..........ч янз бүрээр ойлгож, тайлбарлаж байна. Томоохон хулгайчийг илрүүлэн баривчлахаас авлигын хэргийг илчлэх нь хэд дахин илүү хүнд, адармаатай ажээ. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяртай ярилцсан юм.
-Н.Энхбаярыг баривчлах явцад АТГ-ын ажилтнууд эхлээд буу гаргасан, машиных нь цонхыг хагалсан зэрэг нь хууль бус үйлдэл боллоо гэж өмгөөлөгч О.Баасанхүү тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, танайхны мэдээлэлтэй зөрчилдсөн мэдээлэл олон нийтэд цацагдлаа. Юуны өмнө энэ талаар танаас тодруулмаар байна?
-Манайх хуулийн дагуу шаардлага тавьж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм. Өөрөөр хэлбэл, түүнийг дөнгөж саяхнаас шалгаж эхэлсэн юм биш. Иргэний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, арван удаа мэдэгдэх хуудас өгсөн. Гэвч тэр ирээгүй. Жирийн иргэн хэн ч гэсэн гэмт хэрэгт сэжиглэгдвэл хуулийн байгууллагад очиж тайлбараа өгдөг шүү дээ. Н.Энхбаярт бид ном журмаар нь л хандсан. Харин ч бүр хүндэтгэлтэйгээр харилцахыг хичээсэн. Мэдэгдэх хуудсыг янз бүрийн аргаар, өөрт нь болон гэр бүлийнхэнд нь, өмгөөлөгчид нь ч өгсөн байсан юм. Мөн холбогдох засаг захиргааны байгууллагаар нь хүртэл дамжуулан өгч байлаа. Гэтэл тэр хуулиа хүндэтгэж үзээгүй. Ийм тохиолдолд хуульд зааснаар албадан авчрах шаардлагатай болдог юм. Үүнийхээ дагуу шүүх, прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр ажилласан. Шүүхийн захирамж гарч, цагдаагийн байгууллагад үүрэг өгч, баривчлах ажиллагаа явагдсан. Энэ явцад Н.Энхбаяр даргын хамгаалагч нь буу гаргасан байна лээ. Буу нь хоолойдоо сумтай байсан. Манай албан хаагч ийм тохиолдолд харин аль аль нь буу хэрэглэхгүй шүү гэдэг байдлаар буугаа цагдаад өгсөн. Гэвч Н.Энхбаярын хамгаалагч буугаа далд хийхгүй байхаар нь манай нэг албан хаагч түүнийг саатуулж, бууг аюулгүй болгосон. Энэ бол холбогдох байгууллага нь шалгаж тогтоогоод шийдэх асуудал байх.
-Тэгвэл бас төрийн тусгай хамгаалалтад байсан хүнийг баривчилсан нь буруу гэсэн яриа гарч байна шүү дээ?
-Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг. Үүнийг бид бүгдээрээ мэднэ. Энэхүү бүрэн эрхийнхээ хугацаанд ямар нэгэн гэмт хэрэгт сэжиглэгдвэл холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авдаг. Яагаад гэвэл төрийн ажил тодорхой хэмжээгээр саатах, зогсоход хүрэх учраас. Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүнийг барьж саатуулбал үйл ажиллагаа нь зогсоно биз дээ. Иймээс энэ утгаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгнө үү гэсэн асуудлыг тавьдаг. Н.Энхбаярын хувьд Ерөнхийлөгчийн албан үүргээ 2005-2009 онд хашиж, бүрэн эрхийн хугацаа нь дууссан учраас аль нэг байгууллагаас зөвшөөрөл авах шаардлага байхгүй байлаа.
-Гэвч жирийн иргэн, төрийн хамгаалалттай иргэн хоёрт бас ялгаа байгаад байна?
-Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд заасан байдаг л даа. Н.Энхбаяр бол одоо Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан иргэн хүн. Гэхдээ төрийн гуравдугаар зэргийн хамгаалалтад байгаа. Ийм хамгаалалт авсан нь ямар учиртай вэ гэвэл урьд нь хашиж байсан төрийн өндөр албан үүрэгтэй нь холбогдуулан хэн нэгэн хүн гэмт халдлага хийх вий, амь насыг хохирооох вий гэдэг үүднээс амь биеийг нь хамгаалж байгаа хэрэг болохоос биш, гэмт үйлдэлтэй нь холбогдуулан шалгах ажиллагаанд энэ нь хамаарахгүй. Нэгдүгээр зэргийн хамгаалалт бол Ерөнхийлөгч хэн байхаас үл хамаараад төрийн институцийн аюулгүй байдлын хүрээний асуудалтай шууд хамаардаг онцлогтой. Иймээс халдашгүй байдлын тухай яригддаг юм.
-Хамгаалалт, хангамж гэдгийг ялгаатай авч үзэх хэрэгтэй юм шиг байна. Машин, гэр орон руу нь цагдаа нар дайрсныг хамгаалалтын бүс рүү дур мэдэж, хүч хэрэглэн орсон хууль бус үйлдэл гэж өмгөөлөгч нь хэлээд байгаа. Энэ талаар?
-УИХ-аас Н.Энхбаярт хангамж эдлүүлэх тухай тогтоол гарсан байдаг юм. Энэ тогтоолоор бол хэдэн метр квадрат байр өгөх гэх мэтийг зааж өгсөн. Харин уг тогтоолд ямар нэгэн тусгай хамгаалалтын тухай ойлголт байхгүй. Ийм юм зааж өгөөгүй. Харин төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд бол “…гуравдугаар зэргийн хамгаалалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан иргэн” гэсэн байгаа. Ийм иргэний байр, бие, машин зэрэгт гэмт хэргийн сэдлээр халдвал төрийн тусгай хамгаалалттай объектод халдсан явдал гэж үзнэ. Н.Энхбаярын хувьд хэргийг шалгахад удаа дараа саад учруулж, мөрдөн байцаах ажиллагааг хүндрүүлсэн тул албадлага хэрэглэж цагдан хориход хүргэсэн юм.
-Бас Н.Энхбаярыг сэжигтнээр тооцоогүй нөхцөлд албадан саатуулсан гэж өмгөөлөгч нар нь яриад байна?
-2010 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, сэжигтнээр тооцсон гэсэн үг. Ингээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Цагдан хорих асуудал хуулийн дагуу хийгдсэн. Энэ тухай бид төрийн тусгай хамгаалалтын албанд албан ёсоор мэдэгдсэн байсан. Харамсалтай нь Төрийн тусгай хамгаалалтын газрынхан хуулийг буруу ойлгож, манай үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр саад учирсан. Энэ нь хүндрэлтэй байдал үүсэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл болсон. Өөр нэг зүйлийг та бүхэн анзаарсан байх. Тайваний Ерөнхийлөгч гэмт хэрэгт холбогдож, хууль хяналтынхан түүн дээр яваад очиход Н.Энхбаяр шиг өөдөөс нь эсэргүүцэж, УИХ-ын гишүүдийг дуудаж аваачаад ноцолдох зэрэг үйлдэл гаргаагүй шүү дээ. Н.Энхбаярын гэрт тэр шөнө УИХ-ын дөрвөн гишүүд очиж манай ажилтнуудыг доромжилж, үйл ажиллагаанд нь саад учраалах гэсэн нь хууль зөрчсөн явдал юм. УИХ-ын гишүүн ч бай, ер нь хэн ч байсан хамаагүй хуулиа хүндлэх ёстой. Иймэрхүү зохимжгүй зүйлсийн талаар бид УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандана гэсэн байр суурьтай байгаа. Цаашдаа манай байгууллагын үйл ажиллагааг, ялангуяа улс төрийн байгууллага, албан тушаалтнууд сайтар хангах учиртай юм. Олон нийтэд буруу мэдээлэл цацаад, дээрээс нь ингэж улс төрийн нөлөө үзүүлээд байвал хууль хяналтын байгууллага гэмт этгээдүүдтэй зохих ёсоор тэмцэж чадахгүйд хүрнэ. Улс төрийн өндөр албан тушаалтнууд нь хэн ч надад юм хэлж чадахгүй гэсэн байдлаар асуудалд ханддаг болвол ардчиллын хөгжил, авлигатай тэмцэх үйл хэрэгт аягүй том буруу жишиг тогтоно шүү дээ. Эцсийн гэм бурууг шүүх тогтоодог. Энэ болтол бид хуулийн дагуу ажиллана. Ийм л үүрэгтэй. Бид Н.Энхбаярын нийт долоон тэрбум орчим төгрөгийн хохирол бүхий хэргийг шалгаж байгаа. Төрөөс энэ хүнд тусгай хангамж өгсөөр байтал ийм их хөрөнгө мөнгөний асуудалд орооцолдсон нь тун харамсалтай.
