2012/03/22

О.Магнай: Сонгууль луйвардаагүй бол Магнай юу гэж жагсах билээ



-Долдугаар сарын 1 -нд монголчууд жагсаж чадсанаараа харин ч бахархах ёстой-
Цагдаагийн экс .............
...........дарга нарыг цагдан хорив. Тэд "Бид үймээн самуун дэгдээж, бусдыг өдөөн турхираагүй. Шударга үнэн гэж байдаг бол үймээнийг санаачилсан О.Магнай, Ж.Батзандан нарт хариуцлага тооцох ёстой. Сонгуулийн золиос нь цагдаа байх ёсгүй" гэсээр ачигдав. Энэ үйл явдалтай холбогдуулан Иргэний хөдөлгөөний ерөнхий зохииуулагч О.Магнайтай ярилцлаа.

-Ч.Амарболд нарыг цагдан хориод байна. Тэдний ар гэрийнхэн "Цагдаа улс төрийн золиос болох ёсгүй. О.Магнай нарт хариуцлага тооцох ёстой" хэмээснийг та сонссон байх?

-Монголын цагдаа надтай холбоотой асуудлыг хангалттай шалгасан. Терроризмээс эхлээд олон зүйлчлэлийг тулган шалгасан. Гэвч гэмт хэргийн шинжгэй зүйл олж тогтоогоогүй. Би долдугаар сарын 1-нд луйвардсан сонгуулийг эсэргүүцэж жагсаал, цуглаанд оролцож үг хэлсэн нь үнэн. Түүнээс биш хүн буудаагүй. Хүн буудах, жагсаал цуглаан хийх хоёр өөр асуудал шүү. Тэгээд ч жагсаал цуглаан МАН-ын байрны гадаа өдрийн цагаар болсон. Харин хүн буудсан нь онц байдал зарласнаас хойш шөнө гарсан хэрэг. Хоёр өөр асуудлыг нэг шуудайнд чихээд тэгээд хариуцлагаас мултрах гэсэн арчаагүй зүйл харагдаж байна гэж дүгнэж байна.

-Та олныг цуглуулж чадсан юм бол яагаад тарааж болоогүй юм. Таны үүсгэсэн жагсаал таван хүний аминд хүрсэн гээд байгаа шүү дээ?

-Бид МАН-ын байрны өмнө шаардлага хүргүүлэх гэж л очсон. Тэр үед МАН-ын дарга байсан С.Баяр гарч ирээгүй. Гарч ирж болдоггүй юм гэхэд хүлээн авч уулзаж асуудлыг намжааж болох байсан. Би өнөөдрийг хүртэл С.Баяр шаардлагыг хүлээж аваад жагсагчидтай уулзаж, ярилцсан бол асуудал хурцдаж ийм хэмжээнд хүрэхгүй байсан гэж боддог. Харин ч үйл явдлыг үймээн болгосноороо луйврын сонгуулиа хууль ёсны болгож чадсан МАН-ын хувьд ашигтай туссан.

-Цагдаагийн ар гэрийнхэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үймээнийг анх өдөөсөн хүний нэг гээд байгаа. Түүнийг бас л хурсан олныг турхирчихаад юу ч болоогүй юм шиг байна гэсэн шүүмжлэл байна?

-Би долдугаар сарын 1-ний үйл явдлыг маш сайн санаж байна. Харин ч ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбай дээр " Ард иргэдээ тайван бай. Гэр, гэртээ харьцгаа. Хүчирхийлэл бол ардчилал биш шүү" гэж байсан. Зарим хүн дөрвөн жилийн өмнө болсон асуудлыг жилийн өмнө болсон аятай гуйвуулж байна.

-Цагдан хорих тодорхой үндэслэлгүйгээр цагдаагийн дарга нарыг хорьсон нь зөв, буруу гэсэн шүүмжлэл хуулийнхан дунд байна. Та цагдан хорих нь зөв гэж үзэж. байна уу?

-Бидний нийгмийн хамгийн чухал үнэт зүйл бол хуулийн өмнө бүгд тэгш байх явдал. Хуулийн өмнө сайд, дарга, генерал, хурандаа, жирийн иргэн бүгд хүлцэнгүй байх ёстой. Намайг олон удаа хорьж байсан. Гэтэл цагдаагийн нөхөд хоригдохгүй гэж гүрийгээд л. Ийм байж таарахгүй. Энэ бол бидний байгуулж буй үнэт зүйлийн эсрэг үйлдэл. Хэрэв энэ үнэт зүйлийг цагдаагийн нөхдүүд үл ойшоож үгүй хийвэл цааш цаашдаа долдугаар сарын 1-нээс илүү буруу жишиг тогтох аюултай. Нөгөө талаас Монголын шүүх хүчтэй байх ёстой.

