2012/04/06

Чернобыльд ажилласан дөрвөн монголыг ЯАГААД нууцалдаг вэ?


Дэлхийд хэзээ ч арилшгүй гурван том сорви үлдсэн. Энэ бол цөмийн сорви. Дөрөв дэх, тав дахь нь............
....... биднийг заналхийлсээр байгаа…
Арван жилийн дунд сургуульд физик, химийн хичээлээс цөмийн урвалын тухай сонссон төдий, тэр хичээлүүддээ муу дундхан хольж авдаг байсан намайг цөмийн энергийн тухай бичнэ гэхээр таньдаг нэг нь гайхаж байгаа байх. Гэхдээ би атом цөм гэдгийг залуугаасаа сонирхож, бас багагүй материал түүж хадгалсан байх юм. Түүндээ тулгуурлан энэ сэдвийг тэрлэж байна. Дэлхийд хэзээ ч арилшгүй сорви үлдээсэн, цөмийн анхны сүйрэл 1945 оны наймдугаар сарын 5-нд болсон. АНУ-ын агаарын хүчнийхэн Японы Нагасаки, Хирошима хотууд дээр атомын бөмбөг хаяж хоёр хотыг үнсэн товрог болгоход 120 мянган хүн тэр дороо хайлж үгүй болсон. Гудамжинд үхсэн хүнийг очоод өргөхөд зүгээр л үнс шиг үйрч ойчиж байсан гэдэг. Анхны энэ цохилтоос хойш олон сая хүн үхэж үрэгдэн, эрэмдэг зэрэмдэг болсон. Тэр аймшигт сүйрлийн үеэр би сургуульд орж байж. “Муусайн Америкийн империалистуудыг” гэж дэлхий нийтээрээ, тэр дунд монголчууд дургүйцэж байсан боловч хүчтэний дэргэд хүчгүй нь яалтай билээ. Тэгээд л өнгөрсөн дөө. Энэ нь АНУ цөмийн зэвсэг гаргаж аваад, хүн төрөлхтнийг хашрааж, сүрдүүлж, дэлхийд харгис цагдаагийн үүрэг гүйцэтгэх эхэллээ тавьж байсан үе. Энэ аймшигт сүйрлийн ул мөр одоо ч арилаагүй, хойшид ч арилахгүй нь мэдээж. Дэлхийд хэзээ ч арилшгүй сорви үлдээсэн цөмийн хоёр дахь сүйрэл нь Украины Чернобылийнх. Олон зуу, мянган хүнийг үхэлд хүргэж, эрэмдэг зэрэмдэг болгосон Чернобылийн атомын цахилгаан станцын сүйрлийг “Осол” “Туршлагагүй” “Гадны нөлөө байж магадгүй” гэж олон янзаар бичиж, нууцалсаар өнгөрөөсөн. Гол нь энэ сүйрлийг маш их нууцалж, хор хохирлыг нь үнэн зөвөөр мэдээлж байгаагүй. Түүнээс хойш хэдэн арван жил өнгөрсөн боловч цацрагийн хор хөнөөл арилаагүй л байгаа. Тэр байтугай Чернобылийн сүйрлийн үед Монголоос очиж үүрэг гүйцэтгэж байсан дөрвөн хүнийг одоо хүртэл нууцалдаг. Би сурвалжлагч хүний хувьд энэ тухай эрэн сурвалжилж их явсан даа. Байнга л хаалттай хаалга мөргөдөг байсан. Чернобылд ажилласан дөрвөн монголын хоёр нь нас барчихсан, нэг нь бүр сураг тасарсан, дөрөв дэх хүнийг нь би олсоон. Баяр гэж хүн байгаа. Тэр хүнтэй уулзъя, ярилцлага авъя гэж цөхрөлөө бараад орхисон. Дээрээсээ хатуу хяналтанд байдаг юм болов уу гэж бодоод орхихоос өөр арга байгаагүй. Чернобылийн