2013/01/02

Буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийг хязгаарлах уу

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урдчилан сэргийлэх зорилгоор НИТХ-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хэд хэдэн ажлыг зохион байгуулсан. Тухайлбал автомашиныг улсын дугаараар нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулж, зөвхөн нийтийн тээврийг таван шараас офицеруудын ордон хүртэл зорчих хэсгийн I эгнээр явуулах болсон нь замын хөдөлгөөний ачааллыг 20 хүртлэх хувиар бууруулсан.

Гэхдээ эдгээр ажлуудыг хийж хэрэгжүүлэхийн өмнө  нийслэлийн удирдлагууд иргэдээсээ асууж, санал бодлыг тусгасан билээ. Мөн замын хөдөлгөөний ачааллыг  буруулах зорилгоор хийгдэж байгаа цогц арга хэмжээг үргэжлүүлэх тухай санал асуулгыг олон нийтийн дунд явуулахад  санал асуулгат оролцсон 100 мянган хүний 80 хувь нь дэмжиснээр  авто машиныг улсын дугаараар нь хязгааралан замын хөдөлгөөнд оролцуулдаг журам үргэлжилсээр байгаа билээ.

Үүнээс гадна буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийг ням гаригийн 08-22 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтыг шинээр хийх талаар олон нийтээс санал асуулга явуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан санал асуулга явуулахаар болсон байна. Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт автомашины 49 хувь нь буруу талдаа хүрдтэй байна гэсэн судалгаа байдаг бөгөөд  буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нь жолооч нарт болон замын хөдөлгөөнд оролцож байгаа бусад оролцогч нарт хүндрэл учруулдаг гэж Замын цагдаагийн газраас мэдээлж байгаа юм.  Баруун гарын дүрэмтэй ма­най улсын хувьд гүйцэж түрүүлэх, тойрон гарах үед үзэгдэх орчин ихээхэн хязгаарлагддаг ба энэ нь зам тээврийн осол гарах бас нэгэн  шалтгаан болдог байна. Тиймээс цаашид буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийг хилээр оруулахгүй байх талаар УИХ болон Засгийн газрын хүрээнд бодлогын чанартай хэд хэдэн баримт бичиг боловсруулсан байна. Тиймээс өнөөдөр 12.00  цагаас эхлэн  Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөс мобикомын хэрэглэгчдийн дунд санамсаргүй  сонгогдсон 100 мянган хүнд мессеж илгээж энэ талаарх саналыг авах юм байна.

Мөн нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийн 1200 утсаар болон, ub1200.mn цахим хуудас, нийслэлийн албан ёсны facebook, твиттерт нэгдэж саналаа илэрхийлж болох юм.  Зөвхөн иргэдийн саналыг үндэслэн хотын удирдлагууд аливаа шийдвэрийг гаргах юм байна.

Д.Цэцэг

0 сэтгэгдэл:

Post a Comment