-Японы шашин, буяны байгууллагаас бэлэглэсэн гэх их хэмжээний мөнгөний асуудал нь шалгагдах уу?
-Та манай мөрдөн байцаах ажиллагааны зарим зүйл рүү хальж орох гээд байна. Гэхдээ асуусны чинь хувьд товч хариулт өгье. Н.Энхбаяртай холбоотой тэрхүү Японы буяны байгууллагаас өгсөн гэх 113, 453 ам.долларын асуудал шалгагдаж байгаа. Бид ямар нэг нотлох баримтгүй зүйл дээр ажиллахгүй шүү дээ. Энэ хүн өмгөөлөгчөөрөө дамжуулан эрхээ хамгаалуулах эрхтэй. Өмгөөлөгч нарынх нь хэлж буй тайлбарыг би ойлгож байна. Үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах гэдэг утгаараа янз бүрийн тайлбар хийж болно. Өмгөөлөгчийг буруутгах юм алга. Гэхдээ манай үйл ажиллагаа хуулийн дагуу л явж байна. Харин хүмүүст буруу ташаа мэдээлэл өгч, дээрээс нь улс төрийн намууд, ялангуяа МАХН-ын зүгээс улс төрийн ямар нэг зорилготойгоор элдэв янзын мэдээлэл түгээж байгаа нь харамсалтай. Нөгөө талаар авлигын томоохон хэрэг үйлдсэн этгээд улс төрийн хамгаалалтад орж, хэргээс мултрах гэсэн хандлага газар авах шинжтэй боллоо. Бусад улс оронд иймэрхүү зүйл болж байгаагүй юм.
-Манай улсад улс төрийн авлигын индекс өсөх хандлагатай байна. Авлигатай тэмцэгчид акулуудыг нь баривчилж чадахгүй, жижигхэн жараахай л хөөгөөд байдаг гэсэн шүүмж олон нийтийн дунд түгээмэл болсон. Тэгвэл Н.Энхбаярыг баривчилсан нь АТГ-аас авлигын акулууд руу довтолж эхэлсний нэг томоохон жишээ боллоо гэж ойлгож болох уу?