-Нэг зүйлийг тодруулъя. Танд үүсгэсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн үйлдэл байхгүй гээд хаасан. Гэхдээ хэргийг хаасан гол шалтгаан нь таныг АН-аас аврал эрсэнтэй холбоотой гэх юм. Энэ үнэн үү?

-Тухайн үед надад 177, 179 гэсэн хоёр зүйл ангиар эрүүтийн хэрэг үүсгэсэн. 177 нь терроризм гэдэг зүйд анги. Гэтэл долдугаар сарын 1-нд болсон үйл явдал огт терроризм байгаагүй. Энэ зүйлчлэл угаасаа утгагүй байсан л даа. Цагдаагийн нөхөд онц байдал зарласны дараа бүх хэвлэл, мэдээллийн хэрэгслийг хааж нэлээд сүржин мэдэгдлүүд хийсэн. Тэр үйлдэлдээ хөөрөөд терроризм хэмээх зүйл ангийг надад хүчээр тулгасан. Гэтэл өнөөх нь нотлогдоогүй.

Дараа нь нийгмийг хамарсан эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан гээд дахиад шалгалаа. Энэ мэтээр намайг хоёр жил шалгаад долдугаар сарын 1-нд зохион байгуулалттай зүйл нэг ч байхгүй гэдгийг тогтоосон шүүдээ. Чулууг хэн зөөж, шатахууныг хаанаас авчирсныг нь олсон ч энэ бүхэн нь урьдчилан зохион байгуулалггай зүйл байгаагүй.

Иргэд цуглаан жагсаж, тэмцсэн үү гэвэл тэмцсэн. Яахав, О.Магнай хамгийн түрүүнд очсон нь үнэн байх. Гэхдээ би тухайн үед олныг турхирахаас илүүтэй цагдаа бол ард түмний хүүхдүүд. Бид ард түмний цагдааг зодох гэж ирээгүй. Шаардлага хүргүүлэх гэж ирсэн шүү" гэж байсныг зурагтаар ард түмэн харсан байлгүй.

-Сүхбаатарын талбайд иргэд өөрсдөө цугласан гэж байна. Гэтэл таныг Сонгинохайрхан дүүргийн "Драгон" төвөөс тэднийг авчирсан гэдэг шүү дээ?

-Тэр үнэн. "Драгон" төвөөс надтай хамт ирсэн хүмүүс байгаа ч, тэд 16.00 цагаас жагсаалаа дуусгаад харьцгаасан шүү. Энд нэг зүйлийг тодруулж хэлье. Жагсах бол гэмт хэрэг биш. Харин сонгууль луйвардах, хүн буудах хоёр гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн луйвар, жагсаал, хүн буудах гурав тус тусдаа асуудал. Үүнээс сонгууль луйвардаж, хүн буудсан нь яах аргагүй гэмт хэргийн үйлдэл.

-Та ер нь энэ хэргээр таныг дахин шалгах вий гэж эмээдэг үү?

-Шалгаж болно. Би ямар УИХ-ын гишүүн хэмээх халдашгүй дархан эрхтэй байгаа биш. Намайг өнөөдөр ч дуудаад мэдүүлэг тодруулга авахад нээлттэй. Надад айж, ичээд байх юм алга. Би луйвартай болсон сонгуулийг эсэргүүцэж жагссан нь гэмт хэрэг гэхгүй юм бол өөр юу байх вэ. Ер нь монголчууд луйвартай сонгуулийн эсрэг жагсаж цуглаж чадсан нь бахархам явдал шүү. Харин цагдаа нар онц байдал зарласны дараа жагсаал цуглаанд оролцоогүй гудамжаар явж байсан иргэдийг буудсан шүүдээ. Буудуулж амиа алдсан хүмүүс нь өдрийн жагсаал цуглаантай ямар ч холбоогүй байдаг.

-Гэхдээ таван хүний амь эрсдэж, олон залуу тахир дутуу болсон?

-Хүний амь эрсэдсэнд үнэхээр их харамсч явдаг. Харин сонгуулийн луйврыг эсэргүүцэж жагссан ард түмнээр бахархах ёстой. Ард түмэн олуулаа нийлж нэгдэн тэмцэж чадсанаараа бахархах ёстой гэдгийг хэлэх байна.

-Өнөөдрийг хүртэл Ч.Амарболд нар галт зэвсэг хэрэглэж хүн буудаагүй гэх юм. Тэгэхээр хэн буудсан болж таарах бол?