талаар нэгэн буянтай үйлс болсныг санаж байна. Ахмад эмч “Түргэний” хэмээн олноо танил болсон Батчулуун хэдэн жилийн өмнө “Найрамдал” зуслангийн дарга байхдаа зуны дэлгэр цагт гадаад орнуудаас хүүхдүүдийг урьж авчран амруулж сувилдаг байсан. Нэг жил Чернобылийн цацрагийн хордлоготой хүүхдүүд авчирч сувилан, цагаан гүүний саамаар эмчилж байж билээ. Тэгэхэд л би Чернобылийн багш, сурагчидтай уулзаж ярилцаж  байсан. Монголын байгаль, агаар ус, хоол ундыг хачин магтаж байлаа. Тэр зун Чернобылийн хүүхдүүд олон оронд амарсан юм билээ. Тэр дундаас Монголд амарч сувилуулсан хүүхдүүдийн хордлого бараг тайлагдсан гэсэн. Түүнийг цагаан гүүний саам уулгаснаар тайлбарлаж байсныг санаж байна. Дэлхийд хэзээ ч арилшгүй сорви үлдээсэн, цөмийн гурав дахь сүйрэл нь Фукушима Атомын цахилгаан станцынх. Энэ сүйрэл нь, хүн төрөлхтөн хичнээн хөгжлөө ч байгалийн гамшгийн өмнө “гар өргөх” л юм байна гэдгийг харуулсан. Тийм хүчтэй газар хөдлөлт, цунами давхцаж, мөн ч олон хүний амийг авч одсон доо. 16 мянган хүн нас барсан гэдэг албан ёсны тоо бий. Би бол энэ тоог хэд дахин өсгөж боддог хүн. Юутай ч, хэзээ ч нөхөгдөхгүй сорви дэлхийд үлдээсэн. Мянга мянган хүний алтан аминаас гадна хүн төрөлхтөн олон зууны турш бүтээсэн ямар гайхамшиг сүйрсэн гээ. Харамсаж барамгүй хохирол учирсан. Хүчирхэг Япон тулдаа л дор нь сэргээж байх шив. Энд нэг сонин зүйл ажиглагдсан. Японд олон монголчууд бий. Айл гэр болоод суучихсан, суралцдаг, түр орогнож байдаг гэхчлэн олон мянган монгол хүн тэнд амь зууж байсан, одоо ч байгаа. Цунами, цөмийн сүйрэл болохтой зэрэг Монгол Улсын Засгийн газар онгоц явуулаад хэсэг хүнээ аваад ирсэн. Эхний хэдэн онгоцонд Элчин сайдын яамныхны гэр бүл үр хүүхэд, ер нь сайд дарга нарын хүүхдүүд, хамаатан садан, танил талынхан ирчихсэн. Жирийн хүмүүсийг унаагүй үлдээсэн. Тэртээ хойно хэсэг монголчууд “Нутаг явах гэсэн чинь унаагүй, энэ хордлогон дунд амьдарч байна” гээд бууз хийчихсэн сууцгааж байгаа нь телевизээр гарна билээ. Ийм алагчлал болоод нууцгайхан өнгөрсөн. Одоо монголчууд Японд яажшуухан амьдарч байдаг юм бол доо, элчин солигдоод л сураг тасарсан. Фукушимагийн цөмийн хордлого хүчтэй үргэлжилж байгаа, тэндэхийн загас жараахай, ногоо жимснээс эхлээд олон зүйлд хориг тавьсан байсан. Хэдий хүртэл энэ аймшигт хордлого үргэлжлэхийг хэн ч тааж хэлэхийн аргагүй байгаа. Цөмийн энэ гурван том сүйрэл, хүн төрөлхтөнд бас гурван зүйлийг хэзээ ч мартагдашгүйгээр сануулсан.