-Олон нийтийн дунд л акул, жараахай гэж ярих байх. Манай байгууллагын хувьд тийм ойлголтоор ярьж болохгүй. Авлигын хэрэг гэдэг чинь албан тушаалын хэрэг. Эрх мэдэлтэй, нөлөөтэй хүмүүс ийм төрлийн гэмт хэрэг хийдэг. Тэд өөрийн гэсэн санхүүгийн бүлэглэл зэрэг юм, юмтай хүн байдаг. Жирийн нэг хулгайчийг барих бол өөр хэрэг. Энэ бол илүү амар хялбар ажил биз. Харин төрийн өндөр албан тушаал, эрх мэдлээрээ дамжуулан авлигын хэрэг үйлдсэн хүмүүстэй тэмцэнэ гэдэг бол нарийн, адармаатай, элдэв бэрхшээл дагуулсан ажил юм. Н.Энхбаярыг баривчилсан нь үүний л нэг хэлбэр гэж ойлгох хэрэгтэй байх. Ардаа томоохон мэдээллийн хэрэгсэлтэй, мөнгөтэй, улс төрийн хүчнүүдтэй, эрх мэдэл бүхий хүмүүс л олон нийтийг төөрөгдөл рүү түлхээд байдаг. Ийм хүмүүс хууль хяналтын байгууллагад янз бүрийн замаар нөлөөлөөд байвал дараа дараагийн төрд ажиллах шинэ үеийн хүмүүст буруу жишиг л тогтоно. Авлигын хэрэг чинь шийдэгддэггүй шүү дээ, хэвлэл мэдээллээр ингэж шуугиулаад байвал яаж ч чадахгүй гэсэн байдал нийгэмд хэвших вий гэдэгт их санаа зовж байна. Тиймээс Монголд шударга ёс тогтох юм уу, үгүй юү гэдэгт энэ хэрэг их том сургамж болох болов уу. Манай байгууллага хуульд заасны дагуу, нотлох баримтад тулгуурлаж ажилладаг гэдгийг дахин хэлмээр байгаа юм. Эцсийн үнэнийг шүүх тогтоох учраас хүмүүс энэ талаас нь л хараасай гэж хүсч байна.
-О.Чулуунбат, Л.Гүндалай, Д.Дондог гишүүн зэрэг олон улс төрчийн хэрэг замхарч эхэлснээс болоод танай байгууллагад иргэд маань таагүй сэтгэгдэлтэй байдаг болов уу. Ер нь сүүлийн үед хуульд өөрчлөлт оруулах замаар гэмт этгээдийг хаацайлж авч үлдээд байх шиг байна. Улс төрийн авлигын бас нэг аймаар юм нь энэ бололтой, тийм үү. Та юу гэж бодож байна?
-Албан тушаалын хэрэг гэдэг чинь их хэцүү шүү дээ, хуулийг өөрт ашигтайгаар тайлбарлахаас эхлээд. Өөрийгөө дэмжсэн хуулийн бүлэглэл зэрэг маш олон юмтай байдаг л даа, тэр хүмүүс чинь. Энэ тухай дээр хэлсэн. Өмнөх асуудлууд ч энэ бүхэнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Ер нь Монголд УИХ-ын гишүүн болдог ч юм уу, Ерөнхийлөгч боллоо гээд өөрийнхөө буруутай үйл ажиллагааг халхлах, хаах гэсэн явдал газар авах шинжтэй болжээ. Ийм үзэгдэл цаашдаа байж болохгүй. Бусад улс оронд албан тушаалын хэрэгтэй тэмцэж буй байгууллагад хөндлөнгөөс нөлөөлөх гэвэл тухайн сайд, дарга, хэн ч байсан шууд огцордог. Өнгөн дээрээ авлигатай тэмцэх ажил яваад байгаа мэт боловч, бодит байдал дээр ихэнхдээ эсэргүүцсэн, хаацайлсан, үгүйсгэсэн юм болдог боллоо. Түрүүнд таны хэлсэн шиг зарим нь АТГ бол том авлигачдыг баривчлах ёстой гэдэг атлаа Н.Энхбаярынх шиг яг тодорхой үйл ажиллагаа хийгээд эхлэхээр иймэрхүү байдлаар асуудлыг саармагжуулах гээд элдэв юм яриад байж болохгүй л дээ. Ний нуугүй ярихад, өмнө нь ч иймэрхүү хандлагатай явсаар өдий хүрлээ. Өмнөд Солонгосын хоёр Ерөнхийлөгчийг хэрхэн баривчилсан талаар хүмүүс сонссон байх. Нэг нь ял сонссон, нөгөөдөх нь хуулийн байгууллага шалгаад эхлэхээр амиа хорлосон. Солонгосын хуулийн байгууллагууд авлигын эсрэг маш хүчтэй тэмцдэг. Бид ч одооноос тууштай тэмцэхгүй бол хойч ирээдүй маань улам л бүрхэг болно.
Ярилцсан Б.Отгонбаяр

0 сэтгэгдэл:
Post a Comment