....... Хөрөнгөө “танилцуулсан” нийт 5000 гаруй хүнээс хамгийн их хөрөнгөтэй буюу баян эрхмүүдийг бид нэрлэж байна. Төрийн албан дахь толгой баячууд 100 хувь УИХ, Засгийн газарт алба хааж байгааг энд онцолъё. Зөвхөн АТГ-т сайн дураараа мэдэгдсэн компани, хувьцаа, газар, барилга байгууламж, хадгаламж, төмөр хүлгийнх нь үнэлгээгээр хөрөнгийг нь жагсаасныг бас дурдах нь зөв байх. Төр дэх баячуудыг “Монгол шуудан”-гийн хэмээх УИХ-ын гишүүн Д.Зоригт тэргүүлэв. Түүний хөрөнгө 34 тэрбумаар үнэлэгддэг ажээ. Тэр өнөөдрийн Монголын төрийн албан хаагчдын тэргүүн баян болохыг АТГ-аас гаргасан мэдүүлэг тодруулжээ. Удаахь байрт Ерөнхий сайд С.Батболд оров.
Ерөнхий сайд 21.9 тэрбумын хө-рөнгөтэй юм байна. Гуравдугаарт, тун саяхан БСШУ-ы дэд сайдын суудалд очсон, ингэхдээ мөнгөөр энэ суудлаа худалдаж авсан гэх ярианд өртөөд амжсан “Бишрэлт”-ийн Б.Ундармаа жагслаа. Б.Ундармаа сайдын хөрөнгө 17.6 тэрбумаар үнэлэгддэг байна. Тэдний араас УИХ-ын гишүүн, “Женко” Х.Баттулга /14.6 тэрбум/, УИХ-ын гишүүн, Кёкүшюзан Д.Батбаяр /9.7 тэрбум/, БХ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Лу.Болд /8.2 тэрбум/, УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу /7.8 тэрбум/, ЭБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжав /6.7 тэрбум/, УИХ-ын дэд дарга Г.Батхүү /5.4 тэрбум/, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр /4.9 тэрбум/ нар эхний 10 байрыг эзэлсэн байна.
Мөн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг /3.7 тэрбум/, Д.Дамба-Очир /3.4 тэрбум/, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг /2.2 тэрбум/ нар баячуудын жагсаалтыг үргэлжлүүлж буй. Харин хөрөнгөөрөө эртнээс зартай, “Спейшл корпораци”, “Спейшл интернэшнл” компаниудад хувь эзэмшдэг УИХ-ын гишүүн Батж. Батбаяр, “Монгол түлхүүр”, “Жаргалан сервис”, “Эм Си Ди Си”, “Эм Ай Си Пи” ХХК-уудын хувь эзэмшигч “Фортуна” Н.Бат¬баяр, “Ньюпрогресс групп”, “Бизнес девелопмент групп”, “Футур техно” компаниудын эзэн С.Бямбацогт, “Өлзийт төв”, “М Си Эс Монголиа лимитед”, “Тандерболт” компанид хувьцаа эзэмшигч Ц.Мөнх-Оргил нар компаниуд, хувьцааныхаа үнэлгээг мэдүүлэгтээ дурьдаагүй байна.