НЭГ ДЭХ НЬ: “Чонотой газар буутай бай!” гэж сануулсан. Цөмийн зэвсэгтэй зэрлэг улсын эсрэг, улс гүрнүүд цөмийн зэвсэгтэй байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгуулсан. Тэгээд хүчирхэг том гүрнүүд цөмийн зэвсэг, түүнийгээ зөөх хол ойрын тусгалтай пуужин үйлдвэрлэх гэж уралдсан. Арваад улс орон цөмийн зэвсэгтэй болж одоо ч улсууд энэ зүгт анхаарлаа хандуулсаар.
ХОЁР ДАХЬ НЬ: “Долоо хэмжиж нэг огтол!” гэж сануулсан. Цөмийн энергийг энх тайвны зорилгод ашиглаж болох боловч аймшигт үр дагаврыг нь тооцоолохгүйгээр АЦС, бусад обьектуудыг битгий босгоод бай гэж сануулсан.
ГУРАВ ДАХЬ НЬ: “Муу хүний гарт хүчирхэг зэвсэг бүү атгуул!” гэж сануулсан. Ирээдүйд цөмийн энерги бүхнийг шийдвэрлэнэ. Тэр үед муу хүний гарт цөмийн товчлуур орвол дэлхийг сүйрүүлэх болно. Тийм нүгэлт “хар гар”-аас хол байлга гэж анхааруулж билээ. Энэ гурван сургамжийн ач холбогдол жил хоног улирах тутам мэдрэгдсээр байгаа. Сүүлийн үед цөмийн энерги гэдэг зүйл хүн төрөлхтний анхаарлын төвд байж, энэ талаар их бичих, ярих боллоо. Монгол ч үүнээс хоцорсонгүй. Уран, АЦС, цөмийн хаягдал, цөмийн туршилт, шинэ төрлийн зэвеэг… Юутай ч өнөөдрийн байдлаар 126500 ширхэг цөмийн зэвсгийг үйлдвэрлэж болох 1600 тн баяжуулсан уран, 500 тн плутони гэх зүйлийг энэ бяцхан гариг маань ачиж яваа юм байна. Энэ аюулт ачаа, манай дэлхий шиг 200 дэлхийг хумхийн тоос болгож чадна гэнэ. Бүх улс үндэстэн ураны эрэлд гараад зарим нь одоо нөөцөө дуусчихсан “ямар ч үнээр хамаагүй” уран авч баяжуулна гэж байгаа сураг ч сонсогдоно. Энэ их цөмийн зэвсгээс “шаар” гэж цацраг идэвхт бодис агуулсан их хэмжээний хог хаягдал гардаг юм байна. Энэ том гүрнүүд энэхүү “цөмийн шаар”-аа далай тэнгисийн ус, эзэнгүй газар нутаг, ядуу буурай улсын нутагт нууцаар булшилсаар өнөөг хүрч ирсэн. Энэ “хорт хаягдлаар” бузарлагдсан газар хаана ч байж мэдэх юм.
