа. Аймгийн стандартчилал хэмжил зүйн газрын зарим  тоног төхөөрөмж муудаж хуучирсан байна. Энэ тал дээр анхаарахыг орон нутгийн удирдлага Шадар сайдаас хүссэн. Стандартчлал хэмжил зүйн газраар очих үедээ салбарын нөхцөл байдалтай танилцсан. Ирэх оны төсөвт хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг суулгах тал дээр анхаарна гэдгээ Шадар сайд хэллээ. Тэрээр аймгийн онцгой байдлын хэлтсээр орж, орон нутгийн гал сөнөөгч, аврагчдын машин техник, багаж хэрэгслийг үзэж сонирхсон байна.

С.СҮРЭН

 

БНХАУ-аас авдаг ажиллах хүчний тоог нэмэх боломжгүй

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ван Шяолуныг өчигдөр хүлээж авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Ван Шяолун "Танай яамны үүрэг хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал ач холбогдолтой учраас тантай уулзаж санал солилцох хүсэлт тавьсан юм" хэмээгээд хоёр орны хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хэлэлцэж тохирсон асуудлуудыг бодитой болгох, тодорхой төсөл, буцалтгүй тусламж, зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хоёр орны эдийн засгийн харилцаанд онцгой ач холбогдолтой бөгөөд энэ хүрээнд холбогдох хэд хэдэн салбарын хамтын ажиллагааг сайжруулах, түүний дотор ажиллах хүчний асуудал дээр илүү идэвхтэй ажиллах нь эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед нэн чухал байгааг онцолсон. Мөн хоёр улсын Засгийн газар хооронд харилцан тохиролцсон, хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдэд ажиллах мэргэжилтэй ажилчдын асуудлыг Тэрбээр Хөдөлмөрийн сайдад БНХАУ-аас хуулийн дагуу авдаг ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх санал тавьж энэ чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа. 

С.Чинзориг сайд эдийн засаг хямралтай, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, дотооддоо ажилгүйдэл нэмэгдэж буй энэ үед БНХАУ-аас авдаг ажиллах хүчний тоог нэмэх боломж байхгүйг тайлбарлаад цаашдаа тус улсаас зөвхөн Боловсролын яамнаас нь олгосон мэргэжлийн үнэмлэхтэй, жинхэнэ мэргэшсэн ажилчдыг л авах бодлого барина гэдгээ хэллээ. Мөн Монгол Улс хөдөлмөрийн зах зээлдээ гаднаас ажиллах хүч авахдаа монгол ажилчдыг дагалдуулан ур чадвар эзэмшүүлэх шаардлага тавих замаар гадны ажиллагсдын тоог бууруулах ёстой гэж үздэгээ ч дуулгасан. Түүнээс гадна хоёр улсын хооронд ажиллах хүч солилцож буй тогтолцоог ч өөрчлөх шаардлагатай хэмээгээд энэ тал дээр Монгол Улсад суугаа Элчин сайдтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Г.ДАРЬ

Л.Эрдэнэчимэг Олон Улсын эмэгтэйчүүдийн хуралд оролцлоо

Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо болж буй "Ирээдүйг цогцлоох эмэгтэйчүүдийн зөн" сэдэвт Олон Улсын хуралд Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг илтгэгчээр оролцлоо.