Дээрх эрхмүүдийн жилийн орлогыг мөнгөн дүнгээр гаргавал чамгүй их тоо гарцгааж байна. Харин хөрөнгөөрөө тэргүүлээгүй ч өнгөрсөн жилд “ТОП-10”-аас ч ихийг олсон УИХ, Засгийн газрын гишүүд байна.
Тэднийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тэргүүлж байна. Яагаав, “Хурд”-ын гэхээр уншигч та мэднэ байх. Анх “УАЗ” машин оруулж ирдэг байсан. Одоо барилгын бизнесээр дагнаад байгаа. Б.Чойжилсүрэн 2011 онд 6.019 тэрбумыг, гэр бүл нь 7.5 сая төгрөг олжээ.
Уг нь тэр Ерөнхий¬лөгчийн Тамгын газарт ажиллаж байсан 2008 онд 277.2 сая, гэр бүлийнхэн нь 120 мянган төгрөг олж байж. Гайхалтай өссөн байна, Б.Чойжилсүрэн гишүүний орлого. Түүнч¬лэн УИХ-ын гишүүн Д.Арвин 344.2 сая /гурван жилийн өмнө 3.9 сая байсан/, С.Баяр 125.2 сая /гурван жилийн өмнө 5.4 сая байсан/, Л.Гансүх 292 сая /гурван жилийн өмнө 52 сая байсан/ төгрөгийн орлоготой байсан байна.

Энэ удаагийн хөрөнгө, орлогын мэдүүл¬гээс харахад, УИХ, Засгийн газрын гишүүдийн дийлэнх нь энд тэнд тавьсан өр, зээлээ дарж дуусгажээ. Гэхдээ хэд хэдэн гишүүн өртэйгөө сонгуулийн жилтэй золгосон аж.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг “Худалдаа хөгжлийн банк”-д нэг тэрбум, Р.Амаржаргал “Улаанбаатар банк”-д 468 сая, Х.Бадамсүрэн ХААН банкинд 300 сая, Батж.Батбаяр “Голомт” банкинд 300 сая, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт “Хас” банкинд 4.2 сая, Кёкүшюзан Д.Батбаяр иргэн Б.Цэрэндорж болон “Их хатан учрал” компанид 3.5 тэрбум, Д.Лүндээжанцан иргэн Б.Тогоод 100 сая, УИХ-ын дэд дарга Н.Энхболд “Ньюком” ХХК-д 109.9 сая, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар “Голомт” банк болон иргэн Ш.Энхбаяр, Ц.Батбилэг нарт 614.3 сая, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг “Хас” банк, “Кидан” ХЗХ-нд 217.5 сая төгрөгийн өртэй байна. Хэрэв энэ өрнүүд хугацаа хэтэр¬сэн, эсхүл ямар нэг шүүхийн тогтоолоор албадан гаргуулахаар болсон бол дээрх гүшүүд, сайд нар УИХ-д нэр дэвших эрхээ хасуулахаар хуульд заасан ажээ.

Сонгуулийн жил дөхсөн болоод ч тэр үү, гишүүд бэлэгнийхээ тухай огт тайлагнаагүй байна. Сонгуулийн шинэ хуулиар бэлэг сэлт энэ тэрийг хориглосон учир дэмий гэж үзсэн бололтой.
Уг нь очсон газар бүрээсээ хурдны адуу, мөнгөн аяганаас эхлээд юм юмыг цуглуулж явдаг энэ эрхмүүд 2011 онд бэлэг бараг аваагүй гэж мэдүүлжээ.
УИХ-ын гишүүн Р.Будад нутгийнхан нь гурван тооны адуу, Б.Чойжилсүрэнд Увсынхан 500 мянган төгрөгийн үнэтэй гурван мөнгөн аяга, БСШУ-ы сайд Ё.Отгонбаярт хэн ч юм 10 мөнгөн аяга бэлэглэсэн аж.
Өөр нэг ч эрхэм хэнээс ч, ямар ч бэлэг аваагүй гэнэ. Үнэн л байгаа даа. Эсхүл сонгогчид, нутгийнхан нь тэдний алгыг дээш харуулахаа больсон хэрэг үү. Уг нь одоо цаг сайхан болсон. Дээхнэ үе шиг өмдний тэлээ авлаа гээд шоронд суулгахаа больчихсон. Бэлэгнээс дааж давшгүй их татвар авдаггүй. Тийм болохоор шинээр гарсан гайтай хуу¬лиас л болж буй бололтой.
Б.ОНОН Зууны мэдээ
0 сэтгэгдэл:
Post a Comment