Би өөрийнхөө мэдэх, сонссон хоёр зүйлийг энд бичиж олон нийтэд санаа авахуулъя гэсэн юм. Нэг дэх нь Мардай. Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос холгүйхэн орших ураны уурхай. 1950-иад оны үеэс оросууд тэр нутагт ямар нэг зүйл эрээд байсан. 1953 оны зун Оросын хэдэн дарга нар машинтай давхиж ирээд Сайншандын дунд сургуулийн ахлах ангийн хэсэг сурагчдыг ачиж аваад Дорнод аймгийн Гурванзагал сум хүртэл уртын аялалд гарч билээ. Энэ дунд, сүүлд Монгол Улсын Ерөнхий сайд болсон Ш.Гунгаадорж бид хоёр ачигдаж явсан. Тэр хавьд оросууд баахан газар өрөмдөж бид туслах ажилчнаар хоёр сар яваад л буцаж ирсэн. Тухайн үедээ оросууд юу эрээд байсныг мэдээгүй боловч сүүлд бодохноо уран л эрээд байсан юм шиг билээ. Хэдэн жилийн дараа Мардайг нээж давхар хамгаалалттай “хаалттай бүс” тэнд бий болж билээ. Мардайн бэсрэг хотхон бий болсон. Цэрэг хоригдол нь үл мэдэгдэх асар их хүчээр Мардайг ухаж ураныг нь өдөр шөнөгүй хойшоо зөөж байлаа. Би тэнд очиж үзсээн. Мардайн ураны уурхай руугаа бол “улаан хөлтэй юм” алхуулахгүй. Чойбалсан хотын нэлээд том албаны хүнтэй очсон тулдаа хотхонд нь таньдаг айлд орж орос дэлгүүрээр нь хальт шүргээд л буцаж байсансан. Нам төрийн удирдагчид л түүгээр явбал ордог байсан байж магадгүй. 1990-ээд оны үед оросууд буцахад тэд Мардайг тэр чигт нь хаячихаад яваад өгсөн. Хэний зөвшөөрлөөр, хэдий хэмжээний уран хойш нь гаргасан, одоо үлдсэн үү, үгуй юу, түүний оронд монголчууд юу авч байсан юм, ураны уурхайгаа битүүмжилж хоргүй болгож чадсан уу, үгүй юу, Мардайн уурхайн тэр их үл хөдлөх хөрөнгө сүүлд хэний гараар үрэгдэж алга болсон бэ? гэх зэрэг асуудал оньсого болж үлдсэн. Дорнодынхны ам дамжсан яриагаар бол үлгэр домог шиг юм ярьдаг. Мардайд хүмүүсийн булш ч байж магадгүй гэх. “Тэнд хүнд хэрэгтэн, хоригдлууд ажилладаг байсан. Бөөн бөөнөөрөө үхдэг. Тэнд булшилсан байх магадлал өндөр” гэцгээх юм билээ. Юутай ч “Хоригдол орос оргосон. Бичигтэй гарыг нь аваад ирвэл хүн алсанд тооцохгүй” гэсэн зар Чойбалсан хотоор явдаг байсныг нь мэдэх юм. Мардай бол Монголын түүхийн нэг өвөрмөц “оршуулга” яалт ч үгүй мөн. Одоо Мардайн тухай ид яригдаж байгаа энэ үед надад нэгэн хатуу бодол бий. Монгол эрдэмтэд Мардайн ураны нөөцийг судалсан байж таарна. Түүнээс хэдий хэмжээтэй ураныг хойш нь гаргаад одоо хэдий нөөц байгааг нарийн тогтоосны эцэст хувь заяаг нь шийдээсэй гэж боддог юм. Зүгээр л нүх орхичихсон байгаа юу? Нөгөө нэг гол асуудал Дорнод Мардай хавиас цацрагийн өвчин, хорт хавдар илүүтэй оношлогдож байгаа гэсэн яриа бий. Засгийн газрын “төлөөлөгч” биш, мэргэжлийн томоохон шинжилгээний баг очуулж тэр нутаг усыг шинжилж судлах юмсан.