Мөн тэрээр Бүгд Найрамдах Индонез Улсын Ардын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Парламент хоорондын хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн хорооны дарга хатагтай Нурхаяти Али Ассагафтай Ардын Төлөөлөгчдийн оронд уулзсан байна. Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлэхдээ, "Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 59 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улс олон жилийн найрсаг харилцаатай явж ирсэн бөгөөд бидэнд цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд багагүй байна. Ялангуяа хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан туршлага солилцох, хоёр талын айлчлалуудыг зохион байгуулах ажлыг Улсын Их Хурлын гишүүний хувьд дэмжиж ажиллах болно. Эмэгтэй улс төрчид шийдвэр гаргах түвшинд 20 биш 30, цаашлаад 40 хувь хүртэл өсөх шаардлагатай байгаа талаар Олон Улсын эмэгтэйчүүдийн хуралд тавигдсан илтгэлтэй санал нийлж байгаа. Хэдийгээр эмэгтэйчүүдийн түгээмэл эрхийг хамгаалсан багагүй хууль, дүрэм улс орнуудад үйлчилж байгаа ч хууль тогтоох түвшний эмэгтэйчүүдийн оролцоо хувь хангалтгүйгээс бидэнд шийдүүлэх ёстой асуудлаа шийдвэрлүүлэх хүч дутах, улс төрд бэлтгэгдсэн эмэгтэйчүүдээ сонгуулийн санхүүгийн дарамт, босго өндөр байгаагаас нэр дэвшүүлж чадахгүй байгаа зэрэг асуудлууд нийтлэг тулгарч байна. Энэ чиглэлээр бид Индонезийн парламентч эмэгтэйчүүдтэй цаашид нягт хамтран ажиллах болно. Хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр та бүхэн манай Элчин сайдын яамтай хамтарч ажиллаж байгаад баяртай байна" гэлээ.

Бүгд Найрамдах Индонез Улсын Ардын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Парламент хоорондын хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн хорооны дарга хатагтай Нурхаяти Али Ассагаф, "Цаашид бид илүү их хамтарч ажиллах болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Жакартад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, хатагтай Ш.Батцэцэгийн хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр болно. Бид одоо хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд удахгүй ажил хэрэг болгох зорилт тавин ажиллаж байна гэлээ. Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг оролцлоо.

Эх сурвалж: open.parliament.mn

 

Япон руу ажиллах хүч гаргах санал тавилаа

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Такэнори Шимизүг өнөөдөр хүлээн авч уулзав. Олон жилийн сайн харилцаат Япон улсыг төлөөлөн суугаа ноён Шимизүтэй ийн онцгойлон уулзсаны шалтгаан нь Монголоос Японд илгээж буй ажиллагсдын тоог нэмэх боломжийг эрэлхийлэхэд чиглэсэн юм. 

Япон улс 2020 онд нийслэл Токиодоо зуны олимпийн 32 дугаар наадмыг зохион байгуулах эрх авсан. Олимпийн бэлтгэл хангах их бүтээн байгуулалт өрнөхтэй холбоотойгоор тус  улс барилгын салбартаа шаардлагатай ажиллах хүчнийг гаднаас авах тухай яригдаж байгаа. Тиймээс   ажиллах хүч авах улсынхаа тоонд Монголыг оруулах замаар одоо авч буй дадлагажигчийнхаа тоог нэмэх саналыг С.Чинзориг сайд тавьж буй юм.

Тэрбээр "Манай улс БНСУ-д гэрээгээр ажиллах хүч гаргадаг. Чамлахааргүй олон хүн явсан. Гэхдээ манай залуус ажлын нөхцөл, нийгмийн баталгаа зэрэг талаас нь харж Японыг илүүтэй сонирхож байгаа. Одоогоор манайхаас Япон руу дадлагажигч гаргах тусгай зөвшөөрөлтэй 24 байгууллагаар зуучлуулан хүмүүс явуулдаг ч эдийн засгийн хямралтай, ажлын байр хомс энэ үед 200 хүн явсан гэдэг хэтэрхий цөөн байна.  Тиймээс манай талаас илгээх дадлагажигчийнхаа тоог нэмэх саналтай байгаа юм.  Мөн дадлагажигчийн хугацааг богиносгож  ажиллах хүчний статустай болгох боломжийг ч судалмаар байна.  Түүнээс гадна жилд манайхаас авах дадлагажигчийнхаа тоонд квот тогтоох боломж бий юу. Учир нь Японд явуулна гэж залуусыг бүртгээд, япон хэлний 180 цагийн хичээлд суулгадаг. Тэр хичээлд доод тал нь 50 хүн хамрагдаж байхад илгээгч байгууллага нь тэднээс ердөө 4-5-ыг л авдаг нь хүмүүст хүлээлт үүсгэж байна. Хэрэв тодорхой тогтсон тоотой бол бид уг тоонд тааруулж бүртгэлээ хийж болох юм. Өөр нэг зайлшгүй өөрчлөх шаардлагатай зүйл нь одоогийн дадлагажигч авч байгаа систем. Энэ ажлыг төрийн байгууллагаар дамжуулан хийх боломжтой" хэмээн саналаа хэлж Элчин сайдыг дэмжихийг хүссэн юм.

Элчин сайд Такэнори Шимизү "Манай улсын Засгийн газар гадаадаас ажиллах хүч авах авах талаар шинэ хууль боловсруулж парламентад өргөн барих гэж байна. Уг хуульд гадаадаас авч буй дадлагажигч, ажиллах хүчний цалин, нийгмийн баталгааг хангах, тэднийг хууль бусаар харлаж үлдэхгүй байх баталгаа зэрэг зохицуулалтыг хийхийн хамт гаднаас ажиллах хүч авах тогтолцоог өөрчлөх тухай ч ярьж байгаа. Парламентад энэ хуулийг тойрсон том хэлэлцүүлэг өрнөж таарна. Үүнд бэлтгэж бид Монголын  гадаадаас ажиллах хүч авч байгаа болон гадаадад гаргаж байгаа талаар туршлага мэдээллийг цуглуулж илгээхээр ажиллаж байгаа юм. Энэ хууль батлагдсаны дараа бүх зүйл тодорхой болно. Япон улсын хувьд олимпийн барилга байгууламжийн бүтээн байгуулалттай холбоотойгоор барилгын салбарт ажиллах хүчин шаардлагатай болж байгаа. Мөн хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт ажиллах хүч хомсдолтой байдаг. Тиймээс ганц барилга гэхгүйгээр хүмүүсээ явуулах боломж бий. Гэхдээ манайхаас тавьдаг хэлний болоод мэргэжлийн шаардлагыг хангасан байх ёстой" гэж байлаа.

 Элчин сайд Японд дадлагажигчаар очсон хүн гурван жил ажиллаад буцаж ирдгийг хоёр жилээр хугацааг нь сунгахаар ярьж буйг дуулгасан. Мөн 2000 оноос хойш Монголоос ажиллах хүч авах тухай ярьж буй асуудал удаашралтай байгаа нь монголчууд очсон хойноо хууль бусаар харлаж үлддэгтэй холбоотой байж магадгүй хэмээн таамаглаж буйгаа ч хуваалцав. Хариуд нь С.Чинзориг сайд "БНСУ руу гэрээгээр ажиллахаар очсон хүмүүс цалингаасаа нийгмийн даатгал болон хуульд заасан татварыг ном журмынх нь дагуу төлдөг. Харин  хараар ажилладаг хүмүүс цалингаасаа даатгал, татвар аль алийг нь төлөхгүй учраас арай илүү авч байгаа санагддаг юм билээ. Яг энэ шалтгаанаар  нэг хэсэг олон хүн харлаж үлдэж байсан. Одоо бол манай залуус ойлгодог болсон. Манай улс БНСУ-тай нийгмийн хамгааллын салбарт хамтарч ажиллах гэрээ байгуулсны дагуу Солонгост ажиллаж байгаад ирсэн хойноо нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийн мөнгөө буцааж авдаг тогтолцоотой. Магадгүй Японтой ажиллах хүч гаргах асуудлыг харилцан тохиролцож чадвал дээрх туршлагыг ашиглаж болох юм" хэмээн тайлбарлаж байлаа.

Уулзалтын төгсгөлд Хөдөлмөрийн сайдын тавьж буй иргэдээ Японд ажиллуулж дадлагажуулах саналыг Элчин сайд холбогдох газарт нь уламжилж, хэрэгтэй мэдээллээр харилцан бие биенээ хангаж ажиллахаар тохиролцлоо.

Г.НАРАН

 

“Цахим парламент” төслийн хүрээнд хийгдсэн ажилтай танилцлаа

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн дэд сайд Жу Тэ Ёоль болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчид өнөөдөр /2015.03.26/ Монгол Улсын Их Хурлын чуулган, байнгын хороодын хуралдааны танхим болон "Цахим парламент" төслийн хүрээнд иж бүрэн тоноглосон парламентын сэтгүүлчдийн өрөөтэй танилцлаа. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ноён Жу Тэ Ёоль болон дагалдан яваа төлөөлөгчдөд төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлуудыг нэг бүрчлэн танилцуулсан юм.

Тэрээр "2012 онд Улсын Их Хурлын Тамгын газар, Эдийн засгийн хөгжлийн яам, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-ын хооронд байгуулсан хэлэлцээрийн протоколын дагуу БНСУ-ын Засгийн газрын 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар "Цахим парламент" төслийг Улсын Их Хурал  хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны танхимуудын санал хураалт, микрофоны системийг шинэчилж, LED дэлгэцээр тоноглосон.

Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны танхимуудын дүрс бичлэгийн төхөөрөмжүүд болон парламентын сэтгүүлчдийн өрөөг шинэчилж, шаардлагатай техник хэрэгслээр тоноглосон. Ингэснээр Улсын Их Хурлын хуралдааны  үйл ажиллагааг сурвалжлах үйл явц олон улсын жишигт хүрсэн юм" гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

УИХ-ын дарга БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.26/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гошийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Сомнат Гош Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагааг улам бэхжүүлж, олон талын харилцааг хөгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ онд Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил тохиож байгаад баяртай байгаагаа илэрхийлээд "Монгол Улсын Засгийн газар түүх, соёлын олон зуун жилийн харилцаатай Энэтхэг Улсыг бүс нутаг дахь гол түнш, "гуравдагч хөрш" орны нэг хэмээн үздэг" хэмээгээд цаашид хоёр улсын харилцааны түвшинг хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын даргын уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Д.Дэмбэрэл болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Ерөнхийлөгчийн Тамгын газар, JCI Монгол Үндэсний байгууллага харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, JCI Монгол Үндэсний байгууллага харилцан ойлголцлын Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав. Уг Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, JCI Монгол байгууллагын 2015 оны Үндэсний Ерөнхийлөгч Г.Баярхүү нар гарын үсэг зурсан юм. Санамж бичгийг хоёр тал урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг эхлүүлэх эрх зүйн үндэс болгон байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн бодлогод иргэд санаачилгатай, эерэг өөрчлөлтөд манлайлагч байхыг дэмжсэн үзэл санаа тусч хэрэгжиж ирснийг JCI Монгол байгууллага дэмжиж, үндэсний байгууллагын хэмжээнд хэрэгжүүлдэг төслүүдээрээ дамжуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар болсноо энэ үеэр илэрхийлэв.

Гарын үсэг зурсан Санамж бичигт үндэслэн JCI Монгол байгууллага  нь 2015 онд "Эерэг сэтгэлгээний давалгаа" буюу  Positive Mind төсөл, "Инээмсэглэх Монгол" төслийг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Таван жилийн турш хэрэгжих "Эерэг сэтгэлгээний давалгаа" төсөл нь ид төлөвшиж байгаа өсвөр насныхан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан хувь хүний зан төлөв, зөв хүмүүжил, нийгэмшилд чиглэсэн сэдвүүдээр сургалтын стандарт бий болгох чиглэлтэй юм байна. "Инээмсэглэх Монгол" төсөл нь олноороо нийгэмшиж амьдарч сурах, бусдын амьдралын хэм хэмжээг зөрчихгүй байх соёл тогтоох зорилгыг агуулжээ. Уг төслийн хүрээнд "Найрсаг Улаанбаатар" арга хэмжээтэй хамтран ажиллахаар болсон байна.

JCI байгууллага нь дэлхий нийтэд 100 жилийн ажлын туршлагатай, НҮБ-д зөвлөх эрхтэй, дэлхийн 120 оронд салбартай, нэг сая илүү гишүүнтэй байгууллага юм. JCI Монгол Үндэсний байгууллагын хувьд 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 18-40 насны 660 гаруй гишүүнийг нэгтгэдэг юм байна. Бизнесийн хүрээнийхэн болон төрийн албан хаагч, оюутан залуус тэдний нэлээд хувийг бүрдүүлж, идэвхтэй иргэдийн байгууллага болжээ.  Тус байгууллага 2017 онд JCI байгууллагын томоохон хурлыг Монголд хийлгэх эрх авахын төлөө ажиллаж байгаа ажээ.

Гарын үсэг зурах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ "JCI Монгол Үндэсний байгууллага 20 гаруй жил ажиллахдаа нийгэмд эерэг, шинэ урсгал авчирсан. Энэ байгууллага 2 жилийн дараа Монголд JCI –ийн том чуулга уулзалтыг хийлгэхээр санаачлаад байна гэдэг нь JCI Монгол Үндэсний байгууллагын үе үеийн удирдлага, тэнд ажиллаж байсан хүмүүсийн ажлын үр дүнг бусад улсын JCI байгууллагууд хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл байх гэж бодож байна. Тэр хүмүүст талархал илэрхийлье.

Нийгэмд эерэг чиг хандлагыг дэмжих нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг. Түүнд туслах нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын үүрэг юм.

Хүн бол хамгийн төгс төгөлдөр дамжуулагч гэж үздэг. Хүн юу бодож долгион цацна, буцаагаад тийм долгион хүлээж авдаг гэж уншиж байсан. Монголын хүүхэд багачууд багаасаа эерэг сэтгэлгээтэй болох юм бол эерэг долгион хүлээж авдаг болж улс орны хөгжилд ч эерэгээр нөлөөлнө. Хүлээцтэй, тэвчээртэй, бие биеэ хүндэтгэдэг соёлтой, гэрэл гэгээтэй ирээдүй рүү явах нь  хүүхэд, залуу үед маш чухал. Эерэг уур амьсгал, эерэг сэтгэлгээний давалгааг төрүүлэхүйц ажил хийж, үр дүнд хүрэхийг та бүхэнд хүсэн ерөөе. Бид та бүхний ажлыг дэмжинэ. Та бүхэнд ажлын амжилт хүсье" гээд аливаа ажилд тооноос илүү чанар чухал гэдгийг анхаарууллаа.

Эх сурвалж: president.mn

 

Литва улс хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана

Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзоригтой өнөөдөр Литва улсын "Эс Би Эй" концернийн төлөөлөгчид болох Ерөнхий захирал ноён Арунас Мартинкевичиус, Бизнес хөгжлийн газрын захирал Константин Козонис, Вильниус хот дахь Францын "Пежо" автомашины төлөөлөгч ноён Йонас Бобровичиус нар уулзлаа.

Ажлын хэсгийнхний хувьд анх удаа Монголд айлчилж байгаа бөгөөд Монголын Засгийн газар, салбарын яам, мэргэжлийн байгууллагуудын бодлого, хөтөлбөр, төслүүдтэй танилцах, хамтран ажиллах, хөрөнгө оруулах боломжийг судлах, санал, туршлага солилцохоор ирсэн аж. Учир нь, тус улс хүнс, хөдөө аж ахуйн салбарт багагүй туршлагатай бөгөөд манай улсын сүү, сүүн бүтээгдэхүүн, малын тэжээлийн үйлдвэрлэл, газар тариалангийн салбарыг сонирхож буйгаа уулзалтын үеэр дурдаж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг төрөөс хөдөө аж ахуйн талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа салбарын төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулаад Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах боломжтойг онцлов.

Г.НАРАН

“Эдийн засагт улстөр байхгүй, үнэн тоо бий”

Долоо хоног бүрийн даваа гаригт болдог Сайдын цаг-аар энэ удаа Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцож тус салбарт хийгдэж буй ажилт, цаашдын төлөвлөгөө, аж үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Шинэ Засгийн газрын шинэ яамыг удирдаж буй Аж үйлдвэрийн сайд Монгол Улс өнөөдрийг хүртэл импорт давамгайлсан, гаднаас хараат хавээр байгааг онцолсон. Тухайлбал  хүнсний хэрэглээнийхээ 7.3 хувь буюу 383 сая ам.долларыг гадаадаас авч хэрэглэж байгаа аж. Сайдын мэдээлснээр  1.7 сая ам.долларын сүү, сүүн бүтээгдэхүүн,  хуурай сүүг 19 сая ам.доллараар худалдан авч байгаа аж. Харин нийт экспорт 5.7 тэрбум ам.доллар байгаагийн 81.8 хувь нь буюу  4.7 тэрбум ам.доллар нь уул уурхайгаас түүхийгээр гаргаж буй бүтээгдэхүүн  эзэлж байна. Өөрөөр хэлбэл экспортын ихэнх хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж, Монголчууд ердөө 50 сая ам.долларын бүтээгдэхүүн гадагшаа гаргаж байгаа аж. Харин аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний экспорт 0 хувьтай байгааг салбарын сайд  онцлоод "Ийм нөхцөлд валютын ханшийн савлагаа алга болох, ард иргэдийн амжиргаа  дээшлэх баталгаа алга" гэсэн юм. Үүний нэг томоохон  шалтгаан нь үйлдвэржилтийн тогтворгүй  бодлого гэж  үзэж буйгаа  дуулгалаа. Түүнчлэн Монголчууд өөрсдөө үйлдвэрлэж чаддаг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнээ ч гаднаас авсан хэвээр байна. Тухайлбал ургамлын тосыг 25 сая  ам. доллараар,  элсэн чихэр 24 сая доллараар, цагаан будаа 14 сая, гурил 7 сая доллараар, жимс 6 сая доллараар, хүсний ногоог 10 сая долларт худалдан авч байгаа нь 110 сая ам.долларыг хүнсний бүтээгдэхүүний импортод зарцуулж байгаа аж. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат "Энэ бол  Монгол Улсыг  мөнхийн гаднаас хараат байлгаж байгаа бодит тоо. Энэ тоон дээр үндэслэж цаашдын эдийн засгийн бодлогоо авч явахаас биш улстөржөөд, энэ тоо сайжрахгүй. Эдийн засагт улстөр байхгүй, эдийн засагт үнэн тоо л бий" гэсэн юм.

Аж үйлдвэрийн салбар хүнд, хөнгөн, боловсруулах, жижиг дунд үйлдвэр,  чөлөөт бүс буюу аж үйлдвэрийн парк, худалдаа, экспорт, импорт, концессын асуудал хамаарч байна. Энэ хүрээнд  Аж үйлдвэрийн яам байгуулагдснаас хойшхи 100 хоногт суурь бодлогын баримт бичгээ боловсруулжээ. Түүнчлэн УИХ-аар Чөлөөт бүсийн хууль батлагдаж,  хөрш хоёр улстай гэрээ хэлэлцээр эхлэхэд бэлэн болсныг мэдээллээ.Хууль эрхзүйн  шинэчлэлийн хүрээнд Худалдааны тухай хуулийг өргөн барихаар зэхэж байгаа бол Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийг бодлогын хувьд нэлээд өөрчилж оруулж ирэхээр болсон байна.  

Нефтийн үйлдвэр барина

Аж  үйлдвэрийн сайдын мэдээлснээр энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дотоодынхоо нөөцөд тулгуурласан нефтийн үйлдвэр барих асуудлыг оруулж, тогтоол батлуулжээ. Засгийн газраас хаана үйлдвэр барих, хэдэн үйлдвэр  барих асуудлыг тодорхой болгож, ТЭЗҮ, байгаль орчны  үнэлгээг хийх  Ажлын хэсгийг Аж үйлдвэрийн яамнаас байгуулах юм байна. Нефтийн үйлдвэрийг говийн бүсэд буюу Сайншандын Зүүн баян-ийн хэсэгт  2 сая тонн хүртэлх хүчин чадалтай үйлдвэр, нөгөө нь зүүн бүсэд буюу газрын тосны нөөцтэй Дорнод  аймгийн Тамсагт  барих шийдэлд хүрчээ. Ирэх намар гэхэд нефтийн үйлдвэр барих сонирхолтой компаниудын дунд  сонгон шалгаруулалт хийх, хөрөнгө  оруулах санал тавих гэнэ. Нефтийн үйлдвэрээ барьж чадвал  долларын ханш  1000 төгрөгт хүрэх боломжтойг  Д.Эрдэнэбат сайд онцолсон. Тэрбээр "2020 он хүртэл экспортыг 8 тэрбум долларт  хүргэж, импортыг 4 тэрбум долларт барьчихвал  үнийн өсөлтийн тухай, валютын савлагааны тухай, ажлын байрны хомсдолын тухай  ярихааргүй болно" гэв.

Энэ үеэр аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг таван үндсэн бүс, 27 дэд бүсэд хувааж хаана  хүнд, хөнгөн, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл  хөгжихийг тодорхой болгохоор ажиллаж байгаа гэнэ.

Жижиг дунд үйлдвэрлэл экспортод үр дүн өгөхгүй

Жижиг дунд үйлдвэрлэл нийтийг хамарсан ажлын байр бий болгож, импортыг орлох сайн талтай ч экспортод нөлөө үзүүлэхгүй байгааг салбарын сайд мэдээлсэн. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэлийн  төслийг цаашид хэрэгжүүлэхдээ мөнгө цаг үрсэн, танил талаа хавчуулах асуудлыг таслан зогсоож, шаардлагад нийцсэн сайн төслийг санхүүлэх чиглэл барьж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар 3000 гаруй төслийн материал Аж үйлдвэрийн яаманд иржээ. Эдгээр  төслүүдээс  үр ашигтай байж чадах, мэргэжлийн боловсон хүчинтэй төслийг сонгон авахаас гадна  зарим төсөл дээр ирэх сараас сонгон шалгаруулалт зарлахаар болжээ.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат  мэдээлэл  хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан.

С.ОТГОН

 

Алдаа гаргасан консулыг татна

Гадаад хэргийн яамнаас нийт Дипломат төлөөлөгчдийн газарт ээлжит болон ээлжит бус дотоодын аудитын хяналт шалгалтыг хийдэг.

Энэ дагуу Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны А/47 тоот тушаалаар томилогдсон Дотоод аудитын ажлын хэсэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-7-ны өдрүүдэд Бээжин хотноо ажиллан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст зохих шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр санхүүгийн болон бусад зөрчлүүд илэрсэн гэдгийг дээрх ажлын хэсгийн дүгнэлтэнд дурдсан байна. Тиймээс зөрчил гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдэл болсон гэж үзэн ЭСЯ-ны Консул болон зарим ажилтныг томилолтын хугацаанаас нь өмнө эргүүлэн дуудахаар болжээ.

Э.ЗУЛ

Эх сурвалж: www.mminfo.mn

Л.Пүрэвсүрэн сайд Т.Д.Валовая-г хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Евразийн эдийн засгийн комиссын зөвлөлийн гишүүн Т.Д.Валовая тэргүүтэй төлөөлөгчдийг  өнөөдөр Гадаад хэргийн яаманд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон албаны бусад төлөөлөгчид оролцсон байна.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комиссын хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулахаар тохиролцов. Түүнчлэн,Монгол Улс, Евразийн эдийн засгийн комиссын гишүүн орнууд хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх механизм байгуулж, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх таатай орчин бүрдүүлэх, гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хамтран судлахад бэлэн байгаагаа талууд илэрхийллээ.

О.СҮРЭН