-Хэвлэлүүдэд цагдаа буудсныг гэрчилж чадна гэсэн ярилцлага, нийтлэл гарч байна. Түүнийг би биш хохирогчид өөрсдөө ярьсан. Дээрээс нь Улсын Ерөнхий прокурорын газраас цагдаа буудсныг хөтөлбөргүй тогтоосон гэж олон удаа мэдэгдэл хийсэн. Энэ мэдэгдлийг харахад цагдаа буудсан нь гарцаагүй үнэн юм байна хэмээн бодож байна. Угаас онц байдал зарлачихсан Сүхбаатарын талбайг бүхий л талаас нь хамгаалсан цаг үед жирийн иргэн буу халааслаад буудах . боломжгүй. Цагдаагийн дарга нар бид тушаал өгөөгүй хэмээн гүрийж байгаа нь жирийн цагдаагаа сайн дураараа буудсан гэж хэрэгт чихэж байгаа арчаагүй үйлдэл шүүдээ.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Хонгио миний халаасанд байна" гэж мэдэгдэж байсан. Тэр үед галт зэвсэг хэрэглэчихсэн байсан хэрэг үү?

-Буудаад эхэлчихсэн байсан. Би МАН-ын зүүн талд байгаа иргэдийг тайвшруулах гэж оролдсон л доо. Тэгэхэд баруун талд байсан цагдаа нар урагшаа дайраад иргэдийг хөөсөн байдаг. Тэгэхэд л хүмүүс "Цагдаа нар буудаад байна" гээд байсан. Саяхан Ерөнхийлөгч маань ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очирт "Цагдаагийн дарга нарт хууль үйлчлэх ёстой шүү" гэдгийг хатуу санууллаа. Үүнийг хараад Ерөнхийлөгчөөрөө бахархлаа. Сайн байна. Ерөнхийлөгч энэ үйл ажиллагааг дэмжих ёстой. Өнгөрсөн өдрүүдэд Монгол хуульгүй ч юм шиг, төргүй ч юм шиг байлаа. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад тэр нь хэрэгждэггүй. Цагдаа нар нь шүүхийн эсрэг жагсаж цугладаг. Шүүгчийн амь насанд заналхийлж, эрх чөлөөнд нь хүртэл халдсан байна. Энэ бол байж боломгүй зүйл.

-Үймээний гол буруутан нь С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар гэсэн шүүмжлэл их байна. Үүнд та ямар байр суурьтай байна?

-С.Баяраас зайлшгүй асуух ёстой хэд хэдэн асуулт байдаг. Асуултаа танай сониноор дамжуулаад асуучихъя. Нэгдүгээрт, жагсаал цуглаан дууссан 00 цагаас хойш яагаад цуглаанд оролцоогүй иргэдийг буудав. Магадгүй жагсаал ид дундаа байхад буудсан бол өөр асуудал. Хоёрдугаарт, амь үрэгдсэн хүмүүст задлан шинжилгээ хийсэн эмч яагаад Булган аймагт явж байгаад шатаж амиа алдсан бэ. Гуравдугаарт, долдугаар сарын 1-ний хэргийн олон хуудас материалыг уншсан хүний хувьд энэ хэрэгт олон удаа нэр нь дурдагдсан 40 нас хүрээгүй залуу зүрх нь хаагдсан гэдэг оношоор нас барлаа.

Түүний үхэлд тайлбар хийгээч гэж С.Баяраас асуумаар байна. Хариултаа ч түргэн өгөхийг хүсье. Эцсийн дүндээ үймээний хэрэгт хэн хариуцлага хүлээх ёстойг шүүх тоггооно. Улс төрийн хариуцлага, ёс зүйн талаас хариуцлага хүлээх ёстой хүний нэг бол яахын аргагүй Ерөнхий сайд байсан С.Баяр, Онцгой байдлын штабыг удирдаж байсан Ц.Мөнх-Оргил нар юм.

-Ёс зүйн хариуцлагыг жагсаалаа орхиод явсан өөрт чинь үүсгэнэ гэвэл яана. "Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух ю" гээд л?

-"Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ". Яг үнэн. Сонгууль луйвардаагүй бол О.Магнай тэнд юу гэж жагсах вэ. Овоог эхнээс нь харах хэрэгтэй. Зөвхөн О.Магнайг овоо мэтээр, бусдыг нь шаазгай мэтээр харж болохгүй. Сонгууль луйвардсан учраас л асуудал үүссэн. Тэгээд ч би жагсаалыг орхиогүй. Бий болсон үймээнийг намжаахын тулд өөрөөс шалтгаалах бүхнийг хийсэн юм шүү.

Д.Боломаа
Эх сурвалж: "Зууны мэдээ"

1 сэтгэгдэл:

  1. teneg yumnuud songuuli duhuhuur ingej shoyddagaa bolmoor yum chimeegui baij baichihaad songuuli bolohoor sonin sonin yum yariad garch ireh yum suudliin ut baasnuud baasan deer tsuglarch bgaa batgana

    ReplyDelete