Миний нөгөө нэг бодол бол цөмийн шаарыг Монголд булшилсан байж магадгүй гэсэн хардлага. 1990-ээд оны дундуур оросууд Монголын говьд цөмийн шаар булшилсан гэх яриа дэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугисан. Тэгтэл УИХ-ын гишүүн асан Б.Чадраа нэг том дуугараад л дарж авна билээ. Би бодохдоо Оросын цөмийн шаар Монголын энэ уудам нутагт булшлагдсан байж магадгүй гэж мунхагладаг хүн. Яагаад гэвэл Монголын газар нутгийг оросууд олон арван жил ямар ч хяналтгүй эзэгнэж байлаа. Тэгэхдээ юу хийж байсныг хэн яаж мэдэх юм бэ? Би хардлагын бас л нэг жишээ авъя. Миний найз багш яруу найрагч Г гэж байгаад хэдэн жилийн өмнө таалал төгссөн. Тэр гэнэт албан ажлаасаа татгалзаад Оросын авто баазад том тэрэг барих болж билээ. Багш, захирлын цалингаас 2-3 дахин их цалинтай ажилд очиж байгаа нь тэр. Түүний машинд Улаанбаатараас битүүмжилсэн ачаа ачаад явуулдаг. Замдаа түүний боолт хүлгийгч тайлах ёсгүй ачаа зөөдөг байж гэнэ. Баруун аймгийн нэгэн зэлүүд ууланд ачаагаа аваачдаг, тэр уул хэдэн давхар тороор хүрээлэгдсэн юм гэсэн. Торон хашааны үүдэнд ердөө л ганц манааны байртай. Тэнд ачаагаа хүргээд өгөхөөр тэргийг нь орос офицер бариад дотогшоо орж уул нүхэлсэн харанхуй ам руу орчихдог байсан гэсэн. Манааны байранд хоол цай идэж уун амарч байтал хоосон машиныг нь авчирч өгдөг, буцаад явдаг, ердөө л ийм маршруттай байсан гэж Г ярьдаг байж билээ. Ганц энэ биш л дээ, ийм хаалттай бүс Монголд олон байсан. Юугаа хийж булшилж байсныг бид яахин мэдэх билээ. Тэр дээд суудлын эрхмүүд ч мэдэж байсан юм уу, үгүй юу бүү мэд. Оросуудад газар нутгаа ийнхүү хяналтгүй эзэмшүүлээд Монголын байгаль орчин бараг л ухаж сэндийлсэн нүх болоод хоцорсон хэрнээ Монголын Засгийн газар банкуудаа хоослон “их өр” төлж байдаг сонин л юм.
Би бас нэг мунхаг бодолтой явдаг хүн. Монголд судлагдсан, судлагдаагүй уран их бий. Өвөг дээдэс минь хамгийн их нууцалж, хормой хотоороо бүтээж бидэнд хүргэж ирсэн зүйл бол яах аргагүй уран. За яахав дээ, нүүрс нефть, алт зэсээ арилжиж хэдэн ногоон унагаах нь буруу биш байх. Даанч харамсалтай нь, баганхан нь улсын халаасанд, ихэнх нь цөөн хэдэн эрх баригчдын түрийвчинд ороод байгаад л харамсаж явдаг хүн. Уранаа бол тиймгүй шүү. Энэ хэдэн сайд дарга нар Мардайгаас эхлээд л “хүний нохойд зуулгаж” амрах гэж загатнаад байх шиг байна. Дэлхийд ховордож байгаа, хэрэгцээ нь ирээдүйд улам өсөх хандлагатай ураныхаа ордыг, үхсэн ч элгэндээ тэвэрч үхмээр санагддаг. Гэтэл цөөн хэдэн хүн уранаа наймаалж халаасандаа хэдэн ногоон унагахаар, хойшоо урагшаа гүйлдээд байгаа сураг байна. Тэгэхгүй шүү. Газрын хэвлийдээ байж л байг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань дэлхийн монголчуудаа анх удаа урин дуудлаа. Эх нутгаасаа хол яваа олон сая монгол цустнууд энэ уриалгыг халуун дотно хүлээж авлаа. Харь нутагт, харь хэлтэнд боолчлогдож байгаа монгол удам угсаатнууд ч сэргээд ирлээ. Ингээд бодохоор хэзээ нэг цагт Чингэсийн эзэнт гүрэн дахин сэргэж, хүчирхэг улсаа байгуулаасай гэж мунгинан бодох юм. Тэр цагт л уран аминд орно доо.
Г.ЖАМЬЯН(МУСГЗ)

0 сэтгэгдэл:

Post